8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Бат-Очир: Жорлон ухаад ч болов олсон мөнгөнөөс нь жорлон л үнэртэв гэж

2016-04-26 08:29:00

Уулны цаанаас угтах нартай зэрэгцээд л үдшийн бүрий хүртэл өөрийгөө залуу мэт ажиллаж, нас хэвийсэн ч намба зааж гэртээ суугаагүй энэ настан буурайг С.Бат-Очир гэдэг. Нарантуулынхан “гагнуурчин өвөө” гэж хочилдог тэрээр хөдөлмөрийн хөлс, амт шимийг дэндүү сайн мэднэ. Одоогоос арван жилийн өмнөх шигээ залуу байсансан бол их ч ажлыг амжуулах байсан даа гэхдээ одоо болоогүй ээ гэж ярих нь, амьдралдаа хичнээн хайртай хөдөлмөрлөх хүсэлтэйг илтгэнэ. Хамгийн гол нь ажлаа сэтгэлээсээ л хийх хэрэгтэй гэсэн үг түүний ажилдаа баримтлах гол зарчим. Дэлхийгээр нэг тэнүүчилж суутныг хайхаас илүү дэргэд  байгаа энэ намхан буурал өвгөнөөс авах юм их бий.

 “Амьдрал сайхан” булангийнхаа энэ удаагийн зочиноор Нарантуул зах дээр 10 гаруй жил гагнуурчнаар ажиллаж байгаа  Содовын Бат-Очирыг уншигч тантай уулзуулъя. Өвөөд нь ч ярих юм их бий дээ. Гэхдээ тун ч завгүй байдаг юм хэмээх энэ настантай ажлынх нь зав чөлөөгөөр ийнхүү хуучиллаа.

- Сайхан хаваржиж байна уу? Та өөрийгөө уншигчиддаа танилцуулна уу?

Намайг Содовын Бат-Очир гэдэг.  Одоо 67 настай. Хүмүүс намайг гагнуурчин өвөө л гэж дууддаг юм.  Өвөө гэдэг үг анх сонсоход эвгүй л байсан. Одоо нас ахихаар чихэнд орчихдог юм байна. /Инээв/. Би Хөвсгөл аймгийн Рагшаант сумын хүн. Гэхдээ нутгаасаа гараад 40-өөд жил болчихлоо.

- Эхнэртэйгээ анх хэдэн онд хаана танилцаж байв?

Манай хүнийг Уламбаяр гэдэг. Ханьтайгаа 1977 онд үйлдвэр кабинатад цахилгаан станцад байхдаа танилцсан юм. Тэгээд 1979 онд эхнэрийнхээ нутаг Говь-Алтай аймаг руу цүнхээ үүрч онгоцоор нисэж очоод л  авчирч байсан юм. Манай хадмууд их буянтай хүмүүс байсан юм. Ганц хүн ёрдойчихоод яваад очиход энэ хаанахын, хэн юм гэж намайг голж шилээгүй. Дараа нь ханьтайгаа Төв аймгийн Эрдэнэцантад ирж тракторын жолооч, комбани барьдаг байлаа. Эргээд харахад эхнэртэйгээ 40 жил ханилчихжээ.

- Та хоёр хэдэн хүүхэд, төрүүлж өсгөсөн бэ?

Манайх гурван банди хоёр охинтой. Харамсалтай нь нэг охиноо 16 жилийн өмнө алдчихсан. Би их азгүй хүн. Миний муу охин авъяастай охин байсан юм. Одоо манай хүүхдүүдийн том нь 40, тэрний дараах нь 30, настай хамгийн отгон нь  одоо Олон хэл судлалын захирал хийгээд явж байна.

- Та анх ажлын гараагаа хаанаас эхэлж байв?

Миний үндсэн мэргэжил бол уг нь трактор комбаний жолооч. Хүүхэд байхдаа Хөвсгөлийн Рагшаантад тракторын жолооч хийж байсан. 17 жил комбанид байсан хүн. Дараа нь жолооч хийж байгаад үйлдвэрт ажилласан. Тэнд очоод цахилгаан шат, лифтийн засварчин, тоног төхөөрөмж өргөх тээвэрлэх машин механизмын засварчин, сантехник, гагнуур цахилгааны мантож гээд бүхий л ажлыг хийсэн. Эрдэнэтийн хивсний үйлдвэрт 20 гаруй жил ажиллахад засаг намайг үнэлж 2 өрөө байраар шагнаж байсан олны буянг зөв л эдлэх хэрэгтэй. Би үр хүүхдүүддээ ч юм бүрийг хийхийг сургадаг юм. Чи дөчин жил хүн гуйх уу хонь алж сур гэж. Манай хөвгүүд хонь муулаад хүүхнүүд нь гэдсийг нь янзалчихдаг юм. Өөрөө л өөрийнхөө ажлыг амжуулахаас өөр арга  байхгүй шдээ.

- Өнөөгийн нийгэмд хүмүүст ажил олдохгүй байна гэх юм. Таны бодол?

Арчаагүй хүн аль ч нийгэмд ядуу амьдарна шүү дээ.  Ядуу амьдарч байгаа нь  өөрийн арчаагүй байдлынх. Ядаж л толгой шийр худалдаж аваад янзлаад хуйхлаад сдужнь болгоод зарахад юу нь буруу байгаа юм.  Хүн юу ч хийж мөнгө олж болно.Жорлон ухаад мөнгө олвол олсон мөнгөнөөс нь жорлон л үнэртэв гэж.. .Нийгэм өөрийн арчаагүйдээ ядуу байгаа. Залууст хөдөлмөрлөөд Ланд унах нөхцөл бололцоо нь байна. Одоогоос 10 жилийн өмнөх шигээ би залуу байсан бол маш их юм хийх байсан. Даанч одоо миний нас хөгширчихлөө гэхдээ болоогүй би 70 хүртлээ зүтгэчих байх  гэж бодоод байгаа.  Хүн хөшиж үхэхээс хөгширч үхэхгүй, хүн ер нь сэтгэлийн амьтан.  Ядарч, зүдэрч байна гээд бодчихвол ямар ч ажлын ард гарч  чадахаа больчихдог юм.

Арчаагүй хүн аль ч нийгэмд ядуу амьдардаг. Ядаж л жорлон ухаад мөнгө олвол олсон мөнгөнөөс нь жорлон л үнэртэв гэж.

- Та одоо Нарантуулд гагнуур хийж байна. Анх хэдэн оноос энд ажиллаж эхлэв?

Би энд 10 гаруй жил болж байна. Анх сүх зардаг байсан. 500 орчмыг зарсан байх. Төмөр цавчаад шалгаж үзээд аваад яв гэдэг байлаа. Нэг хэсэг шаталттай пийшингийн курст суугаад энэ чиглэлээр ажилладаг байсан  Одоо энд өглөө арваас  орой долоо хүртэл өвөл зунгүй ажиллана. Гучин градус хүртэл халж хөрч л байдаг юм. Өдий хүртэл сайн муу их л юм үзлээ. Надаар юмаа гагнуулах гэж хөгшин залуу юмаа мэддэг, мэддэггүй олон хүн ирдэг. Би юмыг нь  өөрийн юм шиг л хийгээд өгдөг. Хүнийг хулхидвал өөрийгөө хулхидсантай адилхан. Би санамсаргүй гар хөлөө огтолчихвол боддог юм. Би хүнд буруу юм хийчихэв үү гэж. Би  хүнд хийсэн буруу үйлдэл өөрийн толгой дээр, үгүй юм аа гэхэд үр хүүхдэд буудаг гэдэгт итгэдэг. Би хүний юмыг хэрвээ муу хийсэн бол бага мөнгө, сайн гагнасан бол хөлсөө боломжийн аваад л явдаг. Ажилд ур чадвар шаардлагатай ч 70 хувь нь сэтгэл байх ёстой. Хүмүүс юмаа хаячихаад яваад өгөхөд тэрнийг нь сэтгэлээсээ хийгээд тавьчихдаг юм.Ер нь аливаа зүйл шуналдаа биш сэтгэлдээ байдаг юм. Хүн баярлуулаад 5 төгрөг олох гомдоогоод 10 төгрөг олох хоёр цаанаа дүндээ дүн. Өртгөнд нь тэр 5 цаас гараад л явчихна. Миний хүнд хийсэн юм дутуу араас нь хөөцөлдөж явж байгаад авчирдаг.  Одоо гагнуурандаа 5 жилийн баталгаа олгодог.

- Хэр олон хүн үйлчлүүлж байна вэ?

 Олон жил ажилласан болохоор 300 орчим байнгийн үйлчлүүлэгч байгаа. Хүн насаараа сурдаг л гэдэг дээ.  Би  одоо ч өөрийгөө чадна гэж хэлдэггүй.

- Гагнуур хийж суръя гэсэн хүн таньд ирдэг үү?

Хаяа л ирдэг. Гэхдээ ганцхан удаа нүд нь өвдөхөөр, эсвэл ганц хоёр хоноод л явчихдаг. Гагнуур хийхэд нүд өвдөх, шарсан мах үнэртэтлээ хүртэл түлэгдэх үе байж л байдаг. Ажил нь тэр юм чинь яахав дээ. Уг нь гагнуурчин бол хоцрогддоггүй сайхан мэргэжил  Би гагнуурын тавдугаар зэрэгтэй.

- Гагнуур хийхэд нүдэнд их хортой байх. Таны хараа ямар вэ?

Хараа ер нь муу өрөөсөн нүд юм харахгүй шүү. Баруунаараа л гагнуур хийдэг. Тэглээ гээд гэртээ суухгүй. Би гэртээ мантожилсан грашийн хаалгыг онгойлгоход хоёр точил гадаа гараад л ирдэг. Гэртээ хүртэл ажлаа хийж л явна. Хараанаас бусад зүйл бол сайн. Ер нь архи тамхи хоёр хүнийг найгүй болгочихдог юм байна шдээ. Хараад байхад миний үеийн 70 дөхөж яваа хөгшинд юун ажил хийх, явж чадахгүй болчихсон байна. Архи арван нас тамхи таван насыг хасдаг гэдэг үг  амьдралд бодитой юм байна лаа. Миний хувьд насаараа энэ бүхнээс хол явсан болохоор өдий зэрэгтэй явна.

Улс төрчид ичих нүүрээ уландаа гишгэсэн, хайрлах, энэрэх сэтгэлгүй байна. Тэд өөрсдийгөө тэжээгээд хэтрэхгүй үр хүүхдүүд, хүүхдийнхээ хүүхдийг тэжээх гээд өчнөөн тэрбумаар гударч байна.

-Таны хувьд амьдралдаа баримталж явдаг зүйл юу вэ?

 Мөнгө зээлэх ламборданд юм тавихыг, би насаараа үзээгүй хүн. Санхүүгийн шаардлага хүний амьдралд тулгардаг тэр бүхнийг өөрийн бололцоогоороо даваад гардаг болдог л юм. Одоогийн энэ хатуу, хэцүү нийгэмд хэн хэндээ туслах вэ дээ. Энэ хатуу нийгэмд дор хаяж сая төгрөгтэй байх хэрэгтэй.  Өвчин тусвал яах вэ, сандарсан үед хэдэн цаастай л байя гэж боддог.

- Хоёулаа яриагаа жаахан улс төрлүү хазайлгая. Таны бодлоор төрийн түшээд хэрхэн ажиллаж байна вэ?

Уг нь Арабын Эмират улс шиг баян тансаг амьдрах нөхцөл манайд байна. Гэтэл гуравхан сая хүнтэй монголчууд гол харалмаар амьдарч байна. Бидэнд баялаг  бүх зүйл байхад ингэж амьдрах учиргүй. Улс төрчид ичих нүүрээ уландаа гишгэсэн, хайрлах, энэрэх сэтгэлгүй байна. Тэд өөрсдийгөө тэжээгээд хэтрэхгүй үр хүүхдүүд, хүүхдийнхээ хүүхдийг тэжээх гээд өчнөөн тэрбумаар гударч байна. Одоо бол би АН, МАН алинд нь ч өгөхгүй хувиараа нэр дэвшсэн гайгүй  хүмүүст л өгмөөр байна.  Сайхан чадалтай, хүний төлөө гэсэн хүмүүс байгаа ч мөнгөгүй болохоор  гарч чадахгүй байна. Өнөөдөр Монголчууд хичнээн тэрбумын өртэй билээ. Тэр их өрийг яаж дарах юм бэ. Бидний үр хүүхэд, та нарын минь л үе зовох байхдаа.

- Монгол хөгжөөд байна л гэдэг. Гэхдээ хөгжилөө өндөр барилгуудаар хэмжээд байх шиг?

Өнөөдөр барилгын метр кв-ын үнэ хэд байна. Өдөрт арван мянгыг хийгээд байхад хэдэн жилийн дараа арван саятай болох билээ. Амьдрал дээр маш хатуу. Би бол  махаа идэж зовлогоо зовоож байж мөнгө олдогыг мэднэ. Монголчууд бүгд өрөөр амьдарч байна. Гучин саяын зээл аваад яах юм бэ. Үхэж чадахгүй шдээ. Үр хүүхдээ өртэй үлдээх үү. Засаг төр маань Монголчуудыгаа ядуу байлгах зорилготой. Яагаад гэвэл ядуу хүн амархан хууртдаг, шуудай гурил өгвөл бөөн баяр засгийн минь хайр хишиг гээд л авна, юманд амархан хууртана.

Засаг төр маань Монголчуудыгаа ядуу байлгах зорилготой.  Яагаад гэвэл ядуу хүн амархан хууртдаг, шуудай гурил өгвөл бөөн баяр засгийн минь хайр хишиг гээд л авна, юманд амрхан хууртана.

- Та улсад хэдэн жил ажилласан бэ, тэтгэвэр хэдийг авч байна?

Би  улсад 32 жил ажилласан ч тавхан хувийг нь л авч байгаа. Тэгээд тэтгэвэрээ бага тогтоолгочихоод байцаагчтай уулзаад хэлсэн лдээ. Би бол наадахыг чинь засгийн хайр хишиг гэж үзэхгүй байна. Та нарт би мөргөөд байх шаардлага алга, Би авах ёстой юм аа л авч байгаа социолист бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулж, насаараа гар хөлөө чичиртэл зүтгэсэн. Харин та  нар хувьчлал гээд бүгдийг нь устгасан гэж хэлсэн. Өнөөдөр эх орныхоо бүтээн байгуулалтанд зүтгэж явсан ахмадууд сэтгэл гундуул яваа. Одоо би  тэтгэвэр нэмэгдсээр байгаад 290 мянган төгрөг авч байна.

- Ахмадуудын  тэтгэврийг төрөөс нэмчихсэн гээд байдаг шүү дээ?

Тийм биш. Ядахад яр гэгчээр дээдчүүд хөлдөө биднийгээ чирч баллаад байх юм. Ахмадуудын цалинг 20 хувь нэмлээ гэж хэлээд хүмүүсийн тэтгэврийг нэмээд дундажлаад гаргачихсан. Саяхан статистикын дарга Монгол хүний дундаж цалин 900 мянган төгрөг бйана гэсэн. Хаана байна тэр их мөнгө, яасан амьдралгүй толгой вэ тэр. Ингэж худлаа хэлж болохгүй үүнийг дагаад юмны үнэ нэмэгдчихнэ шдээ. Худал мэдээлэл хүнд гай болохоос тус болддоггүй. Энэ сургаар наймаачид сүү хулгайлж байгаа муур аятай сэмээрхэн нэмчихнэ.

Хөгшчүүд юун зугаалах манатай үр хүүхэд, хүүхдийнхээ хүүхдийн сургалтын төлбөрийг нь төлөх гээд махийж байна. Гэтэл томчууд нь талхныхаа ч үнийг мэддэггүй юм байна лээ

- Улсдаа хүчээ өргөсөн ахмадуудын  уг нь намбайгаад сууж байх нас. Гэтэл энэ тэнд гудамжны буланд хил тавьчихсан суух хүмүүс ихэвчлэн настайчууд л байх юм?

Англи, Америкчууд өдийд зугаалаад явж байна. Гэтэл манай хөгшчүүд юун зугаалах манатай үр хүүхэд, хүүхдийнхээ хүүхдийн сургалтын төлбөрийг нь төлөх гээд махийж байна. Гэтэл томчууд нь талхныхаа ч үнийг мэддэггүй юм байна лээ. Айхтар дээшилчихээрээ тэгдэг юм байна. Талхны үнэ хэд вэ гэдгийг сангийн яамны сайд мэдэхгүй л байсан шдээ. Талх авч үзээгүй л улс шиг шүү дээ. Тансаглахад учир хэмжээ байдаг л баймаар. Гэхдээ яах вэ, Монгол улс. ард түмэн минь аз хиймортой л байх байлгүй дээ. Дандаа муухай яваад байна гэж байхгүй. Төрийн эргэлт гарах байлгүй дээ.

Нээрээ ч амны бэлгээр Монголчууд бид өөдлөн дэвжих цаг ойрхон байна. Улс эх орны хөгжил хүн нэг бүрийн чин сэтгэлийн хөдөлмөрөөс эхтэй байдгийн адилаар хүн бүр С.Бат-Очир гуай шиг ажилдаа чин сэтгэлээсээ хандвал хөгжил ойрхон мэт санагдана. Монгол ядуурч байна, ажил олдохгүй байна гэсэн атлаа гудамжинд гарч лонх эргүүлэхдээ халаасандаа мөнгөтэй болчихдог хайран залуу нас бидний дунд олон л байгаа. Монголчууд бид эд хөрөнгийн ядуурлаасаа илүү сэтгэлгээний ядууралд өртчихсөн юм болов уу даа гэсэн бодол цухуйснаа ч нуух юун. Өөдлөн дэвжих Монгол оронд маань бүтээн байгуулалт өрнөж хүн бүрийн амнаас зовлон биш аз жаргалын үг асгарч хайранд бүүвэйлэгдсэн орчлонд хангалуун сайхан амьдрах цаг үе ойрхон л байгаа. Гудамжны буланд гуйлга гуйсан, шуудай үүрч архинд гуйвсан хар бараан дасал болсон тэр дүр төрх мөдхөн үгүй болж Монгол оронд маань сайхан цаг үе ирнэ гэдэгт итгэнэм. Ай даа хүмүүс минь Амьдрах сайхаан, хоосон хонож гэдэс хонхолзох өдрүүд байвч үүлний сүүдэр арилдагын адил, үдшийн дараа өглөө болдогийн адил гуниг бэрхшээлийн бараан үүдэр үгүй болох өдөр ирнэ. Гагцхүү энэ сайхан Монголдоо эзэн нь болж төрсөн шиг их хувь заяа үгүй билээ.    

Б.Мөнхдалай

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Сэтгүүлч ээ үг үсгийнхээ алдааг хүнээр уншуулж засуулж байгаач ээ. Утга санаа ямар ч авцалдаагүй юмнууд хэлээд байна шүү. Ийм сайхан яриаг алдаагүй хүргэчихсэн бол их л шингүүртэй байлаа. Даанч энд тэнд алдаа торолзоод сэтгэлд нэг л дутуу санагдлаа даа.
2016/04/27 103.17.108.42
зочин
Ах минь сайхан юм ярьсан байна.Бидэндээ олон жил түшиг болж яваарай.Энэ хүн миний ах бас Монголоо гэсэн эр хүн ахдаа хайртай шүү.
2016/04/26 103.17.108.42
njuty
ийм ухаантай улсын үгийг сонсож баймаарсан
2016/04/26 103.17.108.42
Uuchlaarai
Uuchlarai Like darah gj bgd dislike darchihlaa
2016/04/26 103.17.108.42
энэ хүний ярилцлагыг дээдүүл маань нэг хараасай
2016/04/26 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment