8o
Улаанбаатар хот
mobile menu

Усны газрын дүгнэлтийг өөрчилсөн, увайгүй үйлдлийн хохирогчид

2023-08-18 11:11:00

Наймдугаар сарын 1-нээс эхлэн Хан-Уул дүүргийн арваннэгдүгээр хороо “Инэл Зайсан виллаж” хотхоны оршин суугчдад гэдэсний халдварт өвчин, цусан суулгаар өвчилсөн байж болзошгүй шинж тэмдэг илэрчээ. Оршин суугчдын өөрсдийнх нь хийсэн судалгаагаар 69 өрхийн 250 орчим хүнд дээрх өвчний шинж тэмдэг илэрсэн байна. Үүнтэй холбоотойгоор оршин суугчид хариуцсан контор болох “Зайсан Скай” компанид хандаж, контороос Усны газар болон Стандарт хэмжил зүйн газарт гүний худгаас дээж явуулан шинжилгээ хийлгэжээ.

“Өвчин үүсгэгч нян их хэмжээгээр илэрсэн”

Түүнчлэн Стандарт хэмжил зүйн газарт айлуудаас авсан дээжийг, харин Усны газарт гүний худгаас авсан дээжийг явуулсан байна. Стандарт хэмжил зүйн газрын хариу нянгийн хэмжээ байх ёстой хэмжээнээс хэтэрсэн гэж гарсан бол Усны газрын шинжилгээний хариу нянгийн тоо тоологдох аргагүй их хэмжээнд байна гэсэн дүгнэлт гаргажээ. Гэвч тус хотхоны конторын ажилтан шинжилгээний хариуг өөрчилж, оршин суугчдыг төөрөгдүүлээд зогсохгүй хариуцлагаас зугтах гэж оролджээ.

Усны газрын микробиологич Г.Нарансолонго

Тухайн дээж наймдугаар сарын 7-нд лабораторид ирсэн. Харин шинжилгээний хариу наймдугаар сарын 11-нд гарсан. Нянгийн тоо байх ёстой хэмжээнээсээ хэд дахин илүү буюу тоологдохооргүй олон төрлийн нянгууд илэрсэн. Мөн гэдэсний бүлгийн эмгэг төрөгч болон гэдэсний бүлгийн савханцар, сульфат задлагч агааргүйтэн илэрсэн нь тогтоогдсон. Эдгээр нь бүгд өвчин үүсгэгч нянгууд. Уг шинжилгээний хариуг захиалагч байгууллагад хүлээлгэн өгсөн боловч өөрчилсөн байсан.

Хариуцлагаас мултрах нь хавь илүү чухал 

Оршин суугчид өвдөж эхлээд хагас орчим сар, шинжилгээний хариу гараад долоо хоногийн хугацаа өнгөрсөн хэдий ч хэн, хэрхэн хариуцлага хүлээх эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Мэргэжлийн байгууллагын тамга, тэмдэгтэй дүгнэлтийг дур мэдэн өөрчилж, иргэдийг төөрөгдүүлсэн конторын ажилтан уу. Эсвэл хариуцах компани нь уу. Энэ талаар “Зайсан Скай” ХХК-ийн Ерөнхий инженер Д.Түвшинжаргалаас тодрууллаа.

Тэрээр “Шинжилгээний хариуг өөрчилсөн гэж оршин суугчид яриад байгаа. Гэвч зориудаар өөрчилсөн зүйл байхгүй. Энэ бол санаатай хийсэн үйлдэл биш. Усны газраас ирсэн дүгнэлтийг эх хувиар нь СӨХ-ийн дарга болон Оршин суугчдын админд өгсөн. Худал хариу тараасан гэх асуудалд бидний зүгээс хууль хяналтын байгууллагаар шалгуулна. Зөв хариуг нь манайхаас явуулсан нь үнэн. Тийм ч учраас ямар нэгэн хариуцлага хүлээхгүй” гэсэн байр суурийг илэрхийллээ.

Оршин суугчдаас гадна “Инэл Зайсан виллаж” хотхонд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн ажилчдад мөн гэдэсний өвчин, цусан суулгын шинж тэмдэг илрээд буй. Тодруулбал, нэр бүхий супермаркетийн найман ажилтан хордлогод орж, тэдний хоёр нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Гүний худаг бохирдох болсон шалтгаан

Тухайн хотхоны бохирын худгийн ойролцоо “Эфэс Констракшн” ХХК шороо асгах үеэр худгийн таг эвдэрч бөглөрчээ. Үүнээс шалтгаалж, бохир хальж, гүний ус бохирдсон байж болзошгүй хэмээн үзэж байна. Гэвч энэ талаар тус компанийн захирал М.Лхагвасүрэнгээс тодруулахад дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрээр “Бохирын бөглөөг гаргах гэж бид 2-3 өдөр оролдсон. Түүнчлэн бөглөөснөөс нь хонины нэхий, алчуур, хувцас хэрэглэл гэх мэт зүйлс гарч ирсэн. Тэгэхээр манай компанийн буруугаас үүдэлтэй гэж хэлэх боломжгүй” гэлээ.

170 өрхтэй хотхоны 70 орчим өрхийн иргэд өвдсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод буй. Хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн Халдварт өвчин хариуцсан эмчийн мэдээлж буйгаар ХӨСҮТ-д шинжилгээ өгсөн зарим оршин суугчийн хариунаас цусан суулга өвчин илэрсэн байна. Мөн бусад оршин суугчдад гэдэсний халдварт өвчний шинж тэмдэг зонхилон хүндэрсэн байдалтай илэрсээр байгаа аж.

Энэ талаар “Үлэмж-Өсөх-79” СӨХ-ын дарга Б.Базаррагчаас тодруулахад "69 өрхийн 249 хүн өвдсөн байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Холбогдох байгууллагуудад хандсан. Давтан шинжилгээний хариуг хүлээж байна. Усны газраас хийсэн шинжилгээгээр гүний худгаас эмгэг, өвчин үүсгэгч гэдэсний савханцар, нян илэрсэн нь батлагдсан" гэлээ. 

Тус хотхоны оршин суугч

"Эхлээд гүйлгэж эхэлсэн. Тухайн үед идсэн зүйлээс болов уу гэж таамагласан. Төд удалгүй оршин суугчдын групп дээр усны өмхий үнэртэж байгаа талаар бичиж эхэлсэн. Сүүлдээ гүний ус нь бохирдсон болж таарсан. Манай гэр бүлийн дөрвөн гишүүн өвдсөн."

Усны газрын дүгнэлтийг өөрчилсөн, увайгүй үйлдлийн хохирогчидУсны газрын дүгнэлтийг өөрчилсөн, увайгүй үйлдлийн хохирогчид

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл