8o
Улаанбаатар хот
mobile menu

Үерийн улмаас гэр хорооллын бохирууд хальж байгаа нь гэдэсний халдварт өвчнийг нэмэгдүүлэх эрсдэлтэй

2023-07-05 09:50:00

Бороо их орж байгаатай холбоотой гэдэсний халдварт өвчин нэмэгдэх эрсдэл үүсэж буй талаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргэлээ. 

Энэ талаар "Үерийн улмаас гэр хорооллын бохирууд хальж, гудамж талбайгаар бохир ус маш их хэмжээгээр урсаж байгааг та бүхэн харж байна. Үүнээс үүдэн гэдэсний халдварт өвчний тохиолдол өсөх эрсдэлтэй байна. 

Нийслэлийн хүн амын 70 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг. Ихэнх айлын жорлон, бие засах газар стандартын шаардлага хангадаггүй. Тодруулбал ариун цэврийн байгууламж, бие засах газраа огт ариутгадаггүй, соруулж цэвэрлэдэггүй явдал нь өвчний эрсдэлийг нэмэгдүүлж байна" хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны Гэдэсний халдвар тандах тасгийн эрхлэгч н.Амгалан ярилаа. 



Мөн тэрбээр "Хөрсийг бохирдуулахгүйгээр тусгай зориулалтын цооног хийж, жил бүр соруулаад цэвэр байлгах ёстой. Харамсалтай нь үер устай холбоотойгоор жорлонгийн бохир маш их хальж байна.

Хогийн цэгүүдийн хог гудамж талбай руу их хэмжээгээр урсаж орж ирж байна. Үүнээс үүдэн гэдэсний халдварт өвчин гарах нөхцөл бүрджээ.

Гэдэсний халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд, 

  • Ажлаар яваад гэртээ орохоо гадуур хувцсаа бүрэн сольдог байх ёстой.
  • Гараа бохирдсон тэр даруйд нь угаах шаардлагатай. 
  • Гадуур явж орж ирээд шууд хүүхдэдээ хүрч, үнсэхгүй байхыг зөвлөе. 

Өөрийнхөө хувцсыг солиод, гараа сайтар угаасныхаа дараа хүүхдээ асарч, хооллох наад захын зарчмыг хэвшүүлбэл гэдэсний халдвараас сэргийлэх бүрэн боломжтой. 

Түүнчлэн эцэг эхчүүд хоол хийхийнхээ өмнө, бие зассаныхаа дараа гарын ариун цэврийг сайтар сахих нь чухал. 

Ялангуяа цусан суулга өвчин 0-4 насны хүүхдүүдийн дунд түгээмэл бүртгэгддэг. Энэ насны хүүхдүүд нийт өвчлөлийн 50-60 хувийг эзэлсэн байгаа юм.

0-4 насны хүүхдүүд гэртээ, эцэг эхийнхээ асаргаанд байдаг шүү дээ. Иймд ээж, аавуудын эрүүл мэндийн боловсролтой холбоотойгоор гэдэсний халдварт өвчнөөр хүүхэд өвчлөх эрсдэлтэй" хэмээв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл