8o
Улаанбаатар хот
mobile menu

Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургууль, 18 дугаар хороонд 200 ортой цэцэрлэг барина

2025-02-13 15:52:02

Нийслэл хотод боловсролын салбарт энэ онд улс, нийслэл, гадаадын зээл тусламжаар 145 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнээс нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 50 төсөл, арга хэмжээг зохион байгуулж буй. Энэ талаар НБГ-ын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилга, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Д.Ирмүүнзаяагаас тодрууллаа. Тэрбээр “Нийслэл хотод энэ онд 25 сургууль, 50 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Энэ сард хоёр бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгыг улсын комисс хүлээж аваад байна. 2024 онд цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор орон сууцны хотхон, хороолол төвлөрсөн, төрийн өмчийн сургууль, цэцэрлэггүй хороодод газар чөлөөлөх ажлыг зохион байгуулсан. Энэ хүрээнд Баянгол дүүргийн 24 дүгээр хороо Алтай хотхон орчимд, Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо Кинг Тауэр, Маршал таун орчимд газар чөлөөлөлтийг хийж, сургууль, цэцэрлэг барих хөрөнгийг улс, нийслэлийн төсөвт тусган баталсан” гэв.

2024 онд газар чөлөөлсөн байршлуудад энэ онд сургууль, цэцэрлэг барих юм. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 960 хүүхдийн суудалтай сургууль барихаар газрыг чөлөөлж, хөрөнгийг шийдээд байна. Барилгын ажлын гүйцэтгэгчээр “Гурван булаг сод” ХХК шалгарч, барилга угсралтын ажил 20 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 200 ортой цэцэрлэгийн барилга барихаар 2024 онд газрын асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. Төслийн гүйцэтгэгчээр “Юувоку” ХХК шалгарч, барилга угсралтын ажлыг дөрөвдүгээр сард эхлүүлэхээр бэлтгэж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment