Монгол гэлтгүй дэлхий даяараа хөрөнгө мөнгөө нуусан оффшор данстануудын талаар мэдээлэл цацагдаж эхлээд удаагүй байна. Оффшор дансны маргаан дэгдсэн энэ үед Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн нэгэн сайтад ярилцлага өгсөн байна. Тодруулбал, “Солонгос, Хонконгийн санхүүгийн талаар судалж байхад гадагш нь мөнгө зөөхөд хяналт маш чанга байдаг. Солонгосоос нэг сая ам.доллараас илүүг гаргана гэвэл Засгийн газраас зөвшөөрөл авдаг. Хонконгд бол их хэмжээний мөнгө данснаас явуулахад тэр орой нь хаалга тогшдог. Тэгээд ер нь офшор данстай Төрийн албан тушаалтан гэдэг үндсэндээ бусармаг, булингартай явдалтай улсууд байдаг гэсэн ойлголт түгээмэл. Тэр нь ч үнэн юм. Төрийн эрх мэдэл бүхий хүмүүс гадныхантай нийлж улс эх орныхоо эрх ашгийг хохироож оффшор бүсийнхэнтэй холбоотой байх, тэнд мөнгөө зөөж байршуулах нь сэжиг төрүүлэхүйц зүйл. Учир нь авлигын сүлжээнд орсон хүмүүсийн маш их нэр холбогддог. Өөрөөр хэлбэл, оффшор нь тэдний орох орон нь болдог” гэсэн тодорхой хариулт хэлсэн байна. Өчигдөр гэхэд Монгол Улсаас 49 иргэн офшор бүсэд бүртгэлтэй нь илэрсэн. Тэгвэл оффшороос сугарч үлдсэн улс төрчидын талаар мэдээлэл цахимд дуулиан дэгдээж эхэллээ. Иргэд “Offshoreleaks.icij.org” сайтад зочилж хайлт хийхэд манай улс төрчид болон иргэдийн нэрс гарч ирнэ. Манай улс төрчид Улаанбаатар, Москва, Бээжин гэх мэтээр төөрөгдүүлэн мөнгөө нуусан гэсэн мэдээлэл гарлаа.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Лу.Болд, С.Эрдэнэ, Ч.Улаан, Монгол банкны захирал асан Д.Пүрэвдоржийн хүү Д.Хангал, Байгаль орчны яамны сайд асан У.Барсболд, УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэгийн хүү О.Содбилэг болон бас бус иргэд өөрийн улсын оронд өөр улс, хотуудын нэр бичсэн байна. Эдгээр эрхэмүүдээс харахад идсэн уусан хэмээн яригддаг хүмүүсийн нэрс бас байна. Нэр нь дурьдагдсан Лу.Болд, С.Эрдэнэ, Ч.Улаан, Монгол банкны захирал асан Д.Пүрэвдоржийн хүү Д.Хангал, Байгаль орчны яамны сайд асан У.Барсболд, УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэгийн хүү О.Содбилэг нар ХОМ-тээ бүгд мэдүүлээгүй байна. ХОМ-тээ мэдүүлээгүй байгаа учраас үнэн эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Эх сурвалж: www.ugluu.mn