Завхан аймгийн төв Улиастайгаас урд талын сумд, Говь-Алтай аймгийн төв рүү явахын тулд Ганцын даваагаар давдаг. Улиастайн урдхан байрлах энэ даваа 3-р сарын 10-11-ний шилжих шөнийн цасан шуурганаар хаагджээ. Тухайн үед болсон цасан шуурганаар Загастай, Солонготын давааны замын зорчих хэсэгт цас хунгарлан, халтиргаа үүссэн бол Ганцын даваанд цас хунгарлан, бүрэн хаагдсан аж.
“Завхан Азза” ХХК энэ сарын 17-18-нд Ганцын давааны 12-17 дахь км-т хунгарласан цасыг цэвэрлэж, уг давааг нээжээ. Гэсэн ч өдөртөө цас хайлж, шөнөдөө замын зорчих хэсэг мөстөх, гулгаа үүсэх, шавар ихсэх аюултай байгааг Завхан аймгийн Онцгой байдлын газар анхаарууллаа.