Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан 2023 оны есдүгээр сарын 7-ноос 10-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Энэхүү айлчлал нь Лаос Улсын Үндэсний Ассамблейн даргын түвшинд 11 жилийн дараа Монгол Улсад хэрэгжиж буй айлчлал бөгөөд Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын харилцаа, хамтын ажиллагааны шинэ жарны эхлэл болж буйгаараа онцлог юм. Түүнчлэн Монгол Улс АСЕАН-ы Яриа хэлэлцээний түнш болох, АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход Лаосын талын дэмжлэгийг үргэлжлүүлэн авахад чухал ач холбогдолтой юм.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Лаосын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан-тай албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан-ыг хүлээн авч уулзахаар төлөвлөж байна.
Уулзалт, яриа хэлэлцээний үеэр Монгол, Лаосын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор Парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцохоор төлөвлөж байна. Манай хоёр улс 1962 онд дипломат харилцаа тогтоосон цагаас эхлэн төрийн өндөр, дээд хэмжээний айлчлалыг харилцан зохион байгуулж, найрсаг харилцаатай, худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэг зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлсээр ирсэн юм.