Ази, Европын дээд түвшний 11 дэх уулзалт ирэх дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах билээ. Энэхүү уулзалтын хүрээнд нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах, зочид, төлөөлөгчид болон иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг хангах, хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх зорилгоор автозамын зургаан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эдгээр ажлын нэг болох Их Монгол Улсын гудамжны 2.1 км автозамын өргөтгөл шинэчлэлтийн ажил эхэлсэн бөгөөд гүйцэтгэл нь 20 хувьтай байна. Их Монгол улсын гудамж буюу Замын цагдаагийн баруун урд уулзвараас Маршалын гүүрийн урд уулзвар хүртэлх 2.1 км автозамын зорчих хэсэг нь одоо есөн метр өргөнтэй бөгөөд өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд 14 метр болгон өргөтгөж байгаа аж. Замын хоёр талаараа явган хүний замтай, нэг талаараа дугуйн замтай, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах далд шугамтай, эгнээ эгнээ бүхий болгон шинэчлэх юм. Уг замын шинэчлэлийн ажлыг ирэх зургадугаар сарын 30-нд ашиглалтад өгөх юм байна.
Зам шинэчлэлийн ажлыг зургадугаар сард хүлээлгэж өгнө
2016-04-21 08:43:00