Сүүлийн үед БНСУ-ын виз мэдүүлгийн талаар зарим зүйл дээр ойлгомжгүй хэл ам ихтэй байна. Өчигдрийг хүртэл цагдаагийн газраас олгодог тодорхойлолт олгохгүй гэсэн шалтгаанаар БНСУ-д анх зорих иргэд виз мэдүүлэх боломжгүй байсан. Мөн нийтээрээ эдийн засгийн хямрал хэмээх шалтгаанаар гадаадыг, тэр тусмаа БНСУ-ыг зорихыг хүсэх болж үүнтэй холбоотойгоор БНСУ-ын визний мэдүүлэг хүлээн авдаг байгууллагууд ачааллаа дийлэхгүйд хүрч урт дараалал үүсч иргэдийг чирэгдүүлэх тохиолдол гарч байлаа. Тэгвэл эдгээр асуудлууд шийдэгдэн хэвийн байдалдаа эргэн орж эхэлсэн байна. Тухайлбал, дөрөвдүгээр сарын 06-ны өдөр Хууль зүйн яамны сайдын тушаал гарч иргэдэд Цагдаагийн газрын тодорхойлолтыг гаргаж өгөхөөр болжээ. Мөн Визний мэдүүлэг хүлээн авдаг “Паспорт интернэшнл”, “Монгол Солонгосын хүмүүнлэгийн харилцааны нийгэмлэг”, “Бридж Хан-Монлау” гэсэн гурван байгууллага иргэдэд үйлчилдэг байсан бол энэ удаад дөрвөн байгууллага нэмэгдсэн нь иргэдэд хүргэх үйлчилгээг сайжруулах, хүртээмжтэй зорилготой аж.