УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурлаар хэлэлцсэн асуудлуудын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. Мөн үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал "Үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг баталгаажуулах эрх зүйн орчныг тодорхой зохицуулах шаардлага тулгарсан гэдгийг өнгөрсөн өдрүүдэд бид харж байна. Хувь хүний асуудал гэхээс илүүтэй Монгол Улсын иргэн бүрийн үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хараат бусаар үйл ажиллагаа явуулах эрх зүйн баталгааг бүрдүүлж өгөхөд бид анхаарах хэрэгтэй. Өнөөдрийн эрх зүйн орчны хүрээнд 2001 онд шинэчилсэн найруулга нь батлагдсан харилцаа холбооны хууль гэж бий. Тус хуульд домайн нэрийг бүртгэх, ашиглах журмыг Харилцаа холбооны зохицуулах хороо баталж, ХЗДХ-ийн яаманд бүртгүүлснээр хэрэгжиж эхэлдэг. Эл журмыг Харилцаа холбооны зохицуулах хороо хараат бус гишүүдээрээ хэлэлцэж, баталсан. Харилцаа холбооны зохицуулах хороо нь манай яамны хариуцсан агентлаг биш. Тус хороо нь хэн нэгнээс хамааралгүйгээр шийдвэр гаргадаг байгууллага. Тэгэхээр зохицуулах хороо нь хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй л байгууллага. Прокурор зөвшөөрөөд, даалгаад, цагдаагийн байгууллага хүсэлт гаргасан бол тухайн бичгүүдэд үндэслээд, хурдан хугацаанд интернэтийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудад мэдэгддэг. Тус компаниуд албан бичгийг нь үндэслээд, тодорхой хугацаанд хязгаарлалт хийдэг гэсэн үг.
Үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг хуулиар баталгаажуулъя гэдэг саналыг хэлж байна. Хоёр өдрийн турш Монголын Сэтгүүлчдийн эвлэлийн саналыг хүлээж авсан. Энэ асуудал дээр салбарын сайдын хувьд анхаарч ажиллана. Харилцаа холбооны зохицуулах хороо өнөөдөр ажлын хэсэг байгуулаад, захиргааны ерөнхий хуулийн дагуу 30 хоног хэлэлцэнэ гэж ярьж байгаа гэсэн мэдээллийг өгсөн" гэв.