АТГ-ын даргын суудал нь ханхайрч хоосорч гэрийн эзэнгүй айл мэт болсоор удаж байна. Гэвч иргэдийн дунд хэн дарга болох магадлалтайг хэлж шивэр авир гэлцэж байна. Тухайлбал Б. Хурц, Б.Билэгт, А. Дулаанжаргал, АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж зэрэг боломжит хүмүүсийн нэрсийн жагсаалтыг сүүлийн өдрүүдэдтус газрын комиссар Ө. Энхтөр отголоод байсанаар АТГ ын дарга дотроосоо томилогдох нь тодорхой гэгдэж байсан. Тэгвэл энэхүү горьдлого бүр мөсөн эргэж олны таамаглаа ч үгүй хүн тус суудалд эзэн суух бололтой. Тодруулбал Eрөнхийлөгчөөс Замын цагдаагийн газрын дарга асан хурандаа Х.Энхжаргалыг АТГ -ын шинэ даргаар томилуулахаар танилцуулгыг нь УИХ-д хүргүүлсэн тухай мэдээлэл гарч эхэллээ.
АТГ-ын даргад нэр дэвшсэн Хурандаа Х. Энхжаргал гэж хэн бэ?
АТГ-ын даргаар өмнө нь Б.Дангаасүрэн, Ч.Сангарагчаа, Н.Ганболд нарын гурван хүн ажиллаж байв. Одоогоос найман жилийн өмнө буюу 2007 оны аравдугаар сарын 25-нд Австралийн Сидней хотод Авлигатай тэмцэх газрын дарга Б.Дангаасүрэн учир битүүлгээр амиа алдсан билээ. Түүний үхлийн шалтгааныг хууль хяналтынхан олж тогтоолгүй өдийг хүрсэн.
Харин дараагийн дарга Ч.Сангарагчаа хувьд дэд дарга Д.Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга нар албан хаагчаа тагнаж чагнасан, албан тушаалаа ашиглан төсвийн мөнгө шамшигдуулсан хэргээр шүүхээс ял авч байсан. Мөн дараагийн дарга Н.Ганболд улс төрийн ээдрээт нөхцөл байдлын үед тэтгэвэрт гарах нэрээр өөрийн хүсэлтээр ажилаа өгсөн. Харин дараагийн даргаар томилогдохоор нэр дэвшсэн Хурандаа Х. Энхжаргал гэж хэн бэ?. Тэрбээр 1964 онд Улаанбаатар хотноо төрсөн. 1982 онд НАХЯ-ы дэргэдэх цэргийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн бөгөөд 1995-1996 онд Төрийн захиргаа удирдлагын менежерээр тус, тус төгссөн боловсролтой нэгэн байна. Одоо тэрбээр ЦЕГ-ын мэдээлэл технологийн төвийн даргаар ажиллаж байгаа аж. Тус АТГ нь найман жилийн өмнө байгуулагдаж өдгөө дөрөв дахь даргын нүүр үзэж байна. Сонгуулийн жил АТГ-ынхан улстөрчдийн талаарх гомдол, материалд дарагдаж, нэлээд ажилтай байдаг жишиг өнгөрсөн сонгуулийн үеэс тогтчихсон гэхэд болно. Тэр ч утгаараа улс төрийн зорилгоор гэж хардагдахаар хэд хэдэн хүнийг шалгаж байгаа. Энэ бүхний үр дүнд АТГ-ын дарга Н.Ганболдод янз бүрийн дарамт, шахалт ирж ажлаа өгсөн хэмээн хардаж байгаа.
Одоо томилогдох Ерөнхийлөгчийн “хүн” гэгдэх Х. Энхжаргал мөн л сонгуулийн өмнө шалгагдаж байгаа хэргүүдийг үргэлжлүүлэн шалгаж ээлжит баривчилгаа үргэлжлүүлэх үү гэж асуух нэгэн байна. Тодруулбал, МАХН-ын дарга Н. Энхбаярыг шалгаж, АТГ-аас 5 удаа зарлан дуудах хуудас өгөөд байгаа. Харин 5 удаа зарлан дуудахад Н.Энхбаяр ганц ч удаа очоогүй байгаа юм. Мөн сүүлийн үед дуулиан тариад байгаа УИХ-ын гишүүн Х.Баттулгатай холбоотой хэрэг ч мөн шалгагдаж байгаа. Энэ хэргийг сонгуулиас өмнө нэг тийш болгох уу гэсэн асуулт байна. Эсвэл яг эсрэгээрээ сонгууль дөхөж буй энэ үед АТГ-ыг дуулгавартай болгох зорилгоор шинэ томилгоо буюу өмнө нь яригдаж байгаагүй шинэ томилох нь гэсэн таамаг ч мөн байна. Нөгөө талаас нэр дэвшиж байгаа Хүрэлсүхийн Энхжаргалыг олон нийт төдийлөн танихгүй ч хуулийнхан дундаа нэртэй нэгэн. Х.Энхжаргал өдгөө хурандаа цолтой бөгөөд салбар дундаа “Хатуу Энхээ” хочтой нэгэн аж. "Аливаа хууль сайн ч бай, муу ч бай" түүнийг иргэд заавал мөрдөх ёстой гэсэн шаардлагыг тавьж ажилладаг нэгэн аж. Энэ байдлаас харахад үнэн ч шударгаар ажиллах юм бол авилга авсан, идсэн уусан хүмүүсийг баривчлах нь мэдээж. “Хатуу” хочит Х.Энхжаргал хатуу самар шиг байж, улс төрийн гэмт бүлэгийг агнаж чадах болов уу. Түүнийг томилогдох сургаар зарим нэгэн улс төрч айж байгаа нь мэдээж. АТГ-ын даргад нэр дэвшиж байгаа хурандаа Х.Энхжаргал “их баривчлагаа” хийх үү.