8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Энхмаа: Вакцин хийлгэчихээд даарснаас болж халуурсан нэг хүн ирсэн

2016-05-18 08:34:00

Хэдхэн жилийн өмнө ДЭМБ-ын Баталгаажуулах хорооны шийдвэрээр Улаанбурхан өвчнийг бүрэн устгасан орны тоонд Монгол Улс орж байсан билээ. Гэтэл энэ оны өнгөрсөн нэгдүгээр сараас хойш Улаанбурхан өвчний тархалт ихэсч өдөрт бага насны хоёр хүүхэд эндэж байсан гэхэд хилсдэхгүй болов уу. Тухайн үед товлолт дархлаажуулалт хамрагдаагүй нярай буюу 1-9 сартай хүүхэд, 18-30 насны залуусийн дунд өвчлөл өндөр байсан. Тиймээс энэ сарын 12-25-ны өдрүүдэд орон даяар Улаанбурхан-улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг хийж эхэлсэн билээ. Энэ удаагийнхаа сурвалжлагаа Улаанбурхан-улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт хийж буй цэгүүдээс хийсэн юм.    

     Ц.Энхмаа: Одоогоор вакцин хамрагдалт 61,4 хувь байна

Эхний очсон цэг бол Баянзүрх дүүргийн XXV хорооны “Энх агшин” ӨЭМТ. Гаднаа 18-30 насны залуус Улаанбурхан-улаануудын эсрэг вакцин хийж байна, Нэмэлт дархлаажуулалт орон даяар эхэллээ гэсэн бичгийг хаалган дээрээ наасан байлаа. Хаалгаар ороход вакцины хийж буй өрөөний үүдэнд залуус эгнэн зогсч харагдав. Цайны цаг таарсан болоод ч тэр үү хөл хөдөлгөөн их байлаа. Тус ӨЭМТ-ийн ажилтанууд хоёр хэсэг болж хуваагдан нэг хэсэг нь эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж нөгөө хэсэг нь вакцин хийж байсан юм. Ингээд вакцин хийлгэж буй залуусийн төлөөлөл болгож иргэн А-гийн сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр “Гэр бүлийн хүнтэйгээ вакцинаа хийлгэчихлээ. Хүн их байсан ч эмч нар хурдан шуурхай үйлчилж байна. Гам сайн барьж гурван өдөр даарахгүй байхыг зөвлөлөө” хэмээн ярьсан юм. Мөн вакцин хийлгэхээр ирсэн зарим эмэгтэйчүүд хүүхэдтэй болохоор төлөвлөсөн, дааврын эм, бэлдмэл хэрэглэж байгаа болохоор хийлгэж болох уу гэж асууж ирж байгаа нь нэлээд олон байв. Зарим нь жирэмсэн болсон эсэхээ шалгалж баттай болгож байгаад вакцинаа хийлгэж байсан юм. Вакцины өрөөнд их эмч, тарианы сувилагч, бүртгэл хариуцсан сувилагч ажиллаж байлаа. Ингээд их эмч Ц.Энхмаагаас дараах асуултад хариулт авлаа.    

Байнгын цэг  өдөрт дунджаар 90-100, явуул нь 300-500 хүнийг вакцинд хамруулж байна.

-Өнөөдөр хэчнээн хүн вакцин хийлгээд байна вэ?

-Вакцин өглөө 09:00 цагаас эхэлсэн одоогоор 72 хүн хамрагдсан байна. Манай эмнэлэг байнгын нэг, явуулын хоёр цэгтэйгээр вакцин хийж байна. Байнгын цэг нь эмнэлэг дээр, явууллын хоёр цэг нь иргэдийн гэр, албан байгууллагаар явж байгаа.  Байнгын цэг өдөрт дунджаар 90-100, явуул нь 300-500 хүнийг вакцинд хамруулж байна. 

-Танай төвд харьялалтай хүний хэдэн хувь нь хамрагдаад байна вэ?

-Өнөөдрийн байдлаар вакцин хамрагдалт 61,4 хувь байна. Мөн харьяа бус хүмүүс ч их ирж вакцин хийлгэж байгаа. 

-Вакцин хийлгэсэн хүмүүсээс харшилсан ч юм уу сөрөг нөлөө үзүүлсэн шинж тэмдэг илэрсэн үү?

-Манай эмнэлэгт вакцин хийлгэсэн нэг хүнээс халуурсан шинж тэмдэг илэрч эргэж ирж үзүүлсэн. Тухайн хүн өөрөө гам алдаж даарснаас болж халуурч, хоолойн улаасан байсан. Өөр зүйл одоогоор ажиглагдаагүй байна. 

Манай эмнэлэгт вакцин хийлгэсэн нэг хүнээс халуурсан шинж тэмдэг илэрч эргэж ирж үзүүлсэн. Тухайн хүн өөрөө гам алдаж даарсанаас болж хоолойн улаасан байсан.

