8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Ганбат: Миний хүү “Ээж нүдээрээ, аав зүрхээрээ хардаг” гэж ярьдаг

2016-04-22 08:21:00

Харцандаа гунигтай, зүрхэндээ бодолтой явах үед хамгийн түрүүнд дэргэд байдаг эгэл хүнийг хань гэдэг.Урт юм шиг атлаа богинохоон энэ амьдралд хүмүүн бид түрхэн саатаад буцахдаа орчлонд мөнх л юм шиг хандаж эдийн хойноос уралцан хөөцөлдөх нь юутай гунигтай. Эрүүл бие, ээж аав бүхий л зүйл нь дэргэд нь байхад өөрийгөө гоочилон голж, амьдралдаа сэтгэл хангалуун бус байдаг нь бидний дунд олон л байгаа. Гэвч үзүүр нь нэг амьдралын богинохон мөчлөгт хүмүүн бид эдийн хойноос уралцан эрх мэдлийн хойноос хөөцөлдөөд ч яанам билээ.

Эгэл жирийн нэгний амьдралд дэндүү хайртай, амьдралыг тэврэн энхрийлж, баясан хайрладаг тэр сайхан мөчийг уншигч тантай хуваалцдаг. “Амьдрал сайхан” булангийнхаа ээлжит дугаарыг толилуулж байна.

Энэ удаад орчлонг харах мэлмий заяагаагүй ч энэ орчлонг сэтгэлийн гүн, зүрхнийхээ үзүүрээс тольдон байдаг эрхэм хүмүүнийг зочиноор урилаа. Хүмүүн бидэнд харах мэлмий заяасан ч амьдралын сайхныг олж мэдэрдэггүй дэндүү харалган юм уу даа гэсэн зэмлэлийн бодол түүнтэй ярилцаж байх үед сэтгэлийн угаас үргэлж зүүгдээстэй байснаа нуух юун. Түүний  ярианаас үргэлжийн хайр, халуун дулаан уур амьсгал, амьдралын баяр бахдалын, халуун энерги төөнөж байлаа. Энэ удаагийн зочиныг  Дашцэрэнгийн Ганбат гэдэг. Тэрээр харааны бэрхшээлтэй ч ОУ, тив дэлхийн пара олимпоос олон амжилтыг эх орондоо авчирч, одоогоор 7 харааны бэрхшээлтэй хүмүүсийг ажлын байраар хангах буянтай ажлыг хийж явна. Түүнтэй ярилцсан ярилцлагаа ийнхүү хүргье.

-Сайн байна уу? Юуны өмнө та өөрийгөө уншигчиддаа танилцуулна уу?

-Намайг Дашцэрэнгийн Ганбат гэдэг. Би 1983 онд Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн. Айлын хамгийн том нь дороо гурван дүүтэй. Багаасаа эмээ, өвөөтэйгээ хамт өссөн.

-Та анх хэдэн онд Улаанбаатарт орж ирсэн бэ?

-Би 11 нас хүртлээ аймагтаа байсан лдаа. Тэгээд Нийслэлд хараагүй хүүхдүүдийн тусгай сургууль байдаг талаар сонсоод 1994 онд ирж, хуучнаар 29-р тусгай дунд сургууль болон харааны бэрхшээлтэй хүүхдийн 115-р сургуулийг төгссөн. Тэгээд 2003-2007 онд МУБИС-ийг Монгол хэл судлалаар бакалавар хамгаалсан.

-Та гэр бүлээ бидэнд танилцуулбал?

Манай эхнэрийг Хашцэцэг гэдэг. Бид хоёр ханилаад 10 жил болж байна.Одоо хүү, охин хоёртой. Манай эхнэр жудогийн тамирчин хүн л дээ. Бид хоёр, хоёулаа спортын энэ төрлөөр хичээллэдэг. Одоо бариа заслаар сурч төгсөөд мэргэжлээрээ ажиллаж байна.

-Эхнэртэйгээ та хэзээ, хаана анх танилцаж байсан бэ?

-Бид хоёрын хувь заяаг спорт холбосон. Манай эхнэр бас харааны бэрхшээлтэй л дээ. Бид хоёр 2006 онд жудогийн пара олимпийн Азийн наадамд хамтдаа явж хүрэл медалтай ирсэн.Түүнээс хойш амьдрал маань холбогдсон.

-Эхнэртэйгээ танилцаад амьдралаа холбоё гэхэд эхнэрийн талаас хүмүүс дургүйцаж байсан уу? Хоёулаа харааны бэрхшээлтэй болохоор амьдрахад хэцүү гэж?

-Манай талаас тийм юм гараагүй. Өвөө минь хүн өөрийнхөө хувь заяаг өөрөө л шийднэ гэдэг байсан Манай эхнэрийн талаас хүн дургүйцаад байна аа гэж надад сонсогдоогүй.Болох юм цаанаасаа л болдог юм байна лээ. Анх бид хоёр экселээр нүүж тусдаа гарч байсан. Тэр үе гоё санагддаг. Чингэлтэйд байдаг хашаандаа 4х6 байшин барьж орсон. Анх өөрсдийнхөө бэлтгэлийн хувцас ойр зууртайгаа л нүүж байсан. Жилийн дараа 2008 онд тэмцээнд явах дөхөөд бид хоёр оюутны байр түрээслэхээр нүүхэд портероор нүүж байсан. Тэгэхээр бага багаар айл болдог юм байна лээ.Тэр үед эхнэр үйлдвэрт эсгүүрчнээр ажиллаж 48 мянган төгрөгний цалин дээрээс нь бид хоёрын халамж гээд амьдраад болоод л байсан.  Бид хоёр гэрт хоолтой, галд түлштэй л байвал болоо гэж боддог. Ямар ч байсан мөнгөө цуглуулж байгаад байранд орно доо гэж ярилцаж байтал 2013 онд манай амьдралд нэлээн өөрчлөлт орсон. Бид хоёр байр түрээсэлж бэст массажны газар ажиллуулсан, намар нь 8 хувийн хүүтэй зээлээр 10-р хороонд лизингийн 2 өрөө байр авсан. Түүнийгээ одоо 20 жил төлнө. Ямарч байсан 20 жил үхэх эрхгүй болсон. /Инээв/ Энэ амьдралдаа би хангалуун байдаг. Ямар ч байсан 2-лаа хөдөлмөрлөсөн хөлс хүч шингэсэн байдаг энэ амьдралдаа би хайртай.

- Анхныхаа хүүхдийг хүлээж авахад ямар байсан бэ, тодорхой хэмжээний айдастай байсан байх лдаа?

Тэр чинь хамгийн их зовлон байдаг. Хүүхэдтэй болохыг хүсдэг дээрээс нь их айна. Эхнэрээ төрөх үед мөнгөний боломжгүй байсан болохоор сургууль дээрээ мөнгө асуухаар очсон лдоо. Тэр үед манай захирал сургуульд таараад 3 хоногийн дараа гадаад явна тэрнээс өмнө өгөөрэй  гээд 100 мянган  төгрөг өгсөн. Би чинь шууд л өлгий авчихлаа. Тэгээд эмнэлэгт очтол сувилагч өлгийг хараад өөр зүйл авчраагүй юм уу эхнэр чинь сонсвол гомдох байхдаа шууд хүүхдээ өлгийдөж аваад явчих гээд байна уу шөл авчирдаггүй юм уу гэж байсан.  /Инээв/

-Ер нь анх аав болоход сонин мэдрэмж төрж байсан лдаа. Хамгийн түрүүнд нүд нь л зүгээр байгаасай нүдийг нь яаж үзэх үү гэсэн бодол төрсөн. Хүн болгон ч гэсэн тэгдэг юм байна лээ шдээ. Хүүхэдтэй болчихсон уу баяр хүргье гэж байгаа мөртлөө, хүүхэд нь зүгээр үү гэж асуугаад байгаа юм чинь. Хүний тийм асуулт ч гэсэн сэтгэл эмзэглүүлдэг юм билээ. Хараагүй хүнтэй суусан эрүүл хүмүүс ихэвчлэн ар гэрийн ятгалагтай дарамттай байдаг юм шиг ээ. Хараагүй хүүхэд гарвал яах вэ насаараа 2 хүн хөтөлж явах болж байгаа юм уу гээд л. Иймэрхүү асуудал  амьдрал дээр тохиолдож байсан лдаа.  Тэр үед маш их зүйл бодогдож байсан.

-Хүү минь одоо 6 хүрэх гэж байна. Энэ намар сургуульд орно хараа нь зүгээр лдээ. Амьдрал надаар ингэж хатуу тоглосон юм чинь үр хүүхдээр минь тоглохгүй байлгүй дээ гэж бодож залбирч явдаг. Аавынхаа үзэж чадаагүй бүхнийг үр хүүхэд минь харж яваасай л гэж боддог юм.

-Хараагүй хүний бэрхшээл гуниг сэтгэлийн гүндэхийг эрүүл хүмүүс ойлгож мэдрэхэд хэцүү л дээ. Танд хүүхдээ ямар дүр төрхтэй бол нэг харчих юмсан гэсэн бодол төрдөг үе байдаг байх?

-Ер нь багадаа жаахан хардаг байсан болохоор төрөлхийн хүний хажууд өөр л дөө. Төсөөлөл л байдаг. Хоёр хөгшинөө, ээжийгээ нэг харчих юмсан гэж боддог байсан бол үр хүүхэд гараад ирэхээр түүнийгээ нэг харчих юмсан гэж бодогддог үе байсан. Гэхдээ хүн сэтгэлээсээ зүрхнээсээ, хайртай бүхнээ харж чадаж байвал заавал нүдээрээ харах шаардлага байна уу даа л гэж боддог шдээ. Зүрхээрээ бол бүр илүү тод нэвт харна.  Хүн нүдээрээ зүгээр л гадна талаас нь харна.Харин сэтгэл зүрхнээсээ харахын бол дотно гаднагүй л харна гэж бодож явдаг юм. Манай хүү “Ээж нүдээрээ хардаг аав болохоор зүрхээрээ хардаг тэ” гэдэг юм. /Инээв/

 Хүүгээ төрөхөд хамгийн түрүүнд нүд нь л зүгээр байгаасай нүдийг нь яаж үзэх үү гэсэн бодол төрсөн.  Хүн болгон хүүхэдтэй болчихсон уу баяр хүргье гэж байгаа мөртлөө, хүүхэд нь зүгээр үү гэж асуугаад байсан

-Уучлаарай таны хувьд төрөлхийн харааны бэрхшээлтэй юу?

-Би 5 нас хүртлээ гайгүй хардаг байгаад гэв гэнэтхэн л нэг өдөр харахаа больчихсон.

-Гэр бүл, удамд тань харааны бэрхшээлтэй хүн байсан уу?

-Судлаад үзэхэд яг манай гэр бүлд тийм хүн байгаагүй гэхдээ манай дүү бас хараа муутай. Манай ээж залуудаа худаг дээр ажиллаж байхад нь ремен нь тасарч ирээд нэг нүдийг нь тэс цохьчихсон юм байна лээ. Тэр бол уг нь осол аваар ш дээ. Тэр л урагт нөлөөлсөн гэж эмч нар тайлбарлах гээд байдаг юм. Ослын хэмжээнийх болохоор тэрийг удамшил гэж хэлэхэд хэцүү лдээ.

-Одоо гэр бүлийнхээ хүнтэй хамт бэст массаж ажиллуулж байна. Хэзээнээс үйл ажиллагаагаа явуулж эхлэв?

-2013 оны 04 дүгээр сарын 1 нээс нээж эхэлсэн. Одоогоор харааны бэрхшээлтэй 7 хүнийг тогтмол ажиллуулж байна. Эдгээр хүмүүсийнхээ албан ёсны нийгмийн даатгал бүх зүйлийг нь төлөөд явдаг. Ер нь хараагүй хүмүүсийн гар нь илүү хөгжсөн, мэдрэмжтэй байдаг. Тиймээс бидний хамгийн сайн хийж чадах зүйл бол бариа засал. Эдгээр хүмүүс аливаа зүйлийг ч чин сэтгэлээсээ хийдэг. Гаднаас анх орж ирж байгаа үйлчлэгч биднийг хараад за энэ ч дээ гэсэн байдалтай ханддаг. Гэтэл үйлчлүүлж дууссаныхаа дараа баярлаад сэтгэл өндөр гардаг. Мэдээж  бариа засал гэдэг хүний хууч өвчнийг өөртөө авдаг хэцүү ажил л даа. Гэхдээ л бид бусдын талархалын үгээр эрч хүч авдаг.

