Сүүлийн үед цагдаагийн байгууллагад гарааш дотор байрлуулсан автомашинд хулгай орсон байна гэйх дуудлага, мэдээлэл цөөнгүй бүртгэгдэж байна.
Энэ сарын эхээр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны орон сууцны гарааш дотор байрлуулсан иргэдийн автомашины салхины шил, гурвалжин цонхыг хагалж, эд зүйл алдагдсан гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгалтын ажиллагааг явуулж байна.
Шалгалтаар бусдын өмчлөх эрхэнд халдаж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй “А”-г олж, тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Тухайн орон сууцны доод давхарт байрлах гараашууд нь хяналтын камертай хэдий ч байнгын харуул хамгаалалтгүй, чипээр онгойдог мөн орцоор дамжин гарааш руу ордог зэрэг нь гэмт хэрэг үйлдэгч этгээдэд саадгүй чөлөөтэй нэвтрэх боломж, нөхцлийг бүрдүүлсэн байж болзошгүй байх тул сууц өмчлөгчдийн холбоо болон иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байхыг сэрэмжлүүлж байна.