2015 оны 11-р сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11-р хороонд хүн амины ноцтой хэрэг гарсан билээ. Шүүгдэгч Л нь оройн 21 цагийн орчимд гэрийнхээ үүдний амбаарт өөрийн үеэл дүү болох С-ыг хөргөгчинд байсан шар айраг авч уулаа хэмээн маргалдаж, цээжин тус газар нь гурван удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн байна. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр иргэн Л-д холбогдох хүн амины хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэлээ. Анхан шатны шүүхээс түүнийг буруутайд тооцож, 16 жилийн хорих ял оноосон байдаг аж. Гэвч шүүгдэгч Л анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй хэмээн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Дээрх гомдлыг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүлээн авч, хэлэлцээд, анхан шатны шүүхээс Л-д оноосон 16 жилийн хорих ялыг хүчингүй болгож, холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.
Үеэл дүүгээ "шар айраг"-аас болж хөнөөжээ
2016-05-07 10:57:00