 Амьдрал надаар ингэж хатуу тоглосон юм чинь үр хүүхдээр минь тоглохгүй байлгүй дээ гэж бодож залбирч явдаг. Аавынхаа үзэж чадаагүй бүхнийг үр хүүхэд минь харж яваасай л гэж боддог юм.

-Та жудогоор хичээллэдэг.  Яагаад  анх жудогоор хичээллэх болсон бэ? Энэ нь харааны бэрхшээлтэй хүнд спортын хүнд төрөл шүү дээ?

-Би Монголоосоо анх удаа пара олимпийн жудо бөхийн төрлөөр Азийн тэмцээнд амжилттай оролцсон. Анх 2001 онд пара жудо спорт дэлхийд байдгийг мэдээд сонирхлынхоо дагуу  хичээллэсэн. Тухайн үед хүндрэлүүд их байсан. Нийгэм ойлгоддоггүй, хараагүй хүн барилдана гэж юу байсан юм, халамжийнхаа мөнгийг аваад л сууж байна биз гэсэн хандлага хүмүүст, гэр бүлийнхэнд ч байсан. Бэлтгэл хийж байгаа газар очоод барилдъя гэхээр дэвжээн дээрээ зарим багш нар гаргадаггүй байсан. Нийгэм ойлгоддоггүй, хараагүй хүн барилдана гэж юу байсан юм, халамжийнхаа мөнгийг аваад л сууж байна биз гэсэн хандлага хүмүүст , гэр бүлийнхэнд ч байсан. Тэгээд л зовлон бэрхшээлийн  дунд 5-6 жилийн турш явж байж анх 2006 онд гадагшаа явж медалтай ирсэн. Энэ нь хараагүй хүн халз тулааны спортоор барилдаж болох юм байна гэсэн тодорхой хэмжээний нийгэмд ойлголт өгч эхэлсэн л дээ. Түүнээс хойш олимп, дэлхийн аваргын шагнал,Азийн наадмууд ОУ-ын тэмцээнээс олон ч медаль авсан даа. Хамгийн том амжилт бол араасаа маш олон хүнийг дагуулсан.  Тухайн үед ганцаараа байсан бол одоо албан ёсоор 20 гаруй харааны бэрхшээлтэй хүмүүс энэ спортоор хичээллэж байна. Өнгөрөгч долоо хоногт бүх ард түмний  14-р их наадмын хүрээнд болсон пара жудо бөхийн тэмцээнд 70-аад тамирчин 14 байгуулага, 9 аймгаас ирж оролцсон  нь хүмүүс энэ спортыг ойлгдог болсоных гэж боддог.

Нийгэм ойлгоддоггүй,хараагүй хүн барилдана гэж юу байсан юм, халамжийнхаа мөнгийг аваад л сууж байна биз гэсэн хандлага хүмүүст , гэр бүлийнхэнд ч байсан

-Та Монголд хараагүй хүн жудогоор хичээллэж болдогыг харуулж чадсан анхны хүн. Хүндрэлтэй зүйл олон байсныг дурьдлаа. Анхны бэлтгэлээ хаана хийж байсан бэ?

-Ерөнхийдөө тэр үед энгийн хүмүүс аль болох зайгаа барьж, надтай барилдахгүйг боддог байсан лдаа. Хүн өөрөө зүтгэл байхад болдог л юм байна лээ.

Анх Улсын начин Онх гэдэг хүнтэй уулзахад тэр хүн намайг Ням даргатай уулзуулж дам, дамаа л хүмүүсээр яриулж байж хорооллын урд талын сургуульд анх бэлтгэлээ хийж эхэлсэн. Эхний өдөр заалан очиход багш нь: Энэ хараагүй нөхөр юу л хийж чадахав, багш явуулчихсан юм чинь гэж бодсоноо багш сүүлд ярьж байсан. Надад хальт ганц юм хэлж өгчихөөд, ханан дээр аваачаад зогсоочихдог байсан. Наад ханан дээрээ эхлээд давтаад сурчих гээд.  Тэгээд багш намайг мартчихдаг байсан юм байна лдаа хальт харахад нөгөөх нь яг хэлсэнийг нь давтаад хийж л байдаг,багш боль гэхгүй л бол би хийгээд л байдаг байсан.

Багш намайг үсрээд л 7 хоноод шантрана биз гэж бодож байсан гэнэ лээ. Миний уйгагүй хөдөлмөрийг хараад сүүлднь намайг хайрлаж эхэлсэн гэж ярьдаг. /Инээв/  Энэ мэтчилэн л өөртөө хүнийг тодорхой хэмжээгээр татаж байсан лдаа.

-Анхны тэмцээнээр олон хүчтэй тамирчинтай өрсөлдсөн байх. Тухайн үед таны бэлтгэл хэр байсан бэ?

-Би дэлхийн аваргын хошоо хүрэл медалтай сайн тамирчинд хожигдсон. Ер нь эрүүлийн спорт давуу хөгжсөн оронд пара олимп сайн хөгжсөн нь ажиглагддаг. Жишээ нь Азид Япон, Хятад, Солонгос гээд маш олон орнууд байна, Эдгээр орны тамирчдын хангамж, бидний хангамж бол өдөр шөнө шиг ялгаатай.Тэдний тамирчид нь байнгын вакумжуулсан орчинд бэлтгэл сургуулиа хийж, хоол унд, байраар хангагдаж байдаг. Тэр хүмүүс зөвхөн бэлтгэлээ л хийнэ. Харин бид нар амьдрахын хажуугаар бэлтгэлээ хийдэг. Монголчуудын цусанд нь төрөлхийн өрсөлдөх чадвар байдаг. Сүүлийн үед эрүүл тамирчдын амжилт ахиж байна. Жоохон мөнгө төгрөг хаяад санхүүгээр дэмжээд ирэхээр спорт ямар өөр болдогыг топ төрлийн спортыг хараад ойлгож байгаа байх.

-Манайд пара олимпийн тамирчиддаа хэр  дэмжлэг үзүүлдэг вэ?

-Огт хаядаггүй лдээ. Гэхдээ тийм ч хангалттай биш. За яахав энэ хэдэд багахан төсөв өгчихье, өгөөгүй биш өгсөн гэсэн сэтгэлтэй л хандаад байдаг. Гэхдээ мэдээж сэтгэл гаргаад дэмжээд явж байгаа хүмүүс байгаа.

-Одоо пара олимпийн жудогийн тамирчид өөрсдийн гэсэн бэлтгэлийн танхимтай юу?

-Яг тийм байр байхгүй. Сул хараатай тамирчин олон байгаа, таг харахгүй тамирчинг бодвол өөрийгөө аваад явах чадвартай учраас эрүүл хүмүүстэй барилдаж үндэсний шигшээ багт зарим нь бэлтгэлээ хийж, бусад нь дор дороо л болгож байгаа даа.

-Харааны бэрхшээлтэй хүмүүст тулгамддаг олон зүйлийн нэг нь дэд бүтцийн асуудал байдаг шүү дээ. Энэ тал дээр таны бодол?

-Ер нь наадахыг чинь би хүн болгонд ярьсаар яваад залхаачихсан байх.  Энэ бэрхшээл бүх шатанд байгаа. Өнөөдөр нэг байшингаа барьж амжаагүй байхад цаана нь 10 стандартын бус барилга баригдаж байна. Яаж ч нөхөж янзлах билээ дээ. Хамгийн гол нь хүмүүсийн сэтгэхүйд л дэд бүтэц байгуулах юмсан гэж боддог. Дэд бүтцийг бий болгох нь Монголчуудын чадахгүй зүйл биш шдээ. Яагаад барилга барихдаа хажууд нь налуу зам стандартынх нь дагуу хийчихэж болохгүй гэж. Энэ тал дээр сэтгэл л дутаад байна гэж ойлгодог.Тэгээд албан шахалтаар тэргэнцэртэй зам тавилаа гэхэд нөгөөх нь стандартын бус огцом хийгээд орхичихдог.  Ерөөсөө л асуудлыг шийдэхийн тулд анхнаасаа зураг төсөв гаргахдаа түүнийгээ төлөвлөөд хийчихэд л болно. Барилга барихад цонхгүй барилга барихгүй биздээ. Түүн шиг л цонх байх ёстойтоо адилхан шат хийхэд л боллоо. ХБИ-дэд зориулсан дэд бүтцийг маш хүндээр хүлээж аваад байдаг

-Хэрвээ та хараатай боллоо гэж бодвол хамгийн түрүүнд юу хийх байсан бэ?

