8o
Улаанбаатар хот
mobile menu

“Гудамж” төслийн зам, барилгын ажил хийсэн компаниудад мөнгийг нь өгөөгүйгээс дампуурах нь ээ

2016-05-03 12:17:00

“Эвлэлдэн нэгдэх , хөдөлмөрлөх эрхээ эдэлье “ МҮЭ-ийн жагсаал цуглаан өчигдөр  Чингисийн талбайд боллоо. Салбар салбарыг төлөөлөн ирсэн жагсагчид хувцасаараа жигдрэн, уриа лоозон бүхий самбаруудыг барьж Засгийн газар, Нийслэлийн засаг даргын Тамгын газарт шаардах хуудас хүргүүлж жагсаал хийв.Тус жагсаалд Нийслэл төдийгүй, Төв аймгийн ҮЭ-ийн холбоо, Багануур дүүрэг, Налайх, Багахангайн ҮЭ-ийн холбоо зэрэг орон нутгийн ҮЭ-ийн холбоодын төлөөлөн ирж оролцлоо. Тэр дундаа автозамчид  олуулаа ирсэн байв. Нийтдээ 30-аад компанийн төлөөлөл цугларчээ. Тэд өөрийнхөө хөрөнгөөр улсын ажил хийсэн ч одоо болтол санхүүжилтээ авч чадаагүй, хүнд байдалд оржээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газар, Эдийн засгийн хөгжлийн яам бондын хөрөнгөөр “Гудамж” төсөл хэрэгжүүлж, нийслэл төдийгүй орон нутгийн олон зам, гарц, явган хүний замыг шинэчлэн барьж бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлсэн билээ.  Энэ ажлын хүрээнд үндэсний 22  компани гудамж, уулзвар, замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн ч  өнөөг хүртэл санхүүжилтээ аваагүй байна. Мөн нийслэлд зам барьсан компаниуд ч санхүүжилтээ авч чадаагүйаж.

2014 оны 11 –р сарын дундуур Шинэчлэлийн Засгийн газар огцорч, Эдийн засгийн хөгжлийн яам татан буугдаж, “Гудамж” төсөл хаана харьяалагдах нь тодорхойгүй болж, өөрийн хөрөнгөөрөө барилга, зам засварын ажил гүйцэтгэсэн компаниудын санхүүжилтийг хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй нөхцөл байдал үүсчээ. Бондын хөрөнгийн зарцуулалтыг төсвийн бодлоготой уяж, төсөвт тусгах зайлшгүй шаардлагатай болсон гэхэд тэд  2014 онд учир байдлыг  ойлгож, 2015 оны төсөвт тодотгол хийхийг  хүлээжээ. Тэр дагуу 2015 оны намар Монгол Улсын төсөвт тодотгол хийж, бидний хийсэн ажлын санхүүжилтийг тусгажээ.  Гэвч одоо болтол олгоогүй байна.

 Замчид  үнэхээр хүнд байдалд оржээ. Бүгдээрээ л банкнаас,  банк бус санхүүгийн байгууллагаас, хувь хүнээс   үл хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмжөө барьцаалан зээл авцгаасан гэнэ. Гэтэл хоёр жилийн хугацаанд хүү төлсөөр одоо төлөх тэнхэлгүй болж,аргаа бараад  банкны  зээлийн хүүгийн дарамтанд орсон аж.

Жагсч байгаа замчид  “Бид бүхэн төрийн ажлыг гүйцэтгэсэн, гэтэл өнөөдөр манай компани  дампуурлаа зарлахад хүрч байна.Ажилчид бид цалингаа авсангүй жил гаруй болж байна. Нийгмийн даатгал ч төлөгдөөгүй. Төр  арай  ч дэндүү байна. Ажлаа хийсэн компаниудын мөнгийг яагаад өгчихөж болдоггүй юм бэ. Сангийн сайд Б.Болор л төсвийн алдагдлыг барина гээд 2015 оны төсвийн тодотголд суусан мөнгийг шилжүүлэх эрх нээж өгөөгүй гэсэн. Тэгээд 2016 он гаргачихаар дахиад төсөвт тодотгол хийж тусгахгүй бол олгох боломжгүй гэж замын компаниудыг  хүнд байдалд оруулж байна. Гадаадын компани болох “Ханресурс”-ын 70 сая ам.долларын өрийг болохоор 250 сая ам.доллар зээлээд  төлөх гэж байж, дотоодын  компаниудынхаа хийсэн ажлын хөлсийг өгөөч гэж шаардаж байна” гэж байв. 

Авто замчид бид ажилласаар, бүтээсээр, ядуурсаар л байна

Монголын авто замчдын ҮЭ-үүдийн холбооны дарга Б. Цэрэнпүрэв:

-Авто худалдааны төвийн цогцолборыг барих 4 компанийн 12,8 тэрбум төгрөгийг олгооүй байна.

-Гудамж төслийн 22 байгууллагын 7,5 тэрбум төгрөгийг олгоогүй байна.

-Авто зам засвар ашиг гээд орон нутагт зам тавьдаг 28 байгууллага байдаг. Эдгээр байгууллагын төсвийг өнгөрөгч онд төсөвт8 тэрбумаар төсөвлөсөн байгаа. Энэ нь иргэдийн амь насанд заналхийлсэн мөн ажлыг 50 хувиар бууруулах ийм шийдвэр гаргасантай холбогдуулан дараах асуудлуудаар шаардлага хүргүүлэн цаашид тасралтгүй тэмцэх болно. Өнөөдөр үүнээс үүдэн замын компаниуд бүгд өр зээлтэй, ажилчид нийгмийн даатгал татварт бүгд өртэй. Зээлээс зээл, өрнөөс өрний хооронд амьдарч байна. Авто замчид бид ажилласаар, бүтээсээр, ядуурсаар л байна.

Үндэсний компаниудаа сөхрүүлж  болохгүй шүү дээ

-Авто замын “Алтан балыш”  ХХК-ны инженер Б. Гантөмөр:

-Гудамж төслийн хүрээнд нийт  26 уулзвар нээнэ гээд 26 компани орсон боловч 22 нь дампуурлын байдалд орсон. Яагаад гэвэл 2 жилийн хугацаанд санхүүжилтээ аваагүй улмаас ийм нөхцөл байдалд хүрсэн. 22 компанийн 7,5 тэрбум төгрөг олгогдогүй байна. Гудамж төсөлд хандахаар Хөгжлийн банк санхүүжилтийг шийднэ гэдэг. Хөгжлийн банк нь Сангийн яам буруугаа чихээд 2014-2015 онд төсвийн тодотголд орсон мөнгө нь байхгүй болчихоод байгаа юм. Сангийн яам болохоор бид судалж байна. Төсвийн тодотголд оруулах уу, үгүй юу гэдгийг судалж байна гэсэн хариултыг өгөөд өнөөдрийг хүрлээ. Бид ажлаа хийгээд комисс хүлээгээд авчихсан байхад ингэж үндэсний компаниудаа сөхрүүлж  болохгүй шүү дээ.

Санхүүжилтыг авч чадалгүй 1-2 жил болж байна

Авто замын “Баткубик “ХХК-ны инженер Л. Бат эрдэнэ:

-Манай замын салбарын компаниуд хийж гүйцэтгэсэн ажлынхаа мөнгө санхүүжилтыг авч чадалгүй 1-2 жил болж байна. Үүнийг дагаад ажилчид ч цалингаа авч чадахгүй мөн нийгмийн даатгалаа төлж чадахгүйн улмаас ажилчид нийгмийн халамж үйлчилгээнд хамрагдаж чадахгүй хохироод жил гаруй хугацаа өнгөрлөө. Бид өнөөдөр албан шаардлагаа дээд шатны байгууллагуудад хүргүүлж  байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл