Монгол түмний хайртай хүү ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны төрсөн өдөр өчигдөр тохиолоо. Тэрээр энх тунх амьд сэрүүн байсан бол өнөөдөр 53 нас хүрэх байсан . С.Зориг агсан зуурдаар нас бараад өдгөө 16 жил болсон хэдий ч хэргийн буруутан өнөөдрийг хүртэл олдоогүй байгаа. Тус хэргийн ганц гэрч болох С.Зориг агсны эхнэр Д.Булганыг өнгөрсөн аравдугаар сард баривчилж хорьсон. Харин өчигдөр Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлаар хэлэлцсэн байна. Энэ үеэр Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат гишүүдийн асуултад хариулахдаа дараах мэдээллийг өгсөн байна.
С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт тагнуул, цагдаагийн хамтран ажлын хэсэг мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа аж. Ингэхдээ 1986 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлийн улс төрийн зорилгоор аллага хийх болон 86 дугаар зүйлд заасан хүнийг санаатай алах гэж давхар хүндрүүлэх нөхцөлтэйгээр зүйлчлэн шалгаж байгаа юм байна.
Хэргийг шалгах явцад төрийн нууцтай холбоотой мэдээ, баримт авагдсан учраас төрийн нууцад хамааруулан шалгажээ.
Мөн эл хэргийг шалгах явцад төрийн нууцтай холбоотой мэдээ, баримт авагдсан учраас төрийн нууцад хамааруулан шалгажээ. Тиймээс хууль хяналтын байгууллагынхан энэ хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй гэдгээ тайлбарлаж хэлсэн байна.