Залилах гэмт хэрэг нь хуульд зааснаар бусдыг “…хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан…” зэрэг шинжийг агуулсан байхыг шаарддаг. Тодруулбал, тухайн иргэний эд зүйл, хөрөнгө мөнгийг авахын тулд ямар нэг гэрээ, хэлэлцээрээр халхавчлах, сайн сайхан зүйл амлах, итгэлийг нь олж авахын тулд тодорхой үйлдлүүдийг хийх зэрэг олон төрлийн аргаар хохирогчоос өөрийнх нь сайн дураар мөнгө, эд зүйлийг нь гаргуулж авдаг.
Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчид бусдын “мөнгөө хурдан бөгөөд ихээр өсгөх” гэсэн өгүүлэмжид итгэх, өөрийн хувийн мэдээлэл, данс, цахим хаягийн нууцлалыг хангахад хайнга хандах, залилагч этгээдийн дансны болон хувийн мэдээллийг нягтлахгүй орхигдуулах, хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн хүсэл зоригоосоо болж хохирдог тул иргэн Та хянуур байж залилах гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлээрэй.