УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Уг хуулийн төслийн агуулга нь "Эрдэнэс Тавантолгой" компанийн 34 хувийг нийт ард иргэдэд бүрэн эзэмшүүлэх юм. Мөн 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн иргэдэд “Эрдэнэс Тавантолгой” хувьцааг нөхөн олгохоор заажээ. Цаашид шинээр төрөх иргэд ч тус компанийн хувьцаа эзэмшигч болох юм байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: -Үндсэн хуулийн нэг чухал заалт амилах гэж байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу уул уурхайн үр шимийг баялгийн сангаар дамжуулан иргэн бүрд тэгш хүртээнэ гэсэн. Тиймээс бидэнд Баялгийн сангийн тухай хууль зайлшгүй шаардлагатай. Энэ сангаараа иргэддээ үр шим хүртээж, ирээдүй хойчдоо өвлүүлэх, улс орны томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Баялгийн сангийн хуулийг хэзээ оруулж ирэх вэ.
Хоёрдугаарт, тогтоол батлагдвал 2012 оноос хойш төрсөн хүүхдүүд "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг эзэмшинэ. Мөн өмнө нь хувьцаагаа зарсан хүмүүс нэрлэсэн үнээр хувьцаа авах боломжтой болно.
Гуравдугаарт, хувьцааны ногдол ашгийг авдаг болно. Ногдол ашигт нэг хүнд хэчнээн төгрөг ноогдох вэ?
"Эрдэнэс Монгол" компанийн захирал С.Наранцогт: -Баялгийн сангийн хуулийн төсөл ер нь эцэслэгдсэн. Засгийн газраас ажлын хэсэг гаргасан. Холбогдох яамд, байгууллагууд, хууль, гаднын экспертүүд орсон. Ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд өргөн барина. Энэ хуульд нийт иргэдэд тэгш шударга хуваарилах агуулга нь Үндсэн хуульд зааснаар орж байгаа. Гэхдээ аль болох бэлэн мөнгө тараахгүй байх, хуримтлалыг дэмжих, үндсэн хэрэгцээ болох боловсрол, эрүүл мэнд, орон сууц зэрэгт зарцуулах боломжийг хангана.
Ногдол ашгийн хувьд Компанийн тухай хуульд тодорхой заасан. Компанийн удирдлагууд жилийн эцэст аудитын тайлан балансын дараа хэчнээн төгрөг хуваарилахыг шийднэ.
Энэ оны УИХ-ын наймдугаар тогтоол дээр 2012 оноос хойш төрсөн хүмүүс болон хувьцаагаа зарсан хүмүүс буцаж хувьцаагаа авах хүсэлт гаргаж байгаа.