-Хүн болж төрнө гэдэг хамгийн сайхан. Би эх орондоо маш их хайртай. ОУ-д тэмцээн уралдаанд яваад ч тэгдэг юм уу эх оронч үзэлтэй болчихдог юм. Мэдээж гэр бүлээ эх нутгийнхаа сайхан уудам талыг сайхан харна.Үзэсгэлэнт сайхан байгаль дэлхийгээ л нэг харах юмсан гэж боддог.

-Та 5 нас хүртлээ сул хараатай явсан гэж байна. Тэр үеийн төсөөллөө эргээд харахаар таны сэтгэлд юу үлдсэн байдаг вэ?

-Би хүүхэд байсан  болохоор үлдсэн юм их ховор. Эмээ аргал түүгээд явж байсан, гэрийнхээ хаяанд хэвтэж байхад уяан дээр хоёр морь байсан  зэрэг бүүр түүрхэн үйл явдал л харагддаг юм.

-Та амьдралдаа юунаас ухаарал, урам зоригыг авч байсан бэ?

-Хүний хувьсал өөрчлөлт гэдэг хүнд маш том өөрчлөлтийг авчирдаг гэдгийг бие биеэрээ мэдэрсэн. Анх тусгай сургуульд орохоосоо өмнө над шиг хүн байдаггүй гэж бодож өөртөө гутарч шаналдаг байсан, сургуульд ороод надтай адилхан олон хүүхэд байна гэсэн ойлголт их өөрчлөлтийг өгсөн. Эрдэм мэдлэг олж авахын төлөө зүтгэсэн.Тэгээд ангийнхаа харааны бэрхшээлтэй хүүхдийн гэрт очсон өдөр ихийг бодогдуулсан. Тэр хүүхдийн аав ээж хоёр нь хоёулаа харааны бэрхшээлтэй. Намайг гэрт нь очиход байранд амьдардаг тэр гэр бүлийн маш гоё халуун дулаан уур амьсгал угтсан. Би тэндээс хүмүүс сургуульд сураад зогсохгүй гэр бүл зохиогоод үр хүүхдээ өсгөөд хэнээс ч дутахгүй амьдарч болох юм байна гэсэн ойлголтыг авч миний амьдралд өөрчлөлт гарсан .Тэгээд би бүр илүү хичээж яруу найргын тэмцээн, зохион бичлэг, шатар, дуу хөгжим гээд бүх л тэмцээнүүдэд өөрийгөө дайчлан орж эхний байруудад шалгарч байсан.

-МУБИС-ийг төгсчээ. Анх энэ сургуулийн хувиарыг та яаж авч байсан бэ?

-Анх багшийн их сургуульд консурс өгье гэхэд манайхан захиралтай нь уулзаад гуйгаад оруулчихъя, чи яаж ийм том улсын сургуульд конкурс өгөх юм гэж байсан. Тэр үед би Үндэсний биеийн тамирын сургуулийн урилгатай байсан. Би ер нь их шазруун шартай хүүхэд байсан болохоор заавал конкурс өгнө гээд 650 хүүхэдтэй өрсөлдөж эхний 5-т орсон. Тэр үед шалгалтыг тестээр авдаг байлаа. Хянагч багшаар нь уншуулаад бөглөж шалгалтаа өгсөн. Тэр үед 20 оноогоо бүтэн авсан хүүхэд байгаагүй.

-Таны ойрын зорилго төлөвлөсөн ажил юу байна?

-Нийгэм нэг хүнээр л бусдыг дүгнэдэг. Миний хувьд хамтрагчтайгаа “Тэгш хүсэл” ток шоуг  МҮОНТ-ээр хийхээр гэрээ байгуулсан байгаа. Монголд 130 мянган ХБИ бий. Тэд хэвлэлээр тогтсон мэдээлэл авч чаддаггүй. Тиймээс тэдэнд зориулсан тогтмол нэвтрүүлгийг 14 хоногт нэг хийхээр төлөвлөж байна. Жишээ нь ХБИргэдийн ажлын байрыг дэмжих  хөтөлбөрт ХБИ-дэд хэрэгтэй маш их зүйл бий. ХБИ үүнийг мэддэггүйгээс ашиглаж чаддаггүй. Зөв хүнээ төр дэмжиж чадвал ХБИ халамж хүсэгч хүмүүс биш баялаг бүтээгч болж чадна. Энэ нэвтрүүлэг ганцхан ХБИ-дэд биш ажил олгогч байгуулагуудад хүртэл нөлөөлөх ёстой. ХБИ-ийг ажилд авах байгууллага байдаггүй, ажиллуулбал урамшуулал авдаг гэдгийг тэр бүр мэддэггүй. Энэ үлгэр дуурайллыг төр өөрөөсөө эхэлж, ХБ хүмүүсийг ажиллуулах ёстой. ХБИ-тэй айлын ч сэтгэхүйг өөрчлөх хэрэгтэй. Хүнээр хоол халбагдуулах биш өөрөө хөдөлмөрлөж олсон зүйл хүчтэй.

Ярилцсанд баярлалаа. Таны сүү шиг цагаан амьдралд сайн сайхан бүхнийг хүсье?

Баярлалаа. Дүүгийн ч гэсэн олныг гэгээрүүлэх их үйлст нь амжиль хүсье.

Ийнхүү бид хоёрын ярилцлага энэ хүрээд өндөрлөсөн юм. Хэдийгээр тэрээр хорвоог харах мэлмийгүй ч энэ орчлонг бүхэлд нь сэтгэлийн гүнээсээ нэвт ширтэж амьдралдаа дэндүү хайртай гэдэг нь үг бүрийнх нь араас үргэлж дагаастай байсан юм. Амьдрал хөдөлмөрлөсөн хүнээ үргэлж шагнадаг гэгчээр өнөөдөр эрвийн дэрвийх хоёр сайхан үр, тулж түших ухаант ханийнхаа нөмөр нөөлгөөр амьдралын өмнө бууж өгөлгүй цэх шулуунаар алхаж байна. Хоёр нүд болсон тулга шиг үрсдээ сайн сайхныг ерөөж, хараа сул олон хүнийг ажлын байраар хангаж байгаа түүний буянт үйл эргээд үрсэд нь ирэх нь лавтай. Тиймээ хүмүүсээ үүлний сүүдэр дайраад өнгөрөх шиг энэ богинохон амьдралд хүн хүнээ хайрлахаас илүү эрхэм зүйл үгүй шүү дээ.

Б.Мөнхдалай

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
МУБИС -ийн тавдугаар байранд энэ ах амьдардаг байлаа. Шатар бас тоглодог. Мундаг ахдаа амьдралд нь сайн сайхан бүгдийг хүсэн ерөөе
2016/04/23 103.17.108.42
13r horoolol 84 r surguuliin baruun tald 12 r bair 96875555 best massage 14
2016/04/22 103.17.108.42
zochin
haraagui hun iim mundag baihad haraatai baij zalhurad suudag tejeeber nohdiig yanaaa ba szalhu archaagui hunii munguur amidraad baardaad yabdag zunduu zaluus baina daa yaana ichij amidraa zaluus min
2016/04/22 103.17.108.42
hi
TA 2 too hamgiin sain bvhniig hvsey Monhiin Ezen ta nart hairtai szvv Ezenii hair nigvvsel dvvren baig
2016/04/22 103.17.108.42
Бөхийн өргөөний урд 84-р сургуулийн хажууд байдаг юм. Энэ хүний газраар үйлчлүүлдэг
2016/04/22 103.17.108.42
saraa
mundag zaluu chamaar baharhaj bainaa. chi uneheer zurh setgeleeree amidraliig medersen hun bainaa. getel nadad uuruusuu ichih medremj turluu. amidraliig harah shine untsug ugsun chamd bayalalaa. ene massage-nii gazar ni haa baidag yum boldoo?
2016/04/22 103.17.108.42
Ямар мундаг хүн бэ Амжилт
2016/04/22 103.17.108.42