Хүн худалдаалах гэмт хэргийн тоо жил ирэх тусам өсч байгаа талаар цагдаагийн байгууллагаас хэлж байна. Энэ төрлийн гэмт хэрэг далд хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд бусад тэр бүр мэдэгддэггүй. Ингээд хүн худалдаалах гэмт хэрэг гэж юу бэ, энэ төрлийн гэмт хэргээс хэрхэн сэргийлэх талаар Эрүүгийн цагдаагийн газрын дөрөвдүгээр хэлтсийн Хүн худалдаалах, биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэл хариуцсан ахлах төлөөлөгч С.Алтанцоожтой ярилцлаа.
-Танайхаас өнгөрсөн онд Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ямар ажлуудыг хийсэн бэ?
-Энэ төрлийн гэмт хэрэг шинэ төрлийн гэмт хэрэгтээ ордог. Хүн худалдаалах төрлийн гэмт хэрэг бол бүх дэлхийн улс орнуудын санааг зовоосон хэрэг. Өнгөрсөн жил манайхаас хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийн нэгдсэн цахим сан гэдгийг Хууль зүйн яамны дэмжлэгтэйгээр хамтраад цагдаагийн байгууллагаас санаачлаад үйл ажиллагаандаа нэвтрүүлж байна. Бүх газар нэгжүүдэд тараахаар ажиллаж байгаа.
-Энэ цахим сан ямар учиртай юм бэ?
-Биеэ үнэлэх гэдэг нь эрсдэлт бүлэг. Монголчуудын дунд өрөөсгөл ойлголт бий. Зөвхөн биеэ үнэлэх нь хүн худалдаалах төрлийн гэмт хэрэг биш. Бие үнэлэгчид өөрсдийн дурандаа явж байгаа гэсэн ойлголт бий. Тийм учраас биеэ үнэлэгчдийг нэгдсэнд санд оруулснаар бид нар тодорхой тоо баримт албан ёсных болно.
-Энэ төрлийн гэмт хэрэг далд нууц хэлбэрээр газар авсан. Тэгвэл илрүүлэх тал дээр ямар ажлыг хийж гүйцэтгэж байна вэ?
-Эрүүгийн цагдаагийн газар дээр Хүн худалдаалах, биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэл гэж байдаг. Өнгөрсөн жилийн хугацаанд бэлгийн мөлжлөгийн зорилгоор, хөдөлмөрийн мөлжлөгийн зорилгоор үйлдэгдсэн гэмт хэргүүд рүү чиглэж ажилласан. Сүүлийн үед бүр нарийн буюу далд хэлбэртээ шилжсэн байгаа. Сэжигтэй этгээдүүд аргаа улам нарийсгадаг. Тэгэхээр бидэнд ард иргэдийн туслалцаа их хэрэг болдог. Ийм төрлийн гэмт хэргийн хохирогч болсон хүн өөрөө хуулийн байгууллагад ханддаггүй. Биед нь бодит хохирол буюу гэмтэл учраагүй болохоор хэлдэггүй. Ялангуяа эмэгтэйчүүд хохирдог бөгөөд цагдаагийн байгууллагад хандахаас ичиж санаа зовдог. Хэрвээ өөрийгөө хохирсон гэж үзэж байгаа бол санаа зовж ичихгүйгээр өөрийнхөө амьдардаг харьяа дүүргийнхээ цагдаагийн газар хэлтсүүдэд хандах эрхтэй. Ингэвэл хэргийг илрүүлэх боломжтой.
-Он гарснаар ийм төрлийн гэмт хэрэг хэд бүртгэгдэв. Нарийн тоо, баримт байгаа юу?
-Хдөлмөрийн мөлжлөгийн чиглэлээр БНХАУ-ын Манжуур хот, Хайлаар зэрэг хот руу чиглэсэн урсгал ажиглагдаж байгаа тул манайхаас шалгалт мөрдлөгийн ажлыг хийж эхэлсэн байгаа. Он гарсаар хөдөлмөрийн мөлжлөгийн шинжтэй хоёр гэмт хэрэг, насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн мөлжлөгт оруулсан хэрэг хоёр бүртгэгдсэн.
-Малайз руу 12 эмэгтэйг гаргаж биеийг нь хүчээр үнэлүүлсэн хэрэг энэ оны эхээр гарсан. Энэ хэргийн талаар мэдээлэл бий юу?
-Энэ хэргийг манайх нэгдүгээр сарын 01-ний өдөр илрүүлэн шалгасан. ГХЯ-ны Консулын газартай хамтарч байгаад хохирогч болсон охидуудыг эх оронд авчирсан. Малайз улсын Куала Лумпур хот руу 18-26 насны 12 эмэгтэйг хоёр удаагийн тээвэрлэлтээр авч явсан байдаг. Тэнд “Өндөр цалинтай ажилд оруулна” гэж хууран мэхэлсэн. Мэдээж ямар ажил вэ гэж асуухаар “Зочид буудал, рестораны үйлчлэгч хийнэ” гэж хэлээд аваад явсан. Хил давуулсан хойноо гадаад паспортыг нь хурааж аваад хорьсон байсан.
-Энэ эмэгтэйчүүдийг хууран мэхэлж хилээр гаргасан этгээдүүдийг баривчилсан уу?
-Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон байгаа. Одоогийн байдлаар мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа..
-Хүн худалдаалах гэмт хэргийг гардаж зохион байгуулдаг сүлжээ олон бий. Тэднийг илрүүлэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх ажил хэр байна вэ?
-ЭЦГ-ын зорилго бол эдгээр бүлэглэлийг илрүүлэх. 2-3 хүн үгсэн тохиролцож, зуучлагч, дамжуулагч, тээвэрлэгч гэсэн хэргийн оролцогч нарыг илрүүлсэн. Бид нар аль болох яаралгүй тодорхой хэмжээний нотлох баримтыг нь цуглуулах хугацаа шаардаж байгаад үндсээр нь татаж шалгадаг.
-Ярилцсанд баярлалаа.