8o
Улаанбаатар хот
mobile menu

Э.Хүрэлбаатар: Өөрийгөө сайн юм биччихсэнийг бусдаас мэдрэх л хамгийн том баяр

2015-11-27 08:30:00

Түүнтэй уулзахаар товлосон цагтаа очсон ч тэр эзгүй байв. Түүний амьдрал ер нь завгүйн дунд, ямар нэг зүйл эрэн хайсан, хэн нэгэнтэй уулзахаар цаг товлосон, хүлээсэн, хаана ч юм гарсан халуун үйл явдал руу гарахад үргэлж бэлэн цаг мөчүүд байдаг байх. Учир нь тэрбээр энэ удаад С.Зориг агсаны гэргий Б.Булганы найзтай уулзахаар явсан байлаа. Өмнөх өдөр нь залгатал “Онги голынхон” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаярыг нутгаасаа ирэх үед нь тосч уулзах гээд завгүй явж байгаагаа хэлсэн юм.  Түүнийг хүлээнгээ “Өдрийн сонин”-ы хэзээнээс ч юм үдэж эхэлсэн үдээстэй зузаан сонины шарласан хуудсуудыг эргүүлж, Э.Хүрэлбаатар гэх автортай нийтлэл, сурвалжлагуудыг үзлээ. Түүний бичдэг гол төрөл нь баримт дүрслэл, баримт дүрслэл гэх маягаар хөдлөшгүй баримтаар “зодож”, үйл явдлын үеэр өрнөсөн дүрслэлээр чимж эвлүүлсэн сурвалжлага юм байна. Үнэхээр ч тэр ийм сурвалжлагуудаараа Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах “Балдорж” шалгаруулалтын энэ оны гранприг хүртсэн билээ. Түүнд гранпри авчирсан “Би Монгол Улсаа дэлхийн том орон гэж боддог буюу Хануйн бага сургуулийн сурагчид” цуврал сурвалжлагыг уншиж дуусаагүй байтал тэр зорьсон хэргээ бүтээгээд гаднаас орж ирлээ.

            Нимгэн, жижиг тэмдэглэлийн дэвтрийг дундуур нь нугалж бариад, хар гардаг бололтой бал барьчихсан  тэрбээр “Надад ярих юм байхгүй дээ. Бусдын л адил хүн. Бусдынхаа л адил сэтгүүлч. Өөр хүнтэй уулзсан нь чамд илүү амар байсан байх даа” гэснээр бидний яриа эхэлсэн юм.

-   “Миний аав Ш. Энхбаатар гэж сайхан хүн бий. Миний бага нас аавынхаа тракторт тариан талбайд өнгөрсөн гэж болно. Аав трактор барихаас бусад цагтаа ихэвчлэн ном уншина. Найзууд, хамаатнууд гээд таньдаг хүмүүс нь манайд ирэхдээ аавд ном, сонин их авчирч өгнө. Зочин ирээд явсны дараа аав гэртээ байгаа эсэх нь мэдэгдэхгүй болтлоо уншина. Би аавыгаа юу л хийнэ дуурайдаг байсан болохоор ээж “Та хоёр ядаж хоолоо идэхдээ ширээндээ сууж байгаач” гэдэг байсан. Бид хоёр хоолоо аваад, номоо дэлгээд хэвтчихдэг байсан юм. Бид хоёр ч гэж аав байнга хэвтэж уншдаг. Би аав хөлөө хаана яаж тавиад, номын хуудсаа аль хуруугаараа имэрч байгааг хүртэл ажиглаж, дуурайна. Харин Ч. Батсуурь гэж дөрвөн хүүхдээ аавтай минь өнөөдөрт хүргэсэн мундаг хүн бол миний ээж. Миний бага нас Эрдэнэсант сумын тариан талбай, сумын төвийн саарал гудамжууд, сургуулийн орчимд өнгөрсөн. Аав, ээж минь одоо Эрдэнэсантдаа Баргилтынхаа энгэрийн наран тийшээ харсан бууцанд  өвөлжиж байна. Харин дөрвөн хүүхэд нь хотод” хэмээн гэрийнхнээ товч танилцууллаа.

