8o
Улаанбаатар хот
mobile menu

"Гэр хорооллын бүс рүү богино эргэлтийн автобус явуулснаар замын түгжрэл зургаан хувиар буурна"

2023-08-22 10:10:00

Улаанбаатарын түгжрэлийг бууруулах шийдлийг хотын дарга Д.Сумъяабазар танилцуулав. 

Тэрбээр "Хотын зорчилт хөдөлгөөнд өдөрт дунджаар давхардсан тоогоор 2.8 сая хүн оролцож байгаа бөгөөд таван томоохон байршлаас хотын төв рүү чиглэдэг.

Тодруулбал иргэд ажилдаа явах, хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт зөөх, оюутан залуус хичээлдээ явах, төрийн үйлчилгээ авах, худалдаа, үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэх, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх гол бүс нь Сүхбаатар дүүрэг болж, хотын төв хэсэг рүү хэт их бөөгнөрөл үүсэж байгаа юм.

Хотын гол дөрвөн өргөн чөлөө буюу Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Ард Аюушийн өргөн чөлөө, Чингэлтэйн өргөн чөлөөний нийт 48.2 км замаар 1,042 автобус 107 чиглэлд үйлчилгээ үзүүлдэг.
Нийтийн тээврийн хүртээмжийг нэмж, хөдөлгөөний эрчмийг сайжруулахын тулд эхний ээлжид дараах дөрвөн өргөн чөлөөг гурван эгнээ болгож, өргөтгөн шинэчлэх шаардлагатай байна.

Нэг эгнээгээр нь дан нийтийн тээвэр зорчих нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд эхний ээлжид эдгээр дөрвөн өргөн чөлөөний 13.7 км авто замыг өргөтгөх хэрэгтэй. Ингэснээр замын хөдөлгөөний түгжрэл найман хувиар буурч, дундаж хурд 11.7 км цагт хүрэх юм.

Мөн нийтийн тээврийн хүртээмжгүй, гэр хорооллын алслагдмал бүсүүд рүү богино эргэлтийг нэвтрүүлснээр замын хөдөлгөөний түгжрэл зургаан хувиар буурах тооцоолол гарсан. Өөрөөр хэлбэл богино эргэлтийн 181 автобусны зогсоол байгуулж, нийт 86.1 км авто зам шинээр тавьснаар нийтийн тээврийн хүртээмжийг тэлэх боломжтой" гэж хэллээ. 

Мөн тэрбээр "750-3,500 хүртэлх сурагчтай, хүчин чадал нь хэтэрсэн  ерөнхий боловсролын 169 сургуульд 313,473 сурагч суралцаж байгаа бөгөөд эдгээр нь хотын төвд төвлөрсөн байгаа юм.

Энэ бол түгжрэлд нөлөөлөх нэг том хүчин зүйл. Учир нь сургуулийн хүртээмжгүй бүсүүдээс ойролцоогоор 91 мянга гаруй хүүхэд тус сургуулиудад ирж, суралцаж байна. Тиймээс гэр хорооллын бүсэд ерөнхий боловсролын 52 сургууль нэмж байгуулснаар боловсролын хүртээмж нэмэгдэж, түгжрэлд тодорхой хэмжээгээр эерэг нөлөө гарах юм" гэв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment