БНСУ-ын “Агаар чийгшүүлэгчдийн холбоо”-ныхон Улаанбаатарын агаарын чанарыг сайжруулахад хамтарч ажиллах хүсэлтээ илэрхийлж НИТХ-ын дарга А.Баяр,болон Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар нартай уулзлаа.
НИТХ-ын дарга А.Баяр “Нийслэлийн гэр хорооллын хамгийн алслагдсан дүүрэгт сурч байгаа хүүхдүүдийн сурах орчныг сайжруулахад анхаарч агаар цэвэршүүлэх тоног төхөөрөмж хандивласанд баярлаж, талархаж байгаагаа илэрхийлье. Мөн удахгүй ашиглалтад орох Хүүхэд, ахмадын эмнэлэгт агаар цэвэршүүлэх тоног төхөөрөмжөө хандивлахаар зорьж ирсэнд талархаж байна. Монгол Улсын Засгийн газраас 2030 он хүртэл утааг бууруулах, агаарын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн шат дараалсан бодлого хэрэгжүүлж ажиллана. Дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлт, ногоон эрчим хүчний хэрэглээ рүү шилжихийг эрмэлзэж байна. Бид ч мөн энэ чиглэлд дөхнө. Үүний тулд айл өрхүүдийн нүүрсний хэрэглээг бууруулж, хийн түлш рүү шилжих замаар яндангаасаа сална. Улаанбаатарчуудын амьдрах нөхцөлийг сайжруулах, агаарын чанарыг дээшлүүлэхэд хамтарч ажиллах хүсэлтээ илэрхийлж байгаад баярлалаа” гэв.
Уулзалтын үеэр “Агаар чийгшүүлэгчдийн холбоо” захирал Гангу Ки Тай “Сөүл 2010 оны эхэн үед агаарын бохирдол, тоосжилт өндөртэй хот байлаа. Тухайн үеийн БНСУ-ын Засгийн газар, Байгаль орчны яамнаас хувийн хэвшлийн компани, аж ахуйн нэгжтэйгээ хамтраад олон төрлийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсэн. Мөн Сөүлийн агаарын чанар муу бүсийг хэмжиж тогтоогоод, хүүхэд, настайчууд түлхүү амьдардаг хэсгийн дотор, болон гадна орчны агаарыг цэвэршүүлэх, чанарыг сайжруулах шат дараатай ажил эхлүүлсэн. Манай холбооныхон тухайн үеэс л агаар цэвэршүүлэх төхөөрөмж үйлдвэрлэх, дотор болон гадна орчны бохирдлыг хэмжих чиглэлд нь ажилласан” гэв.
Тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Сун Жи Хёг “БНСУ 2016 онд Агаарын бохирдлын эсрэг хууль баталж, хуулиндаа урт хугацаанд агаарын чанарыг хэрхэн сайжруулж болох, үйлдвэрлэлийн системээ сайжруулах зэрэг томоохон ажлуудаа хийж хэрэгжүүлэхээр тусгасан байдаг. Үүний үр дүнд Сөүл утаагүй болсон. Тиймээс бид бүхэн Улаанбаатарын агаарын чанарыг сайжруулахад хамтарч ажиллах хүсэлтэй байна” гэлээ.