Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын таван төрөлт нөхөрсөг тэмцээнийг өнөөдөр зохион байгууллаа. Тус тэмцээн нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлгөөний ач холбогдлыг сурталчлах, бие бялдрыг чийрэгжүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг түгээх зорилготой.
Тэмцээнд хараа, сонсгол, тулах хөдлөх эрхтний бэрхшээлтэй болон тэргэнцэртэй иргэдийн төлөөлөл оролцож, шатар, ширээний теннис, гар барилдаан, нисдэг таваг шидэлт, дартс гэсэн таван төрлөөр өрсөлдлөө. Тэмцээнд оролцогчид тус тусын төрөлд өрсөлдөхөөс гадна 10 хүн нэг баг болж холимог багийн төрлөөр өрсөлдсөн юм . Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас энэ тэмцээнийг жилд хоёр удаа илүү өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Мөн нэг төрөлд гурван байр шалгаруулдаг байсан бол энэ жилээс тусгай байр нэмэгдэж байгааг онцлов.
Ш.Анхмаа: Сургууль, цэцэрлэгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байдлаар барихад анхаарч ажиллаж байна
НЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын дарга Ш.Анхмаа "Нийслэлийн Засаг даргын Тамгын газар жил бүр үйл ажиллагааны үндсэн чиглэл, мөрийн хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломжит шийдлийн жагсаалтыг гарган, чиглэсэн үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлдэг. Өнөөдрийн тэмцээн нь энэхүү үйл ажиллагааны нэг хэсэг бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог бүрэн хангаж, нийслэлийн есөн дүүргээс 100 гаруй тамирчин оролцлоо. Иргэд сарын өмнөөс мэдээлэл авч, бэлдэж эхэлснээ хэллээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт саадгүй хүргэхэд дэд бүтцийг бүрдүүлэх нь чухал гэж үзэн, 2016 оноос хойш нийслэлийн төсвөөр дэд бүтэц хангалтгүй байсан 10 сургууль, цэцэрлэгт шинэчлэл, засварын ажлыг хийсэн. Үүний үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих боломжгүй шат бүхий орчин, стандартын бус ариун цэврийн өрөөнүүдийг шинэчилсэн. Шинээр баригдаж буй сургууль, цэцэрлэгүүдийг олон улсын стандартад нийцүүлэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байдлаар барихад онцгой анхаарч ажиллаж байна. Цаашид ч мөн энэ хүрээнд олон ажлыг шат дараатай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн" гэсэн юм.
Н.Анхбаяр: Спортын тэмцээнүүд нийгмийн идэвх, оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой
Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны спортын зөвлөлийн тэргүүн Н.Анхбаяр “ "Би энэ тэмцээнд жил бүр тогтмол оролцдог. Энэ удаагийн тэмцээнд холбооныхоо эмэгтэй 8, эрэгтэй 16, нийт 24 тамирчинтай оролцож байна. Хэдийгээр гадаа цастай, хүйтэн байгаа ч тэмцээн зохион байгуулагдаж буй энэ зааланд хөгжлийн бэрхшээлтэй олон хүн цугларч, хоорондоо найзалж, нөхөрсөг өрсөлдөж байгаад сэтгэл хангалуун байна. Энэ жилийн тэмцээнд гар барилдаан, дартс зэрэг шинэ төрөл нэмэгджээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд төдийгүй хөгжлийн бэрхшээтлэй тамирчид ч оролцож байна. Мөн өнгөрсөн есдүгээр сард зохион байгуулсан “Бүх ард түмний спортын наадамд” манай тамирчид хөнгөн атлетик, спорт тоглоом, жүдо бөхийн төрлөөр амжилттай оролцсон. Удахгүй харааны бэрхшээлтэй тамирчид БНСУ-д болох тэмцээнд жүдо бөх болон хонхтой бөмбөгийн төрөлд оролцоно. НЗДТГ-аас жил бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан энэхүү спортын арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулж, тогтмол дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлье. Ийм төрлийн тэмцээнүүдийн дараа бодит үр дүн гардаг. Тухайлбал, хамт нэг баг болон оролцсон хүмүүс хоорондоо танилцаж, харилцаа холбоо тогтоож, найз нөхдийн хүрээлэл бий болдог нь нийгмийн идэвх, оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм” гэлээ.
Х.Насанжаргал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг аливаа тэмцээн уралдаанд тэгш хамруулах нь үнэлж баршгүй дэмжлэг болдог
Монголын сонсголын бэрхшээлтэй иргэдийн сагсан бөмбөгийн холбооны гүйцэтгэх захирал Х.Насанжаргал "Жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-нд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдөр тохиодог. Уг өдрийг угтан зохион байгуулж буй энэхүү спортын нөхөрсөг тэмцээнд оролцож байгаадаа маш их баяртай байна. Энэ удаагийн тэмцээнд ширээний теннис, гар барилдаан, дартс зэрэг төрөлд оролцлоо. Өмнөх жилүүдэд олс таталт болон суугаа волейболын төрөлд оролцож, тодорхой амжилт үзүүлж байсан. Ийм төрлийн арга хэмжээнүүд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд бидэнд спортоор дамжуулан өөрийгөө хөгжүүлэх, цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдраа чийрэгжүүлэх сайхан боломжийг олгодог. Би ширээний теннисээр найман настайгаасаа хичээллэсэн. Энэ спорт надад маш их урам зориг, амьдралын эрч хүч өгдөг. Мөн би сагсан бөмбөгөөр тогтмол хичээллэдэг. Цаашид энэ спортоороо олон улсын тэмцээнд амжилттай оролцох зорилготой. Одоогоор Шинэ Зеландад болох сонсголын бэрхшээлтэй иргэдийн дундах сагсан бөмбөгийн тэмцээнд оролцохоор багаараа бэлтгэлээ базааж байна. Хэдийгээр бид хөгжлийн бэрхшээлтэй ч гэлээ энгийн иргэдийн адил спортоор хичээллэж, бие бялдраа хөгжүүлэх чин хүсэл тэмүүлэлтэй байдаг. Иймээс биднийг аливаа тэмцээн уралдаанд тэгш хамруулах, дэмжих нь бидний хувьд үнэлж баршгүй дэмжлэг болдог. Биднийг дэмждэг НЗДТГ-т талархал илэрхийлье” гэв.