8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Аугаа их ялалтын баяр тохиож, оффшор данстай эрхэмүүд тодорч эхэлсэн өдөр

2016-05-09 19:00:00

Хүний амьдралын аз жаргал хаана байдаг юм бол. Хаана ч байгааг мэдэхгүй мөртлөө тэр аз жаргалыг бүгд л хүлээдэг. Хүн зовлонгоо ярих мөртлөө аз жаргалтай байгаагаа барагтай бол анзаардаггүй. Тэгвэл таньд зөвлөхөд аз жаргалыг алсаас бүү хай. Зөв амьдарвал аз жаргал гэдэг та өөрөө юм гэсэн сайхан мэдээлэлээр өнөөдрийн тоймоо эхлүүлэх гэж байна.

Аз жаргал гэж юу вэ?

Хийж бүтээснээ эргэж хараад хоолой зангиран баярлах тэр агшинг

Хөдөө нутгийнхаа тал дээгүүр хөл нүцгэн таваргах тэр мөчийг

Хөдсөн дээлэнд хөрвөөчихөөд хөөстэй баананд суух тэр агшинг

Халуун янагийн дарс хормой дор буудах тэр хормыг аз жаргал гэнээ.

Халуун бүлээрээн бүгдээрээ хамтдаан амьдрах тэр амьдралыг

Хөнгөн хөгжмийн эгшигт гуниглан суухдаан ухаарсан тэр ухаарлыг

Хөөрхөн сайхныг хослуулан төрөөд дурлалын галд оч болон үсчихийг

Хосоор туулах амьдралд халж хөрсөн тэр сэтгэлийг ч аз жаргал гэнэ. Аз жаргалтай хүн бүрт зориулсан Монголын нэг өдөр тоймоо хүргэж гэж байна. Тойм мэдээлэлээ хүлээн авна уу.

Өнөөдөр манай хэвлэлтийн хуудаснаа

Өнөөдөр Аугаа их ялалтын баярын өдөр

Оросын холбооны улс жил бүрийн тавдугаар сарын 9-нд Дэлхийн II дайнд фашист Германыг ялсны баярын өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Өнөөдөр түүхт ялалтын ойн өдөр. Хүн төрөлхтөний түүхэнд хамгийн их хор хөнөөл учруулсан Дэлхийн хоёрдугаар дайнд Зөвлөлтийн улаан арми 1945 онд нацизмыг ялсан нь дэлхийн сая сая хүний хувьд түүхэн үйл явдал байлаа.Дэлхийн хоёрдугаар дайн нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн байсан билээ. Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80% шахам оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагджээ. Нийт 70 сая хүн амь үрэгдсэний ихэнхи нь энгийн иргэд байсан байна.1945 оны тавдугаар сарын 9. Монголчууд бидний хувьд ч нэн чухал түүхэн тэмдэглэлт өдөр. Фашизмын эсрэг тэмцэлд амь насаа алдсан дэлхийн улс орнуудын эрэлхэг хүмүүс тэр дундаа  монгол угсаатан залуусын  гэгээн дурсгалыг бүгд чимээгүй мэхийн зогсож хүндэтгэе!

Я.Очирсүх, Б.Дэлгэрсайхан нарын оффшор данс илчлэгдлээ

Дэлхий дахиныг шуугиулаад буй “Панамын материалууд” эхнээсээ ил боллоо. Олон улсын сэтгүүлчдийн консорциумаас нийт 215 мянган оффшор компани, улс орны удирдагч, нөлөө бүхий улстөрчид татвараас зайлсхийж, мөнгө угаасан баримтыг өнөөдрөөс эхлэн олон нийтэд ил болгоно хэмээн мэдэгдээд байгаа. Тэгвэл энэ мэдээлэл эхнээсээ гарч эхэллээ. Маш нууц хэмээн яригдаж байгаа тус эрхэмүүдийн дотор Монгол Улсаас 46 иргэн оффшор данстай гэх албан бус мэдээлэл байна.Дөнгөж сая “offshoreleak.icij.org” албан ёсны цахим хуудаснаа Монголын хоёр иргэний оффшор данстай тухай мэдээлэл тавигдсан байна. Тодруулбал, Я.Очирсүх, Б.Дэлгэрсайхан нарын оффшор дансыг илчилсэн байна. Оффшор данстай илчлэгдсэн Я.Очирсүх, Б.Дэлгэрсайхан гэж хэн бэ.

Оффшор данстай Б.Дэлгэрсайхан гэж хэн бэ?

