“Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам”-ын дарга Ш.Төмөрсүхийн биед халдахыг завдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Ш.Төмөрсүх рүү энэ сарын 14-ны үүрээр гурван залуу дайрч боож унагаахыг оролдсон байна. Энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Амь насанд минь халдахыг завдлаа. Би Багануурт байдаг тариан талбайгаа эргэчихээд энэ сарын 14-ны үүрээр 04:49 минутанд орц руугаа орох гэж байтал миний араас дагаж явсан гурван хүн над руу халдаж араас боож, цохиж би уналгүйгээр эсэргүүцэж амиа аварч чадлаа. Оффшор данстай хулгайчдын хөрөнгийг хурааж, цаазаар авах ёстой гэж хэлсэнээс хойш намайг машинаар хүмүүс дагаад байгаа юм шиг санагдсан мэдрэмж хоосон биш байж. Тэр хүмүүсийн араас хөөж гүйсэн. Номергүй жийп хүлээж байгаад авч зугтсан. Үгээ үнэнээр хэлсэн хүнд амьд явах баталгаа алга. Би алагдаж магадгүй. Гэхдээ үхлээс айхгүй, үнэний төлөө үзэл бодолдоо хэвээр байх болно... Айхгүй ч гэсэн үр хүүхдээ бодохоор айж л байна. Олноороо тэмцмээр байна...” хэмээн бичиж, дүрс бичлэгийн хамтаар өөрийн хуудаснаа байршуулжээ. Уг хэрэгтэй холбоотойгоор Ш.Төмөрсүх БГД-ийн цагдаагийн хэлтэст хандаад байгаа аж. Мөн тэрбээр энэ талаараа Цагдаагийн байгууллагад ханджээ.
Жийптэй залуус Ш.Төмөрсүхийн биед халджээ
2016-05-16 13:10:00