УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс-Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох нүүрсний гэх хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ.
Өнгөрсөн наймдугаар сарын 30-нд дээрх хурлыг товлон зарласан боловч урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан хийлгэх хүсэлт гаргасан өмгөөлөгч С.Саруултөгөлдөр “Шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” хэмээн хүсэлт гаргасан юм. Тиймээс урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг энэ сарын 12-ны 09.00 цаг хүртэл хойшлуулсан.
Урьдчилсан хэлэлцүүлгийн эхэнд Б.Ганхуяг "11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна. Энэ хэрэг дотор надтай холбоотой зургаан үйлдэл байгаа. Энэ зургаан үйлдэл дотор нэг шанага ч нүүрсний асуудал байхгүй. 2023 оны 12-р сөрын 08-ны өдөр намайг цагдан хорьсон. Цагдан хорьсон прокурорын тогтоол дээр жагсаал цуглаан зохион байгуулсан, турхирсан, санхүүжүүлсэн гэсэн үндэслэл бичсэн байсан. Есөн сарын хугацаанд надаас нэг ч мэдүүлэг аваагүй. Гэтэл дараа нь нүүрсний хэргийг гаргаж ирсэн. Нүүрстэй холбоотой 50,60 хэрэг мэдүүлэг аваад л яваад байсан ч нэг нь ч үлдээгүй. Бүх нүүрсний хэрэг гэдэг зүйл ард үлдсэн. Хаана үлдсэн гэдгийг би мэдэхгүй. Энд байгаа зургаан үйлдэл бол хөрөнгө оруулсан, хөрөнгө авсан гэх хоёр хүнийг танилцуулсантай холбоотой. Би танилцуулсан учраас хэрэг болгож надад хилсээр тохож байна. УИХ дээр нүүрстэй холбоотой нүүрсний хэргийг ярьж байгаа. Гэтэл надтай холбоотой юу ч байхгүй. 11 хүнд холбоотой ямар ч хэрэг байхгүй. Намайг цагдан хорьсон шүүгчийн 19 захирамж гарсан. Үүний есийг ерөнхий шүүгч Б.Халиун гаргасан. Яллагдагч миний эрх зүйн асуудлыг дордуулсан маш олон асуудлууд гарсан учраас ерөнхий шүүгчийг АТГ-ын шууд даалгавраар ажиллаж байгаа гэж бодож байна" хэмээгээд шүүгчээс татгалзаж буйгаа мэдэгдлээ.
Урьдчилсан хэлэлцүүлэг 13:30 цаг хүртэл түр хойшиллоо.