8o
Улаанбаатар хот
mobile menu

"Үерийн өндөр эрсдэлтэй 20 байршилд дохио өгдөг станц суурилуулна"

2023-08-18 11:25:00

Нийслэлд уруйн үер буух эрсдэлтэй 75 байршил байна. Үүний 20 нь өндөр эрсдэлтэй гэж тогтоогдсон байна. Мөн шар усны үер буух эрсдэлтэй гурав, голын үер буух эрсдэл найман байршилд байна. Улаанбаатарт үерт өртөх эрсдэлтэй бүсийн судалгааг Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төв болон холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран хийж, нэгж талбар, хэмжээгээр нь гаргажээ. Энэ талаарх мэдээллийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар танилцууллаа. 

Тэрбээр "Нийслэлд голын үеийн найман бүс байна. Голын ойролцоо онцгой, эрүүл, энгийн хамгаалалтын бүс гэж тогтоосон байдаг. Гэвч энгийн, эрүүл хамгаалалтын бүс гэж үгүй болсон бөгөөд одоо онцгой хамгаалалтын бүс рүүгээ орцгоож байна. Шар усны үер буух гурван байршил бий. Нэгж талбарын тоо 342, шар усны үер орох эрсдэлтэй талбайн хэмжээ 305.11 га байна. Энэ жил хур их орж, хөрсний ус хоёр метр орчмоор нэмэгдсэн тухай мэргэжлийн хүмүүс танилцуулсан. 
 
Энэ бол Улаанбаатар хотын экосистем. Бид эдгээрт түшиглэж, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, иргэдийн ая тухтай байх орчныг төлөвлөн бүрдүүлэх ёстой. Цаашид ухаалаг төлөвлөлт рүү л явах ёстой. Ингэхийн тулд хуулиа өөрчилж, нийслэлийн багц хуулиа боловсруулъя гэж байгаа юм. Уруйн үерт өртөх суурьшлын бүс 75 байна. Нэгж талбар 15,013. Хамгийн өндөр эрсдэлтэй байгаа 20 бүсийг үүнд илүү тодотгож байгаа. Нарангийн гол, Баруун, Зүүн салаа, Сэлбэ гол, Улиастайн гол байна. Эдгээрт 8,138 нэгж талбар уруйн үерт шууд өртөнө. Уруйн үерт өртөх 75 газар байна гэдэг нь байгалийн тогтоц, гуу жалга байсан гэсэн үг. Түүнийг нь хасаж багасгаад, хайрга асгаж байгалийн тогтцыг өөрчилсний горыг Монел дээр амссан. 

Өндөр эрсдэлтэй 20 байршилд цаг уурын автомат систем суурилуулна. Ингэснээр иргэдэд хоёр цагийн өмнө дохио мэдээлэл өгөх бөгөөд онцгой байдал, цагдаа зэрэг холбогдох алба хаагчид анхааруулан сэрэмжлүүлэх, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч ажиллах боломж бүрдэнэ" гэсэн юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл