Дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт сумын нутгаас эртний занданшуулсан шарил олдсон. Уг шарилыг Буянт сумын Хөх эргийн Улаан зуух гэх газарт эмийн ургамал түүж явсан иргэн анх олж, орон нутгийн захиргаанд мэдэгдсэн байна. Уг шарил гаднаасаа хагас суусан байдалтай, урианхай хөдсөн дээлтэй, хонины толгой болон нэг судар хамт олджээ. Энэхүү шарилыг олсон даруй яаманд мэдэгдсэн байна. Яамнаас бидэнд шарилыг олдсон газарт нь байлгаж, хүн нэвтрүүлэхгүй байх үүрэг чиглэл өгчээ. Тиймээс цагдаагийн газраас хад орчмын хэсгийг хамгаалалтад аваад байгаа аж. Одоогоор судалгаа шинжилгээний ажил эхлээгүй байгаа юм байна.БСШУЯ-ны Соёлын өвийн мэргэжилтэн Б.Даваацэрэнгээс тодруулахад “Энэ талаар өнөөдөр ярихад эрт байна. Бид ямар ч байсан мэдээлэл авч, холбогдох хүмүүсийг судлуулахаар хуулийн дагуу зохих арга хэмжээ авч эхэлсэн. Гэхдээ уг шарилыг аймгийн соёлын төвд хүлээлгэн өгсөн гэдэг мэдээлэл байхгүй. Одоогоор энэ талаар мэдээлэл өгөхөд эрт байна” гэсэн юм.
Ламын шарилыг байрнаас нь хөдөлгөлгүй хамгаалж байна
2016-04-30 11:20:00