Цагдаагийн байгууллагаас сонгуулийн хууль, тогтоомж зөрчсөн зарим асуудлаар мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр “2024 оны УИХ-ын ээлжит сонгуультай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн 468 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 183, зөрчлийн шинжтэй 285 гомдол мэдээлэл байгаа. Одоогоор шийдвэрлэгдсэн 327, ажиллагаанд 141 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.
Гэмт хэргийн шинжтэй 183 гомдол мэдээллийг задалж үзэхэд, 117 нь сонгуулийн илтэд худал мэдээлэл тараах гэсэн гомдол байна. Мөн эд хөрөнгө устгаж гэмтээх зөрчил нийт зөрчлийн 35 хувийг эзэлж байна. Энэ нь сонгуулийн сурталчилгааны самбар эвдэх, баллаж цохлох гэх мэт зөрчлүүд багтана. Цагдаагийн байгууллагад ирсэн нийт гомдол мэдээллээс сонгуультай холбоотой гэмт хэрэг, зөрчлийг тусгайлан бүртгэх программыг боловсруулан үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байгаа. Энэхүү программ нь прокурорын байгууллагатай холбогдсон бөгөөд цагдаад энэ төрлийн гомдол мэдээлэл ирэхэд прокурорын байгууллагад давхар бүртгэгдэнэ гэсэн үг" гэв.