М.Тунсаг: Залуус нэмэлт дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж байна

Харин бидний дараагийн очсон газар Дүнжингарав худалдааны төвийн нэг цэгийн үйлчилгээнд байрлах нэмэлт дархлаажуулалтын цэг юм. Өдрийн 14:00 цагийн үед очсон болоод тэр үү хөл хөдөлгөөн их, нэлээд очертой  байв. Мөн Дүнжингарав худалдааны төвийн үйзлээр Улаанбурхан-улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалт идэвхтэй хамрагдахыг уриалан зарлаж байгаа нь сонсогдов. Улмаар тус цэгийг ахалж буй ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламжийн үйлчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсаг холбогдож цөөн хором ярилцсан юм.

-Дүнжингарав нэг цэгийн үйлчилгээний төв дээр нэмэлт вакцин хийж байгаа юм байна. Худалдааны төв болохоор залуус их хамрагдаж байна уу?

-Дүнжингарав нэг цэгийн үйлчилгээний төв дээр Улаанбурхан-улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын үйл ажиллагааг зохион байгуулж байна. Одогоор буюу 14:30 минутын байдлаар 170 гаруй хүн вакцинд хамрагдсан байна. Өдөр өдөр хамрагдах хүний тоо янз бүр. 

-Оройн цагаар оюутны дотуур байраар явж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Оройн цагаар үзвэр үйлчилгээ газруудаар явж вакцин хийж байна. Мөн их, дээд сургуулиудын дотуур байр, хичээлийн дундуур сургуулиуд дээр нь очиж вакцин хийж байгаа. Энэ нь нэлээд үр дүнтэй байна. Худалдааны төв, зах дэлгүүрээр нэлээд явж иргэдийг вакцинд хамруулж байна.

-Залуус хэр идэвхтэй байна вэ?

-Залуус нэмэлт дархлаажуулалтад маш идэвхтэй хамрагдаж байна. Дүнжингарав худалдааны төвийн үйзлээр давхар зарлуулж  байгаа.

-Тус цэгт ХӨСҮТ-ийн резидент эмч нар ажиллаж байгаа гэсэн?

-Энэ нэмэлт дархлаажуулалтын цэгт ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламжийн салбарын резидент эмч буюу төгсөх курсын эмч нар давхар ажиллаж байгаа.  Үйлчилгээний байгууллага болохоор илүү их ачаалалтай байна. Өдрийн цагаар залуус их ирж байгаа.  

       Ийнхүү ярих зуур дугаарлаж буй иргэд “Өглөөгүүр хүн бага байсан. Үдээс хойш  болсон чинь ихэссэн байна” хэмээн ярих хүн олон байлаа. Тэдний нэг болох Б.Хулангийн сэтгэгдлийг  сонссон юм. Тэрбээр “Би Баянгол дүүргийн харьялалтай. Завтай эндүүр явж байсан болохоор  вакцинаа хийлгэчихлээ. Харьялал харгалзахгүй хийж байгаа нь таалагдлаа. Залуусаа эрүүл ирээдүйтэй монголын төлөө вакциндаа идэвхтэй хамрагдаарай гэж хэлмээр байна” гэсэн юм. Түүнчлэн Улаанбурхан-улаануудын өвчний эсрэг нэмэлт вакцин хийж буй цэгүүдээр иргэд 5 настай, 17 настай, 32 настай хүмүүс яах юм бол гэж асуух хүн их байгаа нь ажиглагдав. 2015 оноос хойш улаанбурхан өвчнөөр өвчилсөн хүн амын дийлэнх нь 18-30 насныхан байгаа тул тархварзүйн заалтаар хийж энэхүү нэмэлт дархлаажуулалтыг хийж байгаа юм байна. Бусад насны бүлгийн хүмүүс сайн дурын дархлаажуулалтад хамрагдаж боломжтой аж. Орон даяар эхэлсэн Улаанбурхан-улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтыг нийт 529 нэгж, цэгээр дамжуулан хийж байна. Вакцинжуулалтын ажлыг байнгын цэг, түр цэг, явуулын цэг гэсэн гурван зохион байгуулалттайгаар хийж байгаа. Байнгын цэг нь вакцин хийдэг томоохон өрхийн эмнэлгүүдэд байрлах бол түр цэг нь албан байгууллага, сургуулиудад, явуулын цэг нь вакциндаа хамрагдахгүй байгаа айлуудад очиж хийж байгаа аж. Өчигдөр буюу энэ сарын 17-ны өдрийн байдлаар нийслэл, аймгийн хэмжээнд хэчнээн хүн вакцинд хамрагдаад байгааг доорх графикаас үзнэ үү.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Namsan
32 toi bi. Xiilgechix yum san
2016/05/18 103.17.108.42