“Дорнын говь” хэмээх мах боловсруулах компаниас “Болд Төмөр Ерөө гол” гэдэг аварга групп хүртэл бизнэсээ өргөжүүлж чадсан Б.Дэлгэрсайхан нь тун нууцлаг бизнесмэн. Олон нийт түүнийг усны гүнж Укагийн экс нөхөр гэдгээр нь илүүтэй танидаг. Тэрбээр 2015”-аас бизнесийн салбарын оны онцлох хүн шагнал хүртэж байсан. Тэрбээр удахгүй болох сонгуульд төрөлх нутгаасаа нэр дэвшихээр эртнээс бэлтгэлээ базааж эхэлсэн нэгэн. Б.Дэлгэрсайхан 1964 онд Дорноговь аймагт төрсөн. 1987 - 1989 онд Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, 1989 - 1992 онд ахлах мөрдөн байцаагч, мөрдөн байцаах газрын тасгийн даргаар ажиллаж байсан намтар арвинтай нэгэн. 1993 оноос өнөөдрийг хүртэл бизнес хийж яваа нууцлаг эрхэм. Б.Дэлгэрсайхан нь хөрөнгө мөнгө ихтэй бөгөөд Дорноговьд мөнгөөр бороо оруулдаг хэмээн түүнийг хэлэх нэгэн ч байдаг. Хөрөнгө мөнгөөр “хахсан” Б.Дэлгэрсайхан Дорноговь аймагт нэр дэвшихээр мөнгөөр бороо оруулсан тухай мэдээлэл өвөл гарсан. Аймгийнхаа нутгийн зөвлөлийн даргаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард сонгогдож сонгуулийн ажлаа эхэлсэн юм.  Түүгээр үл барам сонгогчдынхоо нэр хаяг тодорхой мэдээллийг авахын тулд Iphone6 утасны болзолтойгоор Дорноговийн иргэн болоод шилжин суурьшсан хүмүүсийг нэр, утас, регисртийн дугаар, цээж зураг бүхий маш дэлгэрэнгүй судалгаатай сайтад бүртгүүлэх уралдаан зарлаж утас  хүртэл бэлэглэсэ. Мөн сар шинийн баярын өдрүүдэд ахмад бүрт 20.000 төгрөг, сүүний хамт бэлэглэсэн талаар дуулиан шуугиан өнөөдөр хүртэл дуусаагүй байна. Тэрээр 2005 оны 9 сард оффшор данс нээлгэсэн байна. Үүнээс гадна "Eiffel View Universal Holdings" гэх нэрээр бүртгэлтэй Борхүүгийн Дэлгэрсайхан гэх Монгол Улсын иргэн бүртгүүлжээ. Тэрээр 2005, 2008 онд оффшор данс нээлгэж бүртгүүлсэн байна. Энэ талаар мэдээлэлийг энд дарж үзээрэй.

О.Баасанхүү: Сонгуулийн хуулиа батлаад олигархиуд  архидаж, баяраа тэмдэглэлээ

УИХ-гишүүн МАХН-ын бүлгийн дарга О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Сонгуулийн  хуулинд өөрчлөлт орж, жижиг 76 тойргоор явахаар болсон. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Хуульч хүн учраас хуулийн хүрээнд аливаа юмыг тайлбарлаж ярих ёстой. 2012 онд сонгуулийн тухай хууль хэлэлцэж, жагсаалтаар гарахыг баталсан. Батлаад зургаан сард сонгууль болсон. Тухайн үед сонгууль болохоос өмнө таван сард би Цэцэд гомдол гаргаж байсан.  Харин цэцээс дунд суудлын хуралдаанаар жагсаалтыг батлаж байгаа пропорциональ систем байгаа нь хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргасан.Нэгэнт хууль зөрчөөгүй гэж үзсэн учраас би УИХ-ын гишүүн болсон. УИХ-ын гишүүн болсоны дараа дахин хууль санаачилж  жагсаалтыг хүчингүй болгох хүсэлт гаргасан. Үүнд ажлын хэсгийг Д.Тэрбишдавга гишүүн ахлаж орсон. Ингээд ахиад жагсаалт батлагдсан.  Батлагдсан дараа МАН, АН хувилдаж жагсаалтыг хүчингүй болгосон.Яагаад хүчингүй болгосон вэ гэхээр өнгөрсөн гуравдугаар сарын 1-15-нд  хооронд Америкийн бүгд найрамлагчдын хүрээлэнгээс 500 мянган хүний дунд судалгаа явуулсан. Энэхүү судалгаараар гурав дахь хүчнийг дэмжинэ. Харин  МАН, АН дэмжихгүй гэсэн судалгаа гарсан. Гурав дахь хүчин дээр 51 дээш хувь нь  хүчтэй байна гэсэн дүн гарсан учраас Тусгаар тогтнол эв нэгдлийн нам яаралтай байгуулагдсан. Мөн гурав дахь хүчин болох гэж тодорхой намууд гарч ирсэн юм.

