Нийслэлийн болон хөдөө орон нутгийн эмнэлгийн ажилтнууд өчигдөр Чингисийн талбайд тайван жагсаал хийсэн. Тэдний жагсаалын гол зорилго нь Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад өөрчлөлт оруулахыг шаардаж, төр засагтаа хандан үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн.
Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын талаар Монголын яаралтай тусламжийн хөгжлийн нийгэмлэгийн тэргүүн, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч Ө.Анхболдтой энэ үеэр ярилцлаа.
-Эмч эмнэлгийн ажилчид Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын аль зүйл заалтыг эсэргүүцэж байгаа вэ?
- Энэ хуулийн 15.1 дүгээр зүйл заалтыг эсэргүүцэж байна. Хүнийг санаатайгаар алсантай адилаар яллаж байгаа нь арай л хатуудсан. Ер нь ийм хууль байж болно. Гэхдээ орчин нөхцөлийг нь бүрдүүлээд өгчихсөн бол бид үүнийг эсэргүүцээд байх шаардлагагүй. Орчин бүрдчихсэн стандартынхаа дагуу ажлаа хийж байгаа бол бид алдаа гаргахгүйгээр өөртөө итгэлтэй ажлаа хийнэ. Өнөөдөр эрүүл мэндийн салбарын орчин нөхцөл бүрдээгүй, эрүүл мэндийн даатгалын байж байгаа царай нь ямар байгаа билээ. Одоогийн байдлаар нэг эмчид ноогдох ачаалал ерөнхийдөө олон улсын түвшинтэй харьцуулахад 3-4 дахин хэтэрсэн байгаа. Жишээлбэл: Сэтгэцийн эмч өдөрт найман хүнтэй уулзаж, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх ёстой. Гэтэл би өдөрт ойролцоогоор 40 хүн үзэж байна. Манай эмнэлэг 45 ортой. Сэтгэцийн өвчтэй, асуудалтай хүнийг буцааж явуулж болдоггүй. Иймээс бүх хүмүүсээ эмнэлэгтээ хүлээж авдаг. Ер нь бол байнгын 60 орчим хүнтэй байдаг. Иймээс их ачаалалтай байна. Манай эмнэлгээс гадна бусад эмнэлгийн ачаалал нэмэгдсэн байгаа. Тухайлбал, Гэмтлийн эмнэлэг дээр нэг орой гэхэд 1500 орчим хүн гэмтэж бэртээд очиж байгаа. Гэтэл тэнд ажиллаж байгаа эмч нарын тоо хангалтгүй, ерөнхийдөө 70-80 эмч ээлжээр ажиллаж байна шүү дээ. Үүнийг хуваагаад үзэхээр ойлгомжтой. Нэгдүгээр эмнэлэг дээр жилд 1500 орчим хүн мухар олгойны хагалгаанд ордог. Мухар олгойны хагалгааг амь насны заалтаар хийдэг. Мөн хоёрдугаар төрөх дээр жилдээ 1200 хүн төрж чадахгүйгээр хийсвэр хагалгаа хийлгэдэг. Нэгдүгээр төрөх дээр 1800, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дээр жилдээ 3400 хийсвэр хагалгаа хийж байна. Энэ хүмүүсээс эндэж эрсдэж байгаа тоо маш бага байгаа. Гэтэл эмч нарыг яллана гээд байгаатай санал нийлэхгүй байна. Ер нь төгс төгөлдөр юм байхгүй. Эмчилгээ ерөнхийдөө ойролцоогоор 75–аас дээш хувьтай байх юм бол олон улсын жишигт хүлээн зөвшөөрөгддөг юм. Хүн болгоны бие эрхтэн өөр өөр байдаг. Жишээлбэл, нэг үйлдвэрээс гарсан машиныг нэг программаар оношлох боломжтой. Гэтэл хүн бүр дээр өвчин өөр өөр илэрнэ. Тухайлбал, би зүрхний өвчтэй байлаа гэхэд давхар сахартай, зарим хүн ганцхан зүрх нь өвддөг байх жишээтэй. Олон өвчин дээр зэрэг анхаарч байж, эмчилгээ бүрэн төгс болно. Одоо хүмүүс өөрийнхөө эрүүл мэндийг анхаарахгүй, бусдад даатгаж хаядаг. Энэ байдлаасаа гарсаны дараа өндөр хариуцлагыг ярих ёстой. Ер нь бид өндөр хариуцлагатай, ёс зүйтэй байсаар ирсэн.
Шүүгч нарын хариуцлагыг нэмэгдүүлж байна гээд ямар арга хэмжээ авсан юм бэ. Арга хэмжээ авахгүй байж эмч нарыг яагаад ийм өндөр зүйл заалтаар дарамталж нэг хөлийг шоронд, нөгөө хөлийг нь ажлын талбар дээр уяж байгааг эсэргүүцэж байна.
-Эмч нар өвчтөнийг буруу оношилж, эрүүл мэндээр нь хохироодог. Мөн хэн нэгний танил талаар эмнэлгийн үйлчилгээг явуулдаг гэдэг?
-Ачаалал ихтэй учраас хүмүүс дугаарлаж зогсохоос залхаж танил талдаа ханддаг. Би үүнийг үгүйсгэхгүй. Хүнд суртал гардаг гэдэг дээр би санал нийлэхгүй. Бид гурав дахин ачаалал нэмэгдчихсэн нөхцөлд ажиллаж байна. Иймээс хүн бүртэй сайхан хандах нөхцөл байна уу. Сайн таньдаг хүн, хамаатныхаа хүнтэй ч мэндлэх завгүй ажиллаж байна. Хүн үхэх гэж байхад хэн нэгэнтэй тухтай юм яриад зогсож чадахгүй шүү дээ.
-Эмчийн санаандгүй байдлаас хүний амь нас хохирох тохиолдол цөөнгүй гардаг. Үүнд эмч нар ямар хариуцлага хүлээдэг вэ?
-Алдаа гардаггүй салбар гэж байхгүй. Алдаа гаргах ёсгүй улсын бодлого авч яваа өндөр албан тушаалтнууд алдаа гаргаж байгааг харж л байна шүү дээ. Улс орноо ломбарданд тавиад туучихсан. Өөрсдөө ханаж хагаралтаа баяжчихсан байна. Эдгээр хүмүүс яагаад хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ. Хүн болгон тангараг өргөдөг. Тухайлбал, Цагдаа, УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэх мэт бүх хүмүүс тангараг өргөж байхад ганцхан эмч тангарагтай юм шиг хандахаа болих хэрэгтэй.
-Манай эмнэлгийн салбарт чадвартай эмч нар зөндөө байгаа. Гэвч эдгээр эмч нар хувийн эмнэлэг байгуулах эсвэл зөвлөх эмч, гэрээт эмчээр ажилладаг. Энэ байдлаас харахад эмч нар хэтэрхий мөнгөний хойноос явж байгаа юм биш үү?
-Энэ бол цалин мөнгөтэй холбоотой. Улсын эмнэлэгт ажиллаж байгаа эмч ойролцоогоор 460 мянган төгрөгийн цалин авч байна. Одоо бидний хүнсний хэрэглээний үнэ ямар байгаа билээ. Энэ цалингаар хүн амьдарч чадах уу. Миний ээж нүүрс зарж байна. Өдрийнх нь орлого 60 мянган төгрөг. Гэтэл би сарын цалин гэж 460 мянган төгрөг авдаг. Үүнийг 30 хоногт хуваагаад үзвэл миний өдрийн орлого 18 мянган төгрөгөөс доош гарна. Энэ бол боолчлолын хэмжээнд хүрчихсэн. Үүнээс харахад бид цалингаа хоолонд зарцуулаад дуусч байна. Одоо надад хоёр мянган төгрөг байна. Орой харих унааны л мөнгө. Амьдрал дээр ийм байна шүү дээ.
-Олон жил ажилласан эмч нар урамшууллын цалин гэж авдаггүй юм уу?
-Ерөнхийдөө адилхан. Ажил хийхгүй байгаа хүн, ажил хийж байгаа хүн хоёр адилхан цалин авдаг. Үүнд урамшууллын бодлого байхгүй. Хэрэв би өдөрт зуун хүн үзвэл урамшуулал цалин ордог бол сайхан л байна. Гэтэл би өдөрт арван хүн үзсэн эмчтэй адилхан цалин авдаг.
-Одоо энэ эрүүл мэндийн салбар асар их уналтанд орж, бараг л элгээрээ мөлхөж байна. Юу хамгийн их нөлөөлж байна вэ?
-Эрүүл мэндийн салбарын бодлогыг зөв авч явсан бол энэ салбар ингэж элгээрээ мөлхөхгүй. Нэг орон дээр гурван хүүхэд зэрэг хэвтэж, эмнэлгийн шалан дээр төрж, үзүүлэх гээд дугаар хүлээж байгаа хүн үхэж байна. Энэ бидний буруу юу. Салбар хариуцсан яам ямар ч бодлого байхгүй учраас энэ салбар ийм байдалд хүрсэн. Эмч нар ажлаа сайн хийж байгаа. Бодлогын түвшинд болохгүй байна. Гэтэл яагаад эмч нарт буруугаа өгөөд байгаад гайхаж байна. Бодлогын алдаа юунаас болж гарч байгааг судалж гаргаж ирдэг байгууллага байх хэрэгтэй. Мэргэжлийн хяналтын байгууллага бол мэргэжлийн зөвлөгөө өгдөг байх ёстой. Энэ байгууллага торгож, айлгаж дарамталдаг газар биш ээ. Гэтэл мэргэжлийн хяналтын газар ирээд торгож байна. Яамны бодлого нь гадны орны бодлогыг орчуулаад тавьчихаад түүнийг эмнэлгийн ажилчдад тулган шаардаж байна. Энэ бодлого монголын хөрсөнд хэрэгжих боломжгүй.
Жишээ нь Яаралтай түргэн тусламж дээр орж ирж байгаа хүмүүст бүх төрлийн шинжилгээ хийгээд гаргах ёстой. Мөн яаралтай түргэн тусламж дээр хэрэглэж байгаа олон улсын стандартаар шаардлага хангасан эм тариа хэрэглэх ёстой.
Одоо бид нарт барьж аваад хийчих орчин үеийн стандарт байхгүй. Стандарт байхгүй байхад намайг ажлаа зөв, буруу хийж байгаа гэдгийг яаж тогтоох вэ. Хүнийг яаж ч эмчилж болно. Ямарч эм өгөхгүйгээр сэтгэл санаагаар нь дэмжээд эмчилж болно. Гэтэл хүн бүрт таарсан стандарт хийх боломж байдаггүй.
-Сүүлийн үед эрүүл мэндийн салбарыг хэт их улс төржүүлээд байх шиг байна?
-Улс төржиж байсан бол энэ салбар ингэж элгээрээ мөлхөхгүй. Улс төржиж байгаа газрууд чинь улс төрийн дэмжлэг аваад сайхан болж байна. Эрүүл мэндийн салбарт салбараа мэддэг хүн байх хэрэгтэй. Энэ салбар сайдгүйгээр хичнээн удаж байгааг та бүхэн мэднэ шүү дээ. Сайдын дараагийн албан тушаалтан Төрийн нарийнаар ажиллаж байгаа хүн нь энэ салбарын хүн биш. Үе үеийн сайдаар ажиллаж байсан хүмүүсийг хүн эмчилж байсныг би лав санахгүй байна. Жишээ нь С.Удвал, Шийлэгдамба, Л.Гүндалай нар хүн эмчилж байсан түүх байхгүй. Эрүүл мэндийн салбар бол онцгой салбар. Энэ салбарыг авч явах хүн нь эмнэлэгт ажиллаж байсан мэргэжлийн салбараа мэддэг, зовлон жаргал ойлгодог хүнийг тавих хэрэгтэй.
-Тэгэхээр манай эмнэлгүүд ямар ч бодлогогүйгээр ажлаа хийж байгаа гэсэн үг үү?
-Одоо манай эмнэлгүүд ямар ч бодлогогүй өөрсдийнхөө толгойнд орсноороо ажлаа хийж байна. Ер нь бол бодлогоор зангидах ёстой. Энэ салбарыг бодлогоор дэмжихгүй бол хэзээ ч сайн болохгүй. Жишээ нь, Моносын эмийн сан руу яваад ороход хүний амь үзүүлэлтүүдийг үздэг мониторинг дөрвөн сая 800 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Энэ аппарат тендерээр дамжаад ороод ирэхээр 48 сая болдог. Үүнийг би ерөөсөө ойлгодоггүй. Арав дахин үнэтэй болж байгаа биз. Засгийн газар нь оролцоод ирэхээр арван мониторинг авах үнээр нэгийг авч байна. Тэгэхээр арван хүүхдийн толгой дээр тавих мониторингийг нэг хүүхдийн толгой дээр тавьж байгаа биз дээ. Энэ эмчийн алдаа юу.
Тендерээр орж байгаа бүх зүйл ийм байгаа. Эмүүдийн хувьд гэвэл хамгийн хямд тендер авна. Саяхан бид Багануур дүүргийн эмийн санч уулзаж байхад эмийн санд зарахаас ичмээр эмийг эмнэлгүүдэд тендерээр шахаж байна. Одоо эмийн компаниуд тендерт өгөх хямд эм байхгүй байна. Олж чадахгүй болохоор хамгийн хямд эмийг гаднаас захиалж байна шүү дээ. Бид ийм л эмээр иргэдийг эмчилж байна.
-Манай иргэд эмчийн бичиж өгсөн эм тариаг сайн гэж хэрэглэж байгаа. Таны ярьж байгаагаар бид хамгийн хямд эмийг хэрэглэж байгаа гэж байна. Энэ иргэдийн эрүүл мэндийн боловсрол муутай холбоотой юу?
-Хүмүүст эрүүл мэндийн боловсрол эзэмшүүлэх чухал шаардлагатай байна. Бид 1980 оноос хойш эмнэлгийн эмчилгээ стандартыг шинэчилж чадаагүй. Гэтэл одоо дэлхий тэр чигээрээ өөр болчихсон байгаа. Зүрхний шигдээсээр гэхэд л хүмүүс үхэхээ больчихсон. Түргэн шуурхай байх юм бол хүний амь насыг аврах боломжтой. Гэтэл манай яаралтай түргэн тусламж үзүүлэх хугацаа 22 минут л байгаа. Дөрвөн минутын дотор хүний тархи үхдэг. Тэгэхээр 22 минутын дотор хүн таван удаа үхэж байгаа биз. Дэлхийн ихэнх оронд яаралтай түргэн тусламж 6-8 минут болчихсон байгаа. Гэтэл манайх ямар байна. Энэ мэт тоочоод байвал бодлогын алдаа зөндөө байна.
Цаг, зав гарган ярилцсанд баярлалаа. Н.Алтаа