Даншиг наадам нь Монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам юм. Тэгвэл "Даншиг наадам-Хүрээ цам” наадмыг наймдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулахаар болсон талаар Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээллээ.
100 гаруй жилийн турш тасраад байсан Монголчуудын уламжлалт өв соёлын наадам “Даншиг наадам-Хүрээ цам” -ыг сэргээж, соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлжсэнээр Монгол Улсыг олон улсад сурталчлах томоохон эвент болоод буй.
Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй бөгөөд Монголын шашин, соёлын томоохон арга хэмжээ. Бурхны шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам нь Даншиг наадмын гол онцлог.
Цамын үеэр Очирваань бурхан болон цагаан өвгөн, мөн нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох хангарди, гахай, нохой, хөх өвгөн болон бусад дүрд хувирсан 120 гаруй цамчин баг өмсгөл, ур хийц уран нарийн, гоёмсог чимэг зүүлт, барьц хэрэгслээрээ гоён, гар, хөл, биеийн хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлэн, хортон дайсан, ад зэтгэрийг даран сөнөөж буй хөдөлгөөнүүдийг уран яруугаар үзүүлдэг.