Өнгөрсөн долоо хоногт олигархиуд  архидаж, баяраа тэмдэглэлээ. Тэд “Хойд талын хоёр гурван сумыг би авчихсан. Эрдэнэт, Чингэлтэйд мөнгөтэй хүмүүс ээ явуулая. Гуйлгачингууд хаа холдхов” хэмээж бүр агсан тавьсан. Ийм баяр хөөртэй байгааг хараад би гутарсан. Монголын ард түмэн намайг хараад нүд нь хорсдог гэж би боддоггүй. Харин ард түмэн хулгайчид, олигархиудыг хараад нүд нь хорсдог байх. Тиймээс би ард түмэнд ганцхан үг хэлмээр байна. Та нарт сонгуулиар 100 мянган төгрөг өгөх юм байна лээ шүү. Бүр ханш нь тогтчихсон. Гэхдээ 100 хоног тэжээх мөнгө биш шүү.  Баян хүн улам л баяжих гэж дээшээ гарна. Тиймээс мөнгийг нь ав битгий сонго. 2015 оны зургаан сард долларын ханшийг огцом унагаагаад гэнэт өсгөсөн. Зөрүүнээс нь олигархиуд асар их мөнгө олсон. Бондын мөнгөний арван хувийг  энэ олигархиуд л авсан. МАН, АН-ынхан нийлээд зургаахан сар төр барихдаа гуравхан компанид 90 тэрбум төгрөг хуваарилж байсан гээд л бод.

-Сонгуулийн жижигсгэсэн тойргийг  тодруулахгүй юу?

-Хууль бол ухралт байж болохгүй. Би жижигрүүлсэн мажоритараар яваад ухаралтыг үзсэн. Өөрөөр хэлбэл  нь ялдаг 49 нь буюу нийт сонсогчдоос 500-600  мянган хүний санал хаягдаг. Тиймээс алдаатай байна гэж  үзээд 2004 онд хуулийг нь өөрчилсөн байдаг юм. Энэ сонгуулийн хууль мөнгөтэй хүмүүс хууль гэж хэж болно. 

Миний харамсаад байгаа зүйл бол 4000 хүний өмнөөс ярьдаг болох гэж байгаад. Жишээлбэл:Баянзүрх дүүрэг дээр жишээ аваад үзэхэд л , наад талын хэсэг нь орон сууцны дээвэр ярьж байхад цаад талын хэсэг нь газрын асуудал яриад төрийн нэгдсэн бодлого байхгүй болж байна. Гэтэл ийм жалга довны болгож байгаан цаад талд мөнгөтэй хүмүүс хулгайн мөнгөө ашиглаж УИХ-д орох бололцоог олгож байгаа юм. Өмнө нь жагсаалтаар арай гэж орсон. Одоо эд нар жижиглэж байгаад орох гэж байна.Гэхдээ ард түмэн одоо л  сонголтоо хийхдээ “өөдөө хаясан чулуу, өөрийн толгой дээр” гэдэг хариу өгөх хэрэгтэй. Эд гудамжинд гарахаараа бүр шав шалдан гарна. Учир нь мөнгө нь бохир, үнэнд гүйцэгдэж, шоронд орно. Тиймээс эд нар үхтлээ айж байна. Одоо бол олигархиудын сүүлийн дайн л явж байна. Энэ дайнд хэн ялах нь сонин биш. Гагцхүү гуравхан сая ард түмнийг 20 гэр бүл хувааж авсандаа л байна. Дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж уншина уу.

