Газар хөдлөлтийн эрсдэл ба барилгын чанар аюулгүй байдлын талаар Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн өнөөдөр мэдээлэл хийлээ.
Турк улсад болсон газар хөдлөлт маш том дохио, анхааруулга, сургамжийг бидэнд өгсөн. Монголын нутаг дэвсгэрийн 75 орчим хувь нь 7 баллын газар хөдлөлтөд хамрагдаж байгаа.Сүүлийн үед Улаанбаатар болон Өмнөговь, Хөвсгөл аймгийн нутгаар газар хөдлөлт эрчимжиж байна. Тухайлбал, Улаанбаатар орчимд
- 2022 онд 1,047 удаа
- 2023 оны эхний улиралд 681 удаа газар хөдлөлт тус тус мэдрэгдсэнийг мэдээллийн эхэнд тэрбээр ярив.
Үргэлжлүүлэн "Улаанбаатар хотод 2002 оноос өмнө баригдсан 944 хуучин барилгын чанарт судалгаа хийхэд 543 барилга нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэж дүн мэдээ гарлаа. Энэ дотор сургууль, цэцэрлэг болон айл өрхүүдийн байр, орон сууц ч багтана. Мөн хотын төвд байгаа шар байшингууд оржээ.
Тэгвэл газар хөдлөлтөд тэсвэргүй эдгээр барилга, байшинг яах вэ гэдэг асуудал бий. Энэхүү байшин, барилгуудыг дахин төлөвлөлтөд оруулах ёстой. Заримд нь бэхэлгээ хийх шаардлагатай байна.
Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтарч, зарим байгууллагаар барилгын чанарын судалгаа хийлгэж байгаа. Энэ хүрээнд давхар барилгын норм нормативыг өөрчлөх ажлуудыг хийж байна.
Ялангуяа арматур нь барилгын үндсэн хийцэд ордог чухал материал. Иймээс арматур импортолж байгаа 15 ААН, байгууллагад хяналт шалгалтын ажлыг зохион байгуулсан. Чанарын шаардлага хангасан арматур оруулж ирж байгаа эсэхийг нь шалгасан гэсэн үг.
Шалгалтаар импортлогч хоёр ААН, дотоодын үйлдвэрлэл эрхэлж буй гурван ААН-д тонн тутам 80 килограмм дутсан зөрчил илэрлээ" гэв.
"Чанарын шаардлага хангаагүй 360 тонн арматурыг лацадсан"
Мөн "Чанарын шаардлага хангаагүй хоёр үйлдвэр байна. Эдгээр зөрчил гаргасан үйлдвэрийн арматурыг борлуулахгүй байх, тусгай зөвшөөрлийг нь цуцлах гэх мэтчилэн арга хэмжээг авч байгаа. Ингэснээр арматурын чанарын шаардлага хангах чиглэлд ахиц гарна.
Бид шаардлага хангаагүй 360 тонн арматурыг лацадсан. Хэрэв үүнийг шаардлага хангах барилгад нийлүүлнэ гэвэл хяналттайгаар өгнө. Түүнчлэн барилгын салбарт томоохон зөрчил үүсгэдэг зүйл бол краны асуудал, үүнээс үүдэлтэй аваар ослын эрсдэл.
БХБЯ-ны Хяналт шалгалтын газраас 238 объектыг хамруулсан 227 ААН-ийн 241 өндөр кранд хяналт, шалгалт хийлээ. Ингэхэд 115 ААН-ийн 139 өргөх байгууламжид хугацаатай үүрэг даалгавар өгөх шаардлага гарсан. Түүнчлэн
- Долоон цамхагт краны үйл ажиллагааг түр зогсоосон.
- 50 цамхагт кран, олон жил ажиллагаагүй зогссон.
- Гурван цамхагт краныг буулгах арга хэмжээ авсан.
Өөрөөр хэлбэл барилгын кранаас үүдэн осол аваар гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг аваад байна" хэмээн сайд Ц.Даваасүрэн мэдээлэл хийв.