8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм:Жолоочгүй машин хүний аминд хүрч, жүжигчин Б.Амарсайханыг шалгах болсон өдөр

2016-05-03 19:00:00

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна. Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг дэлхийн өнцөг булан бүрт байгаа шударга үнэний дуу хоолой болсон  сэтгүүлчид баяраа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байна.  Анх ЮНЕСКО-гоос 1993 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон зарлаж, энэ үеэс хойш тасралтгүй тэмдэглэж ирсэн түүхтэй. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр зөвхөн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарынхны өдөр бус,  эрх чөлөөгөө дээдэлдэг хүн бүрийн хувьд чухал өдөр юм. Сэтгүүлчид хэвлэлийн эрх чөлөөний өдрийг баяр болгон тэмдэглэхээсээ илүү хэвлэн нийтлэх эрх чөлөөнийхөө  төлөө дуу хоолойгоо нэгтгэдэг уламжлалтай.
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл энэ удаагийн 
хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан "Олон нийтийн үнэнийг мэдэх гэсэн эрх ашигт захирагдана" гэсэн уриан дор тэмдэгдэн өнгөрүүлж байна. Үгээр үнэнийг сийлэх их үйлсэд хүчин зүтгэж буй бүх сэтгүүлчиддээ баярын мэнд хүргэж, амжилт хүсье. Ингээд үдэш болгон уншигч таньд хүргэдэг Монголын нэг өдөр тоймоо хүргэе.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

 Э.Билгүүн: Ажилтнаа морь мал мэт зүтгүүлдэг ч ар гэрийн асуудлыг нь анхаардаггүй

Өхөөрдөм гар, өөр хэнээс ч үнэртэхгүй тансаг үнэр энэ бол энэ орчлонд “Аав”-аа хэмээн дуудуулж ирсэн тэр бяцхан бурхан үрийн тань үнэр. Өөрийнхөө үргэлжлэл болсон алдрайхан үрээ бодох бүрт үнэр нь ханхалж инээд нь сонсогдох агшинд л эр хүн та энэ амьдралын утга учрыг ойлгож зөвхөн үрийнхээ л төлөө амьдрал нь улам асаж дүрэлзэн эрч хүчээр цэнэглэгддэг буй за.. Аяа аав хэмээх алдараас илүү эрхэм шагнал цол гуншин энэ орчлонд үгүй билээ. Гэвч Аав хэмээх эрдэнийн гурван үсэгний эзэн та чухам энэ л үгнийхээ хайр буян хишигийг дааж амьдарч  чадаж байна уу. Хорвоод дутагдах зүйлгүй зүрх дүүрэн хайртай атлаа бялхсан хайраа дунд мэт  эндүүрч, босгосон амьдралаа хямд мэт андуурч хөл нь гуйвж сархадын шилтэй нөхөрлөж, хөөрхөн үрсийнхээ харцанд нь айдас хүртэл хургадаг ойворгон нэгэн бидний дунд бишгүй  дээ л байгаа. Би “Монгол эр хүн” хэмээн цээжээ дэлдэн босоо гэдгээрээ омогшдог атлаа босго давж гэртээ ормогц гэргийдээ хүртэл аагаа гаргах болсон нь Монгол эр хүний тэр эрхэм нандин чанар,  жудагтай, хүнэлэг энэрэнгүй зан чанар алсад одсоныг илтгэх мэт. Монголд өнөөдөр 80 мянга гаруй өрх толгойлсон эмэгтэй байна. Тэгвэл  цагтаа орчлонд гайхуулж морин дэл дээр хийсч явсан тэр тэнгэрлэг эрчүүдийн орон зай энэ үед л үгүйлэгдээд байх шиг. Өнөөдөр дээрх тоо  олон Монгол  айлын гэр нь эзгүйрч, үр нь өнчирсөнийг илтгэж байна. Тэгвэл эх орныхоо хилийн манаанд, эрхэм үрсийнхээ зүрхний магнаанд зогсох учиртай эрчүүдийнхээ орон зайг хайхаар, энэ удаад  “Сайхан Монгол аав” ТББ-ын тэргүүн Э.Билгүүнтэй ярилцсанаа уншигч танд хүргэж байна.

- Сайн байна уу? Та эхлээд байгууллагынхаа үйл ажиллагааг уншигчиддаа товч танилцуулна уу?

Манай “Сайхан монгол аав” ТББ 2014 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Байгууллагын зорилго гэвэл эрчүүд рүү чиглэсэн  сургалт  судалгаа,  Монгол улсын хөгжлийн төлөө гэр бүлийн бат бэх байдлыг хадгалахын төлөө аав хүнд, эр хүнд  байх ёстой эрхэм чанаруудыг таниулж нийгэмд эерэг өөрчлөлтийг өгөх зорилготойгоор анх байгуулагдсан.

- “Сайхан Монгол аав” ТББ-ыг анх яагаад байгуулах болсон бол?

Би өөрөө аавгүй өссөн хүн л дээ. Манай аав намайг 3 настай байхад өвчний улмаас нас барсан юм. Хүнд аавын нөмөр нөөлөг гэж их үгүйлэгддэг. Насанд хүрээд гэр бүлтэй болох үед надад маш их асуудал тулгарсан лдаа. Гэр бүлтэйгээ зөрчилдөх үед хаана хэнд хандахаа мэдэхгүй болсон учраас шийдэх арга замыг хайж эхэлсэн. Тэгээд л өөр шигээ гэр бүлийн асуудалтай хүн бүрт туслаж тулгамддаг асуудлыг нь шийдвэрлэж Монголын гэр бүлийг аз жаргалтай сайн сайхан байлгахын тулд өөрийнхөө чадах чинээгээ зориулахыг хүссэн юм. Ер нь бол одоо бидний үе буюу 70-80 аад оныхон дунд гэр бүл салалт маш их байгаа. Энэ нь өөрсдийнхөө үүргийг ухамсарлаагүй, гэр бүлээ төлөвлөөгүйтэй холбоотой. Яг над шиг аавгүй өссөн олон хүнд аав гэдэг эрхэм нэрний утга учир, аавын үүргийг нийгэмд таниулахыг хичээж байна. Монголд гурван гэр бүл тутмын нэг нь салж байна гэсэн харамсалтай тоо баримт бий. Тиймээс ялангуяа одоо шинэ гэр бүл болж байгаа 20 орчим насны залууст анхнаас нь сайн аав байхын ухааныг сургах нь чухал.

- Насны хувьд хэд орчим насныхан дунд гэр бүл салалт хоёр дахь амьдрал зохиох байдал их байдаг вэ?

Ер нь бол ажиглаад байхад 40-өөс дээш насныханд  хоёр дахь  амьдрал, нууц амрагийн асуудал их байдаг. Энэ насныхан хөл дээрээ босчихсон тогтвор суурьшилтай, амьдралаа аваад явчих хэмжээний болсон байдаг учраас ийм амьдрал зохиох сонирхолтой байдаг.  Эр хүн гэр бүлийн ариун байдлыг сахих нь чухал л даа . Хамгийн гол нь гэр бүл салалт хоёр дахь амьдралын цаана  хүүхэд л өнчирч байна гэдгийг залуу аавуудад бид ойлгуулдаг.

- Ер нь гэр бүл салалт хэдэн оноос идэвхижиж эхэлсэн вэ. Одоо бараг л гэр бүл салах нь энгийн үзэгдэл мэт болж. Дээхэн үед бол энэ асуудал хатуу чанга байсан?

Гэр бүл судлаачдын судалгаагаар 2000 он гараад Ардчилал хөгжсөнөөс хойш гэр бүл салалт ихэссэн гэж үздэг. Энэ нь нөгөө талаас МУ-ын хүн амын “Гэр бүл”-ийн хууль дутмаг байгаа нь харагддаг. Тухайлбал эдийн засгийг нь дэмжиж байна гээд яг хөдөлмөрлөх насны шижигнэсэн залуусыг гадагшаа гаргачихдаг.

Гэтэл  гадагшаа яг нөхөн үржихүйн насны залуусыг явуулчихдаг нь  биологийн хэрэгцээгээ хангах боломжгүй болчихдог. Мөн хөдөө уул уурхайн ажилд  явуулахад хүртэл ийм асуудал тулгардаг. Гэр бүл салалтын бас нэг тодорхой шалтгаан бол энэ. Тиймээс үнэхээр хүнээ дэмжиж л байгаа бол гэр бүлээр хамтад нь ажиллуулах тэнд нь эхнэрийг нь  ажилтай, үр хүүхдийг нь сургуультай болгодог байх хэрэгтэй.Залуучууд амьдрах гээд л зүтгээд байдаг. Гэтэл хол байснаар эцсийн дүнд үл ойлголцол гарч салалт л үүсдэг. Биологи сэтгэл зүйн хэрэгцээг нь салгаад хаячихаар мөнгө байгаад ч нэмэргүй болчихно шүү дээ. Энэ талаар ярилцлагыг энд дарж уншаарай.

Насанд хүрээгүй хүүхэд залуус аллага хүчирхийлэлтэй тоглоомыг олон цагаар тоглож байна

Нийслэлд интернэт кафе цахим тоглоомын газар 500 гаруй бий гэх судалгаа байдаг ч өдөр ирэх тусам олширч хоосон байр сав болгон цахим тоглоомын газар бий болсон. Энэ төрлийн зөвшөөрөл авахад ч хялбархан болсон байна.Чамгүй ашиг олдог энэ бизнесийг бараг хүссэн бүхэн орц хонгилд ажиллуулж байгаа гэхэд хилсдэхгүй. Цахим тоглоомын газарт насанд хүрээгүй хүүхэд залуус аллага хүчирхийлэлтэй тоглоомыг олон цагаар тоглож байна. Хүүхдүүд  PC тоглоомд донтож улмаар Сэтгэцийн эрүүл мэндийн төвд эзэмчлүүлэхээс өөр аргагүй хүрдэг.

PC тоглоомд донтосон хүүхдүүдийн талаар сурвалжилхаар бидний хэлж заншсанаар” Шар хад-ын эмнэлэгийн зорьлоо. Төмөр сааралжин хаалгатай, бетонон хашаа бүхий эмнэлэгийн хашаагаар орлоо. Барилга нь хуучирсан эмнэлэгийн хаалгаар ороход эль хуль байдалтай, нэг л хөндий, өөрийн эрхгүй айдас төрүүлмээр дүр төрх угтлаа.  Хоёр давхарт  гарахад дадлагын бололтой хэдэн оюутан ном дэвтэр барьчихсан хоорондоо яриад сууж байв. Тус оюутнуудаас Хүүхэд өсвөр үеийн  клиникийн эмнэлэгийг  заалгаж  очлоо. Хаана юу байгаа мэддэггүй. Иймээс хүн гарч ирэхийн хүлээж 30 минут орчим зогслоо.  Гэтэл тор дүүрэн юм барьчихсан эмэгтэй хүрч ирлээ. Эгчээс  эмнэлэг рүү яаж орохыг асуулаа. "Хонх дарж ордог юм аа.  Тэгэхгүй бол эмч сувилагч гарч ирэхгүй гэв. Би өдөр хүүхдээ эргэхээр ирдэг. Энэ олон янзын хүүхэд хэвтэн эмчлүүлдэг учраас нэлээд хаалттай гэж хэлж болно" гэсэн юм. Хаалттай гэж хэлж болохоор энэ эмнэлэгт одоогоор хичнээн хүүхэд хэвтэж байгаа болон сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэх үүднээс  Хүүхэд өсвөр үеийн клиникийн эмч А.Оюунжаргалтай уулзаж ярилцлаа.

-Цахим тоглоомд донтосон хүүхдүүд танай эмнэлэгт ирж эмчлүүлдэг. Одоогоор хичнээн хүүхэд эмчлүүлж байна вэ?

-Сэтгэцийн эрүүл мэндийн үндсэний төвийн  Хүүхэд өсвөр үеийн клиникид судалсан нарийн тоо судалгаа байхгүй. Cүүлийн гурван жил буюу 2014 онд 35 хүүхэд, 2015 онд 40 гаруй хүүхэд эмчлүүлсэн.  Харин энэ оны нэгдүгээр улиралын байдлаар 28 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн байгаа. Энэ нь өссөх хандлагатай харагдаж байгаа биз. Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн үндсэн эмчилгээ нь  танин мэдэхүйн  сэтгэл засал байдаг. Хүүхдүүд олон жил тоглосон учраас донтолын хэмжээнд хүрсэн  байгаа. Иймээс эмчилгээ ч гэсэн удаан хийгдэх ёстой. Тэгж байж донтолоос гарна.

-Эмнэлэгт   хүүхдүүд хэдэн хоног хэвтэж эмчлүүлдэг вэ. Эмчилгээн үнэ төлбөртэй хийгдэх үү?

- Улсын эмнэлэг учраас үнэ төлбөргүй.  Эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх хугацаа 10-14 хоног  байдаг. Энэ хугацаанд танин мэдэхүйн сэтгэл заслын эмчилгээг хийнэ. Мөн комьютерын хор хөнөөл, хүний сэтгэлзүйд ямар хор хөнөөлтэй гэдгийг ойлгуулах тал дээр ажилладаг. Эмчилгээний үр дүнгийг хэлэхэд бас хэцүү.  Эмнэлэгт хэвтэж эмчүүлж байгаа учраас донтолоос салах эхний эх үүсвэр. Харин  үлдсэн хугацааг  эцэг эхчүүд хариуцах ёстой. Түүнээс биш эмчид бүх зүйлээ даатгаснаас төгс болно гэж ойлгож болохгүй юм.  

-Хүүхдүүд цахим тоглоомд донтох ямар нэгэн шалтгаан байдаг л  учраас өдөр шөнөгүй, хонож өнжиж тоглодог байх.  Эмчилгээ хийлгэж байх хугацаандаа хүүхдүүд тоглоомд донтосон шалтгаанаа та нарт хэлдэг үү?

- Донтосон хүүхдүүд ямар нэгэн шалтгаан байдаг. Тухайлбал, гэр бүлийн хүчирхийлэлтэй орчин, эцэг эхийн таагүй харилцаанаас болж хүүхдүүд гэр орноос зугтаж PC тоглоомын газар очиж тоглож хонох, эсвэл найз нөхдөө уруу татагдаж очиж тоглох гэх мэт шалтгаанууд байдаг. Иймээс энэ шалтгаануудыг арилгах хэрэгтэй. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хугацаанд бид цахим тоглоом тоглосноор ийм муу дагавартай гэдгийг ойлгуулж өгдөг. Гэтэл  эмнэлэгээс гараад гэртээ харихаар нь эцэг эхийн харилцаа муу, анхаарал халамж муу байснаас болж хүүхэд ахиад л гэр орноос дайжиж, зугтаад тоглож эхэлдэг. Иймээс эцэг эхчүүд хүүхэддээ анхаарал сайн тавьх  хэрэгтэй. Хүүхэд хамгийн багадаа зургаан сар сэтгэлзүйн эмчилгээ, зөвлөгөө өгч тархинд ахиж ийм зүйл хийхгүй гэсэн ойлголтыг суулгаж өгөх хэрэгтэй. Дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж уншаарай. 

Төгсөлтийн баяр тэмдэглэхийг хориглолоо

Улс  орон эдийн засгийн хямралтай холбоотой нийслэлийн ЕБС-ийн төгсөгчдийн "Эрдмийн баяр"-ыг нийслэл, дүүргийнхээ түүх соёлоос суралцах, төгсөгчдийн суралцах хугацаандаа сурсан мэдсэнээ багш эцэг эх хамт олон найз нөхөд, залгамж үедээ тайлагнаж сурталчлах ажлыг үр дүнтэй зохион байгуулах зорилгоор цэцэрлэгийн төгсөлтийн баяр нэгдүгээр ангийн үсэглэлийн баярын арга хэмжээг тайлант өдөрлөг, 9,12-р ангийн сурагчдын "Эрдмийн баяр"-ыг тайлант өдөрлөг "Боловсролын баримт бичиг гардуулах ёслол"-ын арга хэмжээ болгон нэгдсэн байдлаар зохион байгуулах бөгөөд нийслэлийн ногоон бүсэд аялал зугаалга хийхгүй байх, эцэг эх хүүхдүүдээс хавтгайруулан мөнгө төгрөг хураахгүй, эцэг эхчүүдэд хүндрэл учруулахгүй байх чиглэлийг хүргүүлж байна.

Эрдмийн баярын арга хэмжээг зрхион байгуулах нэрийдлээр эцэг эхчүүдээс мөнгө хураамж авсан болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас архидан согтуурч, гэмт хэрэг зөрчилд холбогдсон тохиолдолд сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт хариуцлага тооцохыг НБГ-ын даргын тушаал гарчээ.


ТҮЦ-ийг нь нураахын тулд эзнийг нь шонгийн модноос гавалжээ

Ирэх долдугаар сард АСЕМ чуулга уулзалт болох гэж байгаатай холбогдуулан нийслэл хот өнгөө засаж, өргөжин тэлж байгаа. Энэхүү шинэчлэлт нэг талаараа сайн, нөгөөрөө талаараа асар их бухимдлыг бий болгож байна. АСЕМ угтсан ажлын хүрээнд Өмч харилцааны газраас зам дагуух ТҮЦ-үүдийг түр хугацаагаар нүүлгэн шилжүүлэх албан бичиг өгчээ. Албан бичиг хүлээж авснаас хоёр хоногийн дотор нүүгээгүй бол албадан нүүлгэж эхэлсэн байна. Үүнийг эсэргүүцсэн иргэдийг хүч хэрэглэн ТҮЦ-ийг буулгасан байна. Тодруулбал, Хан-Уул дүүрэг Зайсанд байрлах, иргэн Д.Цогтмаагийн ТҮЦ-ийг албадан нүүлгэх үеэр цагдаа нар эзэн эмэгтэйг нь шонгоос гавлаж хүч хэрэглэн буулгасан байна. Тус эмэгтэйн бие хэдэн хоног өвдөж хэвтэрт байсан байна. Өөрчлөлт шинэчлэлт нэрээр иргэдийг эрхийг боомилхыг эсэргүүцэж байна.

“Холливуд” Б.Амараа бичлэгнийхээ талаар тайлбар хийлээ

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр жүжигчин Б.Амарсайханы “Би юу хийчихвээ” хэмээх захиалгат бичлэг цацагдаж нэлээд дуулиан дэгдээсэн. Бичлэгийг үзсэн иргэд уг бичлэг дээр гарч байгаа үг, өгүүлбэр бүрийг дэмжиж зөв хэмээн өөрсдийн бодлоо илэрхийлж хүлээж авсан. Харин зарим хүмүүс  "Олон нийтийн амар тайван байдлыг алдагдуулж, оюун санааны хүчирхийлэлд өртүүлсэн"  хэмээн дургүйцэж хүлээж авсан. Тус бичлэг цацагдсаны дараахан МАН захиалгатай гэдэг нь илчлэгдсэн ч МАН өнөөдрийг хүртэл хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Уг тренд болж байгаа бичлэгнийхээ талаар Б.Амараа тайлбар хийсэн байна. Тэрбээр хэлэхдээ “Би Ардчилсан намыг дэмжээгүй, Ардчилалыг дэмжсэн, харин одоо юу болов” хэмээн тайлбарласан байна. Бичлэгийг энд дарж үзээрэй.

1072 хувьцааг зарж,борлуулах боломжгүй

 

"Эрдэнэс тавантолгой” компанийн 1072 хувьцааг нэг сая төгрөгөөр худалдаж авна гэх зар иргэдийн дунд тархаж нэлээд маргаан дэгдээсэн. Тус зарыг сонссон иргэд ах дүүгээрээ нийлэн хувьцаагаа зарах гэж хонон өнжин оочерлож байна. Зарим нь хувьцаагаа зарахын тулд 10 хоносон иргэд ч байгаа аж. Энэ талаар өнөөдөр Улаанбаатар хотын цагдаагийн газарт Цагдаагийн ерөнхий Газар, Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны хорооноос хамтран мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Цагдаагийн байгууллагаас хувьцаа худалдаж байна, худалдан авч байна гэдэг асуудалд холбогдох шалгалт явуулж байна. Шалгалтын дүнд хувьцаагаа зарсан, ямарваа нэг хүн худалдан авсан асуудал одоо хүртэл тогтоогдоогүй. Энэ бол худал ташаа, иргэдийн ам дамжсан яриа” гэсэн мэдээлэл өгсөн байна.  

Жолоочгүй машин өнхөрч хүний амийг хөнөөжээ

Жолоочгүй зогсож байсан автомашин өнхөрч хүний аминд хүрсэн харамсалтай хэрэг өчигдөр гарчээ Тодруулбал Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Хайлаастын зам, Жаргалантын ..-р гудамж ... тоот хашаанаас “Mercedes Benz” C-200 маркийн машины жолооч Х-ийн автомашин өнхөрч, тус дүүргийн 15 дугаар хороонд оршин суух 69 настай эрэгтэй Б-г мөргөж амийг нь хохироосон байна.  Энэхүү хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж.

Өнөөдрийн үйл явдлын тойм

-2014 онд улсын баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат “Увс нуур” бөхийн дэвжээ, “ТЭЦ- 3”, “Химон” констракшн” ХХК-ийн бөх, улсын харцага Н.Батсуурь түрүүлж, Монгол Улсын арслан цол хүртсэн билээ. Шинэхэн арслангийн цолыг мялааж “Sunshine Village” хотхонд зургаан өрөө байраар шагнаж байсан. Өчигдөр тус компанийн ерөнхий захирал Ш.Энхтөр амласан ёсоороо Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойно ашиглалтанд орсон "Sunshine village" хотхоныхоо зургаан өрөө байрны түлхүүрийг Н.Батсуурь арсланд гардуулж өгсөн байна.
- Засгийн газрын ээлжит хуралдаанд өчигдөр Шадар сайд бөгөөд Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар улаан бурхан өвчний талаар мэдээлэл хийжээ. Халдварт өвчин судлалын үндэсний төвд 2057 иргэн хандсанаас улаан бурхан өвчний оноштойгоор 315 нь хэвтэн эмчлүүлсэн байна.

Дээрх өвчнийг эмчлэх, оношлоход шаардлагатай бүхий л эм тариа, техник хэрэгсэл бүрэн хангагдсан үүнд нийт 400 гаруй сая төгрөг гаргасан байна.

Улаан бурхан өвчний эсрэг вакцин захиалсан нь ирэх пүрэв гаригт буюу тавдугаар сарын 5-нд ирэх аж.

- Хустайн нурууны байгалийн цогцолбор газарт өдгөө 400 гаруй тахь нутаглаж байна. Саяхан тус тахийн сүрэг хоёр унаагаар бүл нэмсэн байна. 1990-ээд оны эхэн үеэс монгол тахийг эх оронд нь нутагшуулах ажил эхэлсэн бөгөөд одоогоор Хустайн нуруу, Тахийн тал, Хомын тал гэсэн гурван газарт 400 орчим тахь нутагшиж байна. Эдгээр тахийн сүргийн 32 хувь нь гадаадаас тээвэрлэн ирсэн, 68 хувь нь эх нутагтаа төрж өссөн юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
amid yavah batalgaa algaa alham buree hyanaj sermjtei vai humuusee. amid yavah in ooroos in shaltgaaldagui gedgiig medlee.
2016/05/04 103.17.108.42