Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал З.Нарантуяа болон бусад удирдлагууд өнөөдөр (2025.01.06) Эдийн засгийн сэтгүүлчдийн клубийн сэтгүүлчидтэй уулзаж, Банкны 2030 он хүртэлх стратеги, цаашдын зорилт болон Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө.
Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банк нийт 7.6 их наяд төгрөгийн зээл олгосон бөгөөд үр дүнд нь
• Цахилгааны эрчим хүчний эх үүсвэрийг 312 МВт,
• Дулааны цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийг 348 МВт-аар нэмэгдүүлж
• Цементийн үйлдвэрлэлийн хүчин чадал 3.3 сая тонноор өсөж,
• Орон нутагт нийт 2,154 км
• Нийслэлд 123 км авто замын барилга, өргөтгөл, шинэчлэл хийгдсэн.
Хөгжлийн банкны сонсгол болсноос хойш шинээр 232.0 сая доллар, 420 сая юань, 488.0 тэрбум төгрөг босгож, Дорнод бүсийн эрчим хүчний систем төсөлд 420.0 юань, Газрын тос боловсруулах төсөлд 25.0 тэрбум төгрөг, Амгалан дулааны станцын өргөтгөлд 56.0 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж, стратегийн чухал ач холбогдолтой салбаруудыг дэмжин ажилласан аж.
Түүнчлэн 2022 оны нэгдүгээр сард банкны нийт 3.3 их наяд төгрөгийн актив хөрөнгөөс үүнээс 67 зээлдэгчийн 3.2 их наяд төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй байсан бөгөөд 1.8 их наяд төгрөг нь чанаргүй зээл байсныг мэдээлж байсан. Харин Хөгжлийн банкны сонсгол явагдсанаас хойш нийт 33 зээлдэгчийн 1.4 их наяд төгрөгийн зээл, хүү төлөгдөж зээлээ хаасан бол 22 зээлдэгчийн 400.0 тэрбум төгрөгийн зээл хүү нийлээд 1.8 их наяд төгрөг төлөгдсөн байна.
2024 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар Хөгжлийн банкны актив хөрөнгө 2,368.7 тэрбум төгрөг байна. Нийт активт эзлэх зээлийн багцыг танилцуулбал 33 зээлдэгчийн 2,276.8 тэрбум төгрөг нь зээл байна. Банк өөрийн хөрөнгийн зөрүүг нөхөхөд 700.0 тэрбум төгрөг шаардлагатай байгаа аж.
Тиймээс цаашид нэн яаралтай санхүүгийн хүндрэлтэй байдлаас гарахын тулд балансаа цэвэрлэх буюу Засгийн газрын байгууллагууд, орон нутгийн болон төрийн өмчийн компаниудтай холбоотой нийт 805.7 тэрбум төгрөгийн зээл хүүгийн авлага байгааг Засгийн газар хувь нийлүүлэгчийн хувьд яаралтай барагдуулах шаардлагатай байгааг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяа дурдаад “Бид 2025 онд хуулиа шинэчлэн батлуулж, урагшаа харж, төсөл, хөтөлбөрүүдээ санхүүжүүлж ажиллана. Энэ оны нэгдүгээр улиралд хамгийн үр ашигтай төслөө бэлтгэн, хөрөнгөө босгоно. Хөрөнгөө босгох туршлага, харилцаа, нэр хүнд Хөгжлийн банканд байна. Хоёрдугаар улирлаас санхүүжилтээ эхлүүлж, оны төгсгөл гэхэд нийт 2 их наядын төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхээр том төлөвлөгөө тавин ажиллаж байна” гэлээ.
Цаашид хөгжлийн институтийн чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллахын тулд Хөгжлийн банкны хууль эрх зүйн шинэчлэлийг сайжруулахаар хуулийн төслийн үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан бөгөөд хуулийн төслийг боловсруулан ЭЗХЯ-д хүргүүлээд байгаа юм.
Хөгжлийн банк 2030 он хүртэлх стратеги зорилтуудаа шинэчлэн тодорхойлсон бөгөөд
1. Эдийн засгийг төрөлжүүлэн, тогтвортой, хүртээмжтэй өсөлтөд чиглүүлэх;
2. Дотоодын санхүүгийн зах зээлийн хөгжил, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх;
3. Экспортыг дэмжих санхүүгийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэх;
4. Ногоон хөгжил, тогтвортой санхүүжилт, инновац, дижитал шилжилтийг дэмжих;
5. Хариуцлагатай засаглал, мэргэжлийн удирдлага хэрэгжүүлэх зорилтуудыг тусгасан.
Ийнхүү шинэ стратегийн дагуу ажилласнаар 2023 оны байдлаар ДНБ-д 3.5%-ийг эзэлж байгаа Хөгжлийн банкны активын эзлэх дундаж хувь хэмжээ 2030 онд 12.8% болж өсөх буюу 4.8 тэрбум ам.доллароос 11.9 тэрбум ам.доллар болж өснө гэсэн тооцооллыг гаргаад байна.