Хэдэн жилийн өмнө 11 дүгээр сарын 26-ны өдрийг орон даяар амарч тэмдэглэдэг байлаа. Бараг 20 гаруй жил буюу Улсын бага хурлаас март, октъябр, майн нэгэн гэсэн гурван амралтын өдрийг хасаад оронд нь 11-р сарын 26, мөн цагаан сараар амруулж байхаар тогтсон байдаг. Цагаан сар ч яахав, ойлгомжтой. Харин яахаараа 11-р сарын 26-нд амарч баярладаг билээ хэмээн сүүлийн жилүүдэд нэлээд шүүмжлэл дагуулах болж, улмаар бүх нийтийн амралтын өдрийг нь болиулж, үүний оронд Чингисийн төрсөн өдрөөр амарч байна.
Хэдийгээр энэ “уламжлал” болоод цөөхөн хэдэн жилийн нүүр үзэж байгаа ч монголчууд “Улс тунхагласан өдрөө” мартагнаж эхэлжээ.
Өнөөдөр Бүгд найрамдах улсаа тунхаглан зарласны түүхт 91 жилийн ойн өдөр. Түүхээ мэддэггүй хүн ойд төөрсөн сармагчин адил гэдэг дээ. Бүгдээрээ, бултаараа, цөмөөрөө төөрсөн сармагчин болох уу.
Өнөөгийн аль ч улс оронд ихэд олзуурхан тэмдэглэдэг баяр нь тусгаар тогтнолын өдөр байдаг.
Одоо дэлхий дээр оршин буй ихэнх улс гүрэн гадны колони, протектрат, эзэмшилд байсан түүхтэй учир эх орон нь дахин тусгаар тогтносон өдрийг ихэд бэлэгшээн тэмдэглэдэг юм.
Уг нь Монгол улс 1911 оны 12-р сарын 29-нд Манж Хятадын вассаль эрхшээлээс салан тусгаар улсаа тунхаглан зарласан түүхтэй. Гэхдээ Монгол улсыг 1206 онд тунхагласан нь ч үнэн. Тунхагласнаа тун удалгүй дэлхий даяар мэдрүүлсэн. Сэлмийн хүчээр, ухааны саруулаар... Харин 1924 онд Монголд хаант засгийг халж Бүгд найрамдах улсын засаглалтай болсон юм.
Тэгвэл 1924 оны 11-р сарын 26-нд чухам юу болсон бэ? 11-р сарын 26 бол Бүгд найрамдах улсаа байгуулсны баярын өдөр. Хаант улсын төгсгөл ирж, Бүгд найрамдах улс болж өөрийн Үндсэн хуулиа баталсан тэмдэглэлт өдөр юм.
Өөрөөр хэлбэл Монгол улс 1911 оны 12-р сарын 29-нд Манжчин улсын хараат байдлаас гарч, тусгаар тогтнолоо олж, улсаа тунхаглан зарлаж байсан бол 1924 оны 11-р сарын 26-нд Бүгд найрамдах улс болж Үндсэн хууль баталсан юм.
Үүнийг түүхэнд “1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Улсын анхдугаар их хурлаар БНМАУ-ын Анхдугаар Үндсэн хуулийг баталж “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах бүрэн эрхтэй Ард Улс гэж зарлан төрийн дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн улсын аливаа хэргийг УИХ ба мөн хурлаар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүсэглэн дагавал зохино” хэмээн тунхаглажээ.
Ингэснээрээ Монголын төр, засаг ард түмний мартаж болшгүй түүхэн өдөр юм. Тэгэхээр 1924 оны 11-р сарын 26-нд “Бүгд найрамдах улс байгуулагдаж, үндсэн хууль баталсан баярын өдөр” гэж тэмдэглэх нь зүйн хэрэг билээ.
11-р сарын 26-ны өдрийг шүүмжлэх хүмүүс цөөнгvй байдаг. Учир нь энэ өдөр маш олон үхэл хагацал, худал хуурмаг, гажуудал, гашуудлыг дагуулсан байдаг. Тэглээ гээд энэ өдрийг, өнөөдрийг мартаж үл болно. Энэ өдрийн төлөө золиослогдсон бүхний үнэ цэнийг бодож зөв нэрлэж, зөв ойлгож, зөв тэмдэглэн өнгөрүүлэх нь хойч үе бидний эрхэм үүрэг.
Гэвч өнөөдөр жирийн иргэд маань 26-нд болдог байсан зөвхөн амралтдаа биш, хүндэтгэлийн хурал, тоглолт, төрийн ёслолын бусад арга хэмжээг үгүйлж байна.