1998 оны 10 дугаар сарын 2-нд гэртээ хэрцгийгээр алагдсан С.Зориг агсаны хэргийн зангилаа тайлагдахыг ард түмэн өнөөг хүртэл хүлээсээр ирсэн. Гэвч энэ нь сонгууль дөхөөд ирэхээр улс төрийн шоу болж хэн хүнгүй л түүний хэрэгт санаа зовнидог. Хамгийн сүүлд л гэхэд Б.Булганыг саатуулсан сургаар төрсөн дүү нь, УИХ-ын гишүүн асан Х.Хулан, Л.Болд, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, гээд нөлөө бүхий эрхмүүд санаа тавьж гишүүн Ц.Оюунгэрэл Төв аймгийн цагдан хорих төвд хүртэл очиж хөлөө жийн суусан. Тэгвэл улс төрийн томоохон бүлэглэлийн хараанд байгаа энэ хэргийг шалгахын тулд хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. 18 жилийн өмнө энэ хэргийг гэрчээр талийгаачийн эхнэр Б.Булганыг татаж тайлбар авсан байдаг. Харин энэ цаг үед түүнийг сэжигтнээр татаад байгаа. Энэ хэрэгт холбоотой 2-3 хүнийг саатуулсан байдаг. . Эх сурвалжийн мэдээлснээр С.Зоригийн аллагад холбогдон баривчлагдсан хүмүүсийг Ш.Отгонбилэг агсны малчид байсан Арцмаагийн Ганхуяг, Жаагий хочит Содномдаржаа нарыг саатуулж хэрэг үйлдсэн хутгаар нь нотолсон гэнэ. Харин сүүлд нэмэгдэж ирсэн эмэгтэй Ш.Отгонбилэгийн малыг хариулдаг нэгэн бөгөөд хэргийн газраас үс нь олдсон аж. Үсний дээжийг Япон улсад шинжлүүлээд ДНК нь бүрэн нийлж байгааг баталжээ. Одоогийн байдлаар сэжигтнүүд хэргээ хүлээчихсэн, С.Зоригийн эхнэр Б.Булгантай хамтарсан гэдгээ ч хэлсэн гэсэн эх сурвалжийн мэдээлэл байгаа.
Гэвч энэ бол Шүүхээс гарсан эцсийн шийдвэр, тодорхой хариулт бол биш . Хэвлэл мэдээллийн хэрэгслээр тархаж буй уг мэдээлэл улс төрийн ямар нэгэн захиалга байхыг үгүйсгэхгүй.. Учир нь сонгууль дөхөж , хүний саналыг худалдан авахын тулд толгойтой үсээ сугалж өгөх шахам байгаа эрх баригчдын сонгуулийн шоу биш гэх баталгаагүй. Үнэхээр С.Зориг агсны хэрэг илрэх байсан бол яагаад заавал сонгуулийн босгон дээр энэ мэдээлэл оноо авах төдийгөөр цацагдах болов гэдэг нь анхаарал татаж байгаа. Үнэхээр С.Зоригын хэрэг илрэх үү эсвэл үхсэн хүн үг хэлэх биш гэгчээр түүний үхлээр улс төрийн тоглолт хийх гээд эхлэв үү.