АНУ-д ажиллаж амьдарч байсан Монгол бүсгүй сураггүй алга болжээ. Тодруулбал, АНУ-ын Иллинойс муж улсын Дес Плэйнс хотод ажиллаж байсан Гансүхийн Зулцэцэг хэмээх монгол эмэгтэй нэг сарын өмнө сураггүй алга болсон байна.
Хамгийн сүүлд 4-р сарын 11-ний өглөөний 10 цагийн орчимд өрөөнийхөө хамтрагчтайгаа уулзсанаас хойш түүнийг хэн ч хараагүй гэнэ. Тэр өдрийнхөө үдэд Г.Зулцэцэг найзтайгаа уулзахаар товлосон байсан ч ирээгүй аж. АНУ-ын мэдээллийн эх сурвалжийн дурдаж байгаагаар бүсгүй болзсон цагийнхаа өмнө бэлэн мөнгөний машинаас мөнгө авсан байжээ.
Г.Зулцэцэг өнгөрсөн оны 11-р сард оюутны визээр сувилагчдын хуралд оролцохоор АНУ-д ирж, тэр үеэс хойш Ривервүүдс дэх Солонгос хоолны газарт, мөн Гленвьев дэх суши зоогийн газарт ажиллаж байжээ.