-Та сэтгүүлч мэргэжлийг санамсаргүй сонгосон уу, хэн нэгэн нөлөөлөв үү?

-Миний үеийн хүүхдүүдийн нүд, чих нь Монголын радио байсан гэхэд буруудахгүй байх. Ингэж байтал ах маань сургуулиа төгсөөд сэтгүүлч мэргэжлээр Монголын радиогийн Хурд агентлагт ажиллаж эхэлсэн. Бид хэд радионыхоо урд бөөгнөрч байгаад л ахынхаа ярихыг, мэдээ уншихыг сонсоно.  Өвлийн идэш хийх үеэр  ах ирсэн юм. Яг өдийд шиг санагдаж байна.  Тэр үед нь би ганц нэг шүлэг биччихсэн, түүнийгээ яруу найраг гээд бодчихсон ахлах ангийн додигор хүн сууж байлаа. Ах “Чи ном л сайн унш. Уншдаг, бичдэг хүн сэтгүүлч болдог юм” гэсэн бил үү тийм утгатай юм хэлчихээд яваад өгсөн. Тэгээд л би шүлэг бичдэг юм чинь сэтгүүлч болно гээд бодчихсон хэрэг. Монгол хэлний багшдаа “Би сэтгүүлч болно. Өчигдөр бичсэн шүлгээ уншаад өгөх үү” гэдэг байлаа. Хэд хэдэн ч удаа сургууль, аймгийн “Хүрэл тулга” зэрэг яруу найргийн тэмцээнд ороод нээх хойгуур биш байр эзэлчихсэн хүн чинь бараг сэтгүүлч болчихлоо гэж бодно биз дээ. Оюутан болоод “Их Монгол” дээд сургуулийн сэтгүүлзүйн ангид элссэн чинь сэтгүүлч гэдэг миний төсөөллөөс огт өөр зүйл болоод ирсэн. Миний бичдэг шүлэгнүүд ч шүлэг биш, бодож байсан сэтгүүлч мэргэжил ч огт өөр ухагдахуун болоод ирж байгаа юм. Тэр үед бидэнд хичээл ордог байсан доктор П.Батхуяг багш маань намайг “Чи ер нь бичээд л бай. Арай өөр болж магадгүй” гэж хэлж байсан. Тухайн үед өөрийгөө яруу найраг бичдэггүй байж гэж бодчихсон үе байсан учраас би сэтгүүлчээрээ ажиллаад байхаас өөр сонголтгүй юм байна гэж бодсон. Тэгээд хоёрдугаар дамжаанаасаа сонинд ажиллаж, гуравдугаар курст байхдаа “Нийгмийн толь” сонины Эрэн сурвалжлах мэдээллийн албаны сэтгүүлчээр жинхлэгдэж, хагас цалинтайгаар ажиллаж эхэлсэн. Ингэж явсаар 2010 онд “Өдрийн сонин” хэмээх босго өндөртэй, том айлын Эрэн сурвалжлах, тоймчдын албанд орсон доо.

-Та тэгвэл мөрөөдлөө биелүүлчихсэн юм байна шүү дээ. Сэтгүүлч байхын ялангуяа эрэн сурвалжлах чиглэлийн сэтгүүлчийн бэрхшээлтэй тал юу вэ. Бас жаргал нь юу байдаг юм бол?

-Сэтгүүлч мэргэжил бол миний мөрөөдлөөс өөр, сэтгэлээ өгч ажилладаг дуртай зүйл. Надад өөр олон мөрөөдөл бий. Заримыг нь биелүүлээд, заримд нь дөхөө ч үгүй л явж байна. Сэтгүүлчийн гол сайхан зүйл нь сэтгэлээсээ хөврүүлж, бодож, хүлхэж хүлхэж бичсэн зүйлээ хэвлэгдсэн байхыг,  түүнийг нь хүмүүс уншаад сүйдтэй магтахгүй ч болжээ гэхийг сонсох байх. Өөрийгөө сайн юм биччихсэнийг бусдаасаа мэдрэх л хамгийн том баяр байх. Бэрхшээлтэй тал гэхээр миний хувьд ихэвчлэн болж бүтэхгүй, хүн алсан, хулгай дээрэм хийсэн, зодож цохисон хэргийн араас явдаг. Бодит мэдээллийг хүмүүст хүргэх гэж яваа үүрэгтэй ч хүнийхээ хувьд хэцүү, эвгүй үйл явдалтай нүүр тулах нь жаахан хүнд байдаг. Тухайлбал, хүүгээ, аавыгаа бусдын гарт дөнгөж алдчихаад байхад нь очоод хэргийн талаар ар гэрийнхнээс нь асуух шиг халгамаар зүйл байхгүй. Харин гэрэл гэгээтэй сайхан үйл явдлыг сурвалжлах үедээ мэргэжлээрээ бахархаж, яаж бичвэл өөрт болоод уншигчдад тэнд байгаа гэгээлэг үйл явдал, төрсөн мэдрэмжийг өгөх вэ гэж боддог.

-Таны хувьд бусад сэтгүүлчээс ялгарах онцлог юу вэ. Би үүгээрээ давуу талтай, энэ нь сул тал юм байна гэж харж, бодож байсан зүйл бий юү?

-Сэтгүүлчийн хувьд адил мэргэжилтэй, бусдын адил үйл явдал, мэдээ мэдээллийн араас хөөсөн сэтгүүлч. Гэхдээ би “Өдрийн сонин”-доо орж ирээд байхдаа “Би яаж бусдаас илүү юм хийх вэ. Юу хийвэл болох вэ. Өмнө нь хийж байсан зүйлээсээ огт өөр зүйл хийх хэрэгтэй юм байна” гэж байнга боддог болсон. Хэвлэлийн хурлын мэдээг хүртэл зүгээр мэдээ бичиж болохгүй юм байна гэж бодож, бичихийг хичээдэг болсон. Үүнээс гадна манай сонины редакци хөдөө, орон нутагт болсон үйл явдал, орон нутгийн иргэдийн аж амьдралыг бусад хэвлэлээс илүү мэдээлэхийг зорьдог. Энэ үүднээс намайг томилолтоор Монголын өнцөг булан бүр рүү бараг явуулж эхэлсэн. Энэ нь манай сонины сэтгүүлчээ дэмжиж, уншигчдадаа зөвхөн хот доторх мэдээллийг өгөхгүй байхыг хүсдэг том давуу тал гэж боддог.

-Та сэтгүүлч бүрийн мөрөөдөл гэхэд хилсдэхээргүй “Балдорж” шалгаруулалтын гранприг хүртсэн. Энэ шагналын үнэ цэнэ юу вэ?

-Энэ бол сэтгүүл зүйн дээд бүтээлд олгодог, босго өндөртэй, маш чанд, хатуу шалгууртай шалгаруулалт. Өөрийгөө гранпри хүртэхээр зүйл бичиж, сурвалжилсан гэж өөрийгөө тоогоо ч үгүй. Б.Ганчимэг эгчийн хэлснээр шонхрууд л хүртэх байх гэж бодож байсан. Гэтэл нэг мэдэхэд би тайзан дээр, Ерөнхийлөгчөөс шагналаа гардаад зогсож байсан. Энэ шагнал бол миний өмнө нь хийсэн, хол, ойрыг ялгалгүй явсан томилолтуудыг минь үнэлсэн том үнэлгээ. Одоо хийх, ирээдүйд бүтээх зүйлсийн минь ташуур, сайн зүйл хийхээс өөр сонголт үлдээгээгүй сануулга гэж бодож байгаа. Бас “Хүрэлбаатараа, чиний үзэгнээс гарах үг, үсэг бүхэн өндөр хариуцлага, үйлдэл бүхэн гэгээн байх ёстой шүү гэсэн өндөр хариуцлага.

-Та Монголын өнцөг булан бүрт шахуу хүрсэн гэж ярьлаа. Өнөө цагт аймгийн төвүүд рүү бол ядах юмгүй хүрнэ. Харин сум, багт хүрэх хэцүүхэн байх. Энэ талаараа ярьж өгөөч?

-Аль ч аймаг, сум руу явсан замын унаагаар зорьсон газартаа хүрдэг. Сум, баг руу хүрэхийн тулд мотоцикл, морь, поортер, бонго гээд таарсандаа л сууна. Гол нь хүрэх газартаа очиж, хэрэгтэй мэдээллээ авах л болохоос биш юунд сууж, хэрхэн явсан нь чухал биш. Гэхдээ томилолт бол миний хувьд өмнөхөөсөө илүүг хийх, өөрийгөө чагнах цаг хугацаа байдаг. Одоогийн байдлаар Монгол орныхоо бүх аймгийн төвд хөл тавьж, 310 гаруй суманд очжээ. Эдгээр дундаас хамгийн сайхан нь нэгэн буйдхан багийн төв байсан. Тэр нь Архангай аймгийн Хануйн баг. Түүгээрээ “Би Монгол Улсаа дэлхийн том орон гэж боддог буюу Хануйн бага сургуулийн сурагчид” сурвалжлага бичсэн. Багийн бүсгүйчүүд мартын 8-ыг яаж тэмдэглэдэг, багийн сургуулийн сурагчид хичээлдээ хэрхэн суудаг тухай сурвалжилсан. Болдог бол хүмүүс хотод биш сум руу, баг руу л нүүж, тэнд хүүхдүүдээ өсгөмөөр санагддаг. Буйдхан тусмаа гэгээн, гэрэлтэй гэж жигтэйхэн.

-Та гэргийгээ хүүхдүүдтэйгээ аваад аль нэг баг руу нүүхээр зэхээд байгаа юм биш биз дээ. Гэр бүлээ танилцуулаач?

-Одоо биш ч хэзээ нэг цагт буйдхан газар нам гүмхэн амьдрах байх гэж боддог. Манай гэр бүлийн хүнийг Б. Энхмартгэдэг. “Үндэсний шуудан” сонинд ажиллаж байна. Бид оюутны нэг ангийн хоёр. Оюутны ширээнээс амьдралын гараагаа эхэлж, одоо хүү, охинтой дөрвүүлээ болчихоод энгийн сайхан амьдарч байна. Сэтгүүлч гэр бүлийн амьдрал ургах нарнаар гараад хүүхдүүдээ унтахаас өмнө амжиж үдшийн бүрийгээргэртээ орохын хооронд л өнгөрдөг. Өдөржин завгүй ажлын гард гарч, гэртээ орж ирэх үед их ядарсан байгаагаа мэддэг.

-Гэр бүлийн хүмүүс ижил мэргэжилтэй байхын давуу тал их байдаг байх. Таны бичсэн нийтлэл, сурвалжлагыг гэргий тань шүүмжилдэг үү?

-Ер нь шүүмжлэх талдаа. Гэхдээ бас магтахаа мартахгүй. Оюутан байхаасаа хамт байсан хүмүүс биенийхээ юу хэлэх гэж байгааг, юу гэж бичих гэж байгааг анзаарч, танддаг болчихдог юм байна. Март миний бичих гэж байгаа зүйлийг “Тэр өнцгөөс нь тэгвэл л гайгүй болж магадгүй дээ” гэх битүү маягаар зөвлөнө. Сэтгүүлчийн ажлыг өөр мэргэжилтэй хүн бол тэр болгон ойлгохгүй байж магадгүй юм. Уран бүтээлийн амтанд орсон хүн уран бүтээл яаж гардаг зовлонг мэддэг учраас амар байдаг. Гэгээн сайхан уран бүтээл сониндоо нийтэлчихээд гэр бүлийнхээ хүнтэйгээ тэр өгүүлбэрийг тэгж бодож байгаад олсон юм. Тэр хүний ярианаас санаа авсан юм гээд алхаж явах сайхан байдаг юм.

 

Тэр “Болно доо, болно” гэж хэлэх дуртай гэсэн. Энэ ч утгаар ирээдүйд түүнтэй, түүний гэр бүлтэй учрах бүхэн сайн сайхнаар дүүрэн байж, үргэлж болж бүтэж байхын ерөөл өргөөд энэ удаагийн уулзалтаа өндөрлөлөө.

                                                                                                                                                                                                                                                   Д.ДОРЖДЭРЭМ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл