Замаар тэмтчин яваа настанг хөтөлж гаргаад урмын үгээр шагнуулах сайхаан,амьдралдаа бүдчин байгаа гэнэн томоогүй залууд амьдрал сайхаан хичээгээрээ гэж урамын үгээр ташуурдаж эрч оруулах сайхан . Ай даа ганц сайхан үгээр өнгөжин жавхаажиж, ганц сум шиг үгэнд өртөн доройтдог хүмүүний сэтгэл юутай агуу бас юутай эмзэг. Хоолгүй яваа аянчинг халуун цайгаар дайлахдаа, зоосгүй яваа гуйлгачинд халуун гараа сунгахдаа Монголчууд бидний сэтгэл өег, харц бардам нэг нэгнээ л гэсэн гал дөл шиг сэтгэл үргэлж асаастай бадамлаастай л байдаг шүү дээ.
Замын хажуугаар нэг л удаа харц дайран зөрөөд өнгөрөх нэгний өмнөөс зөөлөн инээмсэглэлээр мишээгээд өнгөрөх алдад л их хүч энергийг бусдадаа түгээж, дэлгэрүүлж байдаг нар шиг илчтэй ганцхан үндэстэн бол гал угсаатан Монголчууд минь л билээ. Тэр тусмаа үгээр бусдыг сэрээж, мандааж, бадрааж байдаг сэтгүүлчийн үзэг энд их үүрэг гүйцэтгэдэг ээ. Тэгвэл уншигч та бүхэндээ “Нийгэмд тустай сайн мэдээ түгээх аян”-ы хүрээнд уншигч таньд сэтгэлийн амар амгаланг эдлүүлэх эерэг мэдээлэлүүдийг үдэш болгоны энэ цаг мөчид хүргэж байгаа билээ. Өнөөдрийн “Сайн”-ыг уншигч танд тоймлон хүргэж байна.
Швейцарьт байгаа Монголчуудын төлөөлөл ХӨСҮТ-д тоног төхөөрөмж хандивлав
Өнөөдөр Швейцарь улсад ажиллаж, амьдарч байгаа Монголчуудын төлөөлөл хандивын аян өрнүүлж, ХӨСҮТ-д дутагдалтай байгаа багаж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Швейцарьт байгаа Монголчуудын төлөөлөл Б.Ариунзаяа "Би Монгол руу богино хугацаагаар ирэх ажилтай болсон юм. Намайг наашаа явах талаар мэдсэн н.Ганаа гээд найз маань улаанбурхан туссан хүүхдүүдэд туслая гэсэн санал гаргасан.Ингээд ХӨСҮТ-тэй холбогдож, шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийн талаар мэдээлэл авч, Ганаа маань тэнд байгаа Монголчуудаасаа хандив цуглуулах ажлыг зохион байгуулан, долоо хоногийн хугацаанд 2,000 франк цугласан.Швейцарь улсад ажиллаж амьдарч байгаа 55 хүн хандивын аянд оролцсон. Бүгдээрээ бололцоогоороо л мөнгө цуглуулж, надад өгч явууллаа. Цуглуулсан мөнгөндөө таарах зарим тоног төхөөрөмжийг авч өгөөд үлдсэнээр нь хүүхдээ сахиж байгаа эцэг, эхчүүд сахиуруудыг хооллохоор бэлдсэн байгаа. Улаанбурханы өвчлөлийн талаар интернэтээс мэдээлэл авч байгаа бид бүгдээрээ л санаа зовж байгаа" гэсэн юм. Энэхүү хандивын мөнгөөр авсан аппарат нь хүүхдэд тариа дуслаар тоолж хийхэд хэмжилт хийдэг, яаралтай тусламжийн үед чухал шаардлагатай төхөөрөмж ажээ. Ийнхүү Монголчууд бяцхан зүрх бүхнийхээ төлөө харь газраас халуун сэтгэлийн гараа сунгасныг “Сайн мэдээ” тоймлож байна. Үргэлжлүүлэн бид 25 өрх өргөө цагаан гэртэй болсон талаарх мэдээллийг онцолж байна
25 өрх өргөө цагаан гэртэй боллоо
Өрх гэр бүлийг дэмжих хөтөлбөр Өмнөговь аймагт 2 дахь жилдээ хэрэгжиж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд 5 сарын 4-ны өдөр орон гэргүй 25 өрхөд өргөө цагаан гэрийг гардуулан өглөө. Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2 жилийн хугацаанд нийт 100 орон гэргүй өрхийг өргөө цагаан гэртэй болгож иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулсан юм. Өрх гэр бүлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд орон гэргүй иргэдийг орон гэртэй болгохоос гадна 238 төрийн албан хаагчдад орон сууцанд ороход нь дэмжлэг үзүүлсэн байна. Ийнхүү Монголын 25 өрх гэр бүл өөрийн гэсэн гэр оронтой болж, амьдрах итгэл ая тухаар хангагдлаа. Халуун сэтгэлт монгол түмний минь сүү шиг ариун үйлс ундран цалгих болтугай.
Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд малчдад сүү хандивлав
Дундговь аймгийн төвийн сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд төл малын бойжилтод зориулж малчдад сүү хандивласан байна. Тэд аймгийнхаа Улаан загалмайн хорооноос зохион байгуулсан “Сүүгээр төл бойжино, Төлөөр мал өснө” аянд нэгджээ. Хүүхдүүд тус бүрдээ 100 гр сүү хандивлаж, нийт 240 сав шингэн болон хуурай сүүг Улаан загалмайн хороонд хүлээлгэн өгсөн байна. Хандивын сүүг Улаан загалмайн сайн дурын идэвхитнүүд сумдад хуваарилж, сумд малчин өрхдөө өгч эхэлжээ.
“Хүүхдүүдийн дунд өрнүүлсэн хүмүүнлэгийн аяныг МУЗН-ын Хүүхэд залуучуудын хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан. Хүүхдүүд идэвхитэй оролцлоо. Ер нь Улаан загалмайн хорооноос зохион байгуулсан ажилд хүүхдүүд идэвхитэй оролцдог. Манайд 2500 гаруй өсвөрийн улаан загалмайчид бий” гэж тус аймгийн Улаан загалмайн хорооны дарга Д.Сампил хэлжээ. Ийнхүү өхөөрдөм бяцхан үрс маань халуун сэтгэл гаргаж малчиддаа цагаан сүүгээр тусалсаныг өнөөдрийн “Сайн мэдээ”-гээр тоймлож байна
Монголын маань цэлмэг тэнгэр ододтойгоо учирахаар догдлон алтан наран уулсын цаагуур өнгийх цаг мөчид Монгол оронд маань өнөөдөр болж өнгөрсөн зарим үйл явдлуудаас Сайн мэдээг онцлон дуулгалаа.“Нийгэмд тустай сайн мэдээ түгээх аян”-ы санаачлагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК, зохион байгуулагч “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл”, түгээн дэлгэрүүлэгч chuhal.mn сайт.
Босоо заяат Монгол түмний минь заяа хийморь нь үргэлж өөдөө байж, дуу шиг уянгатай, сүү шиг өнгөтэй сайн мэдээ бүхэн тархан цуурайтах болтугай. Сайн үйлс бүхэн өнгөжин дэлгэрч, цагаан сүүний цацал адил өөдлөн дэвжих нь лавтай
www.Chuhal.mn