Ж.Долгорсүрэн: Тэтгэвэрт гарсан ч гэсэн тэшүүрийн спортод байгаагүй амжилт гаргалаа

Хүүхэд залуусын дунд дэлгэрсэн тэшүүрийн спорт албан ёсоор уралдаан тэмцээн зохиодог болж хөгжөөд өдгөө 79 жилийн нүүрийг үзэж байна. Зөвлөлтөд сураад ирсэн залуучуудын нутагтаа дэлгэрүүлсэн энэ спортыг хөгжүүлэхээр 1937 оны долдугаар сард МАХН-ын Төв хороо “Улаанбаатар хотноо өвлийн цагт мөсөн дээр Коньки хэмээх төмөр тэшүүрээр гулгах нуурыг Төв театрын биеийн тамирын зөвлөлөөс эрхлэн театрын хашаанд анх байгуулж байсан түүхтэй. Ингэж намын төв хорооны тогтоолоор Монголд хөгжсөн тэшүүрийн спорт өнөөдөр зүй ёсоор хөгжиж буй спортын төрөлд яах аргагүй орж байна. Бидний сайн мэдэх Норвегийн Лиллехаммер хотноо хоёрдугаар сарын 12-21-ний өдрүүдэд Залуучуудын өвлийн II олимп зохион байгуулагдсан. Тус наадамд Монгол улсаас гүйлтийн цанын тамирчин А.Очирсүх, гүйлтийн тэшүүрийн төрөлд Б.Сумъяа нар амжилттай оролцсон. Тэр дундаа Б.Сумъяа Үндэсний олимпийн хорооны нэгдмэл багт оролцон гүйлтийн тэшүүрийн төрөлд алтан медаль хүртсэн бахдам амжилт гаргасан билээ.

Бид энэ удаагийн дугаартаа өвлийн спортын түүхийг бичилцэж яваа нэгэн эрхэмийг зочноор урьлаа. Түүнийг Жамъяангийн Долгорсүрэн гэдэг. Тэрбээр Монголын тэшүүрийн холбоотой 1965 оноос хойш амь амьдралаа холбож өнөөдрийг хүрчээ.Хэдийгээр 60 нас  гарч, аль хэдийн тэтгэвэрт  гарсан ч гэсэн энэ спортод амь амьдралаа зориулж, мэргэжил нэгт нөхдүүдээ манлайлан ажиллаж байна. Түүний бэлтгэсэн шавь нар Монголын тэшүүрийн спортын түүхэнд байгаагүй амжилт гарсан гэсэн сайхан мэдээгээр өнөөдрийн ярилцлагаа эхлүүлж байна.

-Сайн байна уу. Та өөрийгөө танилцуулахгүй юу. Анх хэрхэн энэ спорттой амь амьдралаа холбосон бэ?

-Намайг Ж.Долгорсүрэн гэдэг. Хүүхэд байх үеэс буюу 1965 оноос эхлээд тэшүүрийн спорттой амьдралаа холбож өнөөдрийг хүртэл холдоогүй гэж хэлж болно доо. Гэхдээ дунд 17 жил энэ спортоосоо завсарласан явдал байгаа. Анх тэшүүрийн спортоор хичээллэж эхлээд тамирчин яваад 1969-1979 оны хооронд Улсын шигшээ багт байсан. 1979-1992 он хүртэл Улсын шигшээ багийн дасгалжуулагч хийсэн. 1992 онд төр засгаас дэлхийд медаль авах хэмжээний хөгжиж чадахгүй спорт гэж үзээд цомхотголд оруулсан. Төрөөс авах арга хэмжээгээ зогсоосон гэсэн үг л дээ. Гэхдээ манай багийнхан бол холбоогоо устгаагүй авч явж, хөгжүүлэх талаас нь судалж авч явж ирсэн.

-Та тэгээд хэзээнээс холбоондоо буцаж ороод дасгалжуулагчаар ажиллаж байна вэ?

-2010 оноос эхлээд миний зээ охин тэшүүрийн тамирчин болно гэж биднийг шалж эхэлсэн. Тухайн үед би ч хэлж байсан охиндоо “Миний охин хэрэггүй. Манай хөгждөггүй спорт"  гээд л ойлгуулж хэлсэн. Гэтэл манай охин үнэхээр энэ спортоор хичээллэнэ гээд л зүтгэсэн. Бид нар хүүхдэд  ямар ч авъяас нуугдаж байгаа билээ, явуулаад үзье гэж шийдсэн. Тэгээд би өөрөө дасгалжуулаад аваад явсан. Зээ охин минь энэ спортоор 6 дахь жилдээ хичээллэж байна. Энэ хүүхдээ би чадвал 2018 оны олимппод, чадахгүй бол 2022 оны олимппод оруулах зорилт тавьж ажиллаж байна. Мөн үүнээс гадна гацхан зээ охинтойгоо ганцаарчилж ажиллаж байгаад 2013 оны 07 дугаар сараас эхлээд өсвөр залуучуудын насны 14 хүүхэд сонгож аваад дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн. Энэ маань маш их дүн гаргасан. Дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж үзнэ үү. 

АНУ-ын иргэн Ч.Ганбатыг албадан авчрахаар боллоо

Өнгөрсөн арван нэгдүгээр сараас эхлэн Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа болон нэр бүхий эрхэмүүдийг шалгаж эхэлсэн. “МТЗ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Ч.Ганбатыг долоон сарын өмнөөс энэ хэрэгт холбогдуулан  интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн. Түүнийг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн болон мөнгө угаасан хэргээр шалгаж байгаа. Өөрөөр хэлбэл Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “МТЗ”-ын ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа болон “Sam­sung CT”-ийн захирал нарын хэрэгтэй холбогдуулан шалгаж байсан юм. Тэрбээр  мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан тул ийнхүү эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлээд байсан. Долоон сарын турш эрэн сурвалжилж байгаа П.Бат-Эрдэнийг албадан авчрах болсон тухай мэдээлэл гарч эхэллээ. Тэрбээр 2012 онд АНУ-ын иргэн болсон бөгөөд, өдгөө тэнд амьдарч байгаа билээ.

С.Ганбаатар: МАНАН-д орсон дорвол үхсэн нь дээр

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Төрийн ордонд  мэдээлэл хийж ХҮН-аас гарч, АН-д элсэх тухай мэдээлэлд хариу өглөө. Тэрбээр "Хэвлэл мэдээллийн хэрэгслээр намайг том намуудад орж байгаа талаар багагүй мэдээллээ. МАНАН-д орсон дорвол үхсэн нь дээр. МАН, АН-ынханд С.Ганбаатар биш, түүнд итгэж буй хүмүүсийн итгэл хэрэгтэй байж болно. МАН, АН-ын шударга олон дэмжигч намайг хайрладаг. Гэхдээ би МАН, АН-д элсэхгүй. Харин МАН, АН-ын эсрэг, ард түмний төлөө ямар ч хүчтэй эвсэж, эвлэхэд бэлэн байна”гэв.

Анхааруулах мэдээ

Үрлэн сумтай хийн буугаар найз охиныхоо цонх руу буудаж танхайрчээ

 “Утсаар ярьсангүй” гэх шалтгаанаар найз залуу нь үрлэн сумтай хийн буугаар гэрийнх нь цонхыг буудаж хагалсан хэрэг гарчээ. Тус тоотод оршин суух М-ийг найз залуу нь утсаар ярихгүй, утсаа салгалаа хэмээн танхайрсан байна. Найз охиныхоо цонх руу үрлэн сумтай буугаар танхайрсан этгээд Э гэх /19н/ нэгэн байжээ. Түүнийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Хүүхэд мөргөсөн жолооч хэргийн газрыг орхин зугтаажээ

Өнгөрсөн амралтын өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 132 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна. Амралтын өдөр  БГД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, 25 дугаар эмийн сангийн буудалд марк дугаар тодорхойгүй авто машины жолооч нь явган зорчигч 15 настай эмэгтэй Б-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явсан байна.  Мөн түүнчлэн СХД-ийн нутаг Баянхошууны зам, 119-н автобусны буудлын зүүн замд T.Cresta маркийн авто машины жолооч Б нь H “Grace” маркийн О жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 7 настай эмэгтэй Б нарын гурван хүн гэмтжээ.

Өнөөдөр болсон үйл явдлын тойм

-Хангарди ордоны 14-н давхарт НӨХГ-аас Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын захиралуудтай байгуулсан контракт гэрээг гардуулах үйл ажиллагаа боллоо. Арга хэмжээнд НЗД-ын орлогч Н.Батаа болон НӨХГ-ын удирдлагууд, НӨҮГ-ын захиралууд оролцов.

-БСШУЯ дээр "Монголын инновацийн 7хоног-2016" арга хэмжээний нээлт боллоо.

-Корпорэйт конвэншн цэнтрт /Corporate convention/ Шадар сайдын ивээл дор ОБЕГ МУЗН хамтран Олны хүч оломгүй далай чуулга уулзалт болов.

- УДБЭТ-ын хоёр давхарт УДБЭТ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Э.Амартүвшингийн анхны бие даасан тоглолтын хэвлэлийн бага хурал болов. Тэрбээр тун удахгүй тоглолоо хийх гэж байгаа билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
2016/05/09 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment