8o
Улаанбаатар хот
mobile menu

Шашны байгууллагуудад шалгалт хийж эхэллээ

2016-04-21 10:10:00

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл шашны байгууллагын үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг байгуулах тухай А/295 дугаар захирамж гаргаж тус захирамжийн дагуу шашны байгууллагын үйл ажиллагааг шалгаж эхэлжээ. Энэхүү шалгалтаар  

нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй сүм хийд, шашны байгууллага, шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, сургууль, цэцэрлэг, асрамж, халамжийн төвүүдийн ажлыг шалгаж байгаа аж. Уг шалгалт энэ сарын 19-25-ны хооронд хийгдэх юм байна.

Өнгөрсөн 2015 оны тооллогоор нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 10 орчим шашны төрөл, урсгал чиглэлийг төлөөлж үйл ажиллагаа эрхлэн явуулах зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй нийтдээ 372 сүм хийд, шашны байгууллага байгааг тоолж, бүртгэж байсан. Үүнээс албан ёсны зөвшөөөрөлтэй 283, зөвшөөрөлгүй 89, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг 234 сүм хийд байгаа юм. Сүм хийдийн ихэнх хэсэг буюу 61.3 хувь нь христийн шашны сүм, цуглаанууд байдаг байна. Харин 28.5 хувийг Монголчуудын олонхи нь шүтдэг бурханы шашны сүм хийд эзэлж байгаа бөгөөд Бөө мөргөлийн зан үйлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 22 байгууллага бүртгэгджээ. Мөн Католик шашны 7 байгууллага нийслэлийн Багануур, Налайх, Чингэлтэй дүүргээс бусад дүүрэгт ажиллаж байгаагийн сацуу “бусад” буюу бахай шүтлэг, мүүн, шинто, хиндү шашныг төлөөлсөн 5 байгууллага бий.

Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдийн хамгийн их буюу 41.3 хувь нь Баянзүрх, 21.5 хувь нь Сүхбаатар, 17.3 хувь нь Баянгол, 14.0 хувь нь Чингэлтэй дүүрэгт байгаа юм. Тоологдсон гурван сүм тутмын хоёр нь нийслэлийн гэр хороололд төвлөрч байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл