МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамба хоригдоод багагүй хугацаа өнгөрч байна. Тэгвэл түүний биеийн байдал муу байгааг намыхан нь дуулгаж байна. Өнөөдөр Үндсэн хууль баталж, Бүгд найрамдах улс тунхагласны 91 жилийн ойн өдөр. Энэ өдөрт зориулж, МАХН-ынхан Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ арга хэмжээний үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяраас түүний талаар тодруулахад "Угаасаа зүрх нь их муу. Тэр утгаараа бие нь их муу байна гэсэн. Бид их санаа зовж байна. Байцаах бол гаргаж байцаах хэрэгтэй. Заавал хорьж байцаадаг муухай дарангуйллын аргаасаа Монголын төр салах хэрэгтэй. Үнэхээр буруу зүйл хийсэн гэж үзэж байгаа бол хаана ч байцааж болно. Тэр зугтахгүй, хаашаа зугтах юм бэ. Байцаалт авахгүй хэрнээ тэнд олон хоногоор байлгаад байдаг. Байцаахын тулд хорьж байгаа биш айлгаж, дарамтлах, ямар нэг хэрэг тулгахын тулд байлгаж байгаа" гэсэн байна.
Г.Шийлэгдамбын бие нь их муу байна
2015-11-26 18:35:00