Манай улс энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 4000 орчим тонн ноолуур экспортолжээ. Харин экспортод гаргасан самнасан ноолуурын хэмжээ 52.4 тонн болсон талаар Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий газраас мэдээлсэн байна. Үнийн дүнгээр нь тооцож үзвэл 3.6 сая ам.долларын самнасан ноолуур экспортолсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс хоёр дахин бага дүн болсон байна. Самнасан ноолуурын дийлэнх буюу 55 хувийг Итали улсад, 39 хувийг Англид экспортолж, үлдсэн хэсгийг Энэтхэг, Японд гаргажээ. 2015 оны мөн үед Монгол Улсаас 2000 орчим тонн самнасан ноолуурыг БНХАУ-д нийлүүлж байсан бол энэ онд нэг ч тонныг гаргаагүй аж. Харин зөвхөн боловсруулаагүй ноолуурыг тус улсад экспортолж байгаа юм байна. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд зааснаар түүхий эдийг экспортод гаргах тохиолдолд Хөдөө Аж Ахуйн биржээр арилжаалсан байх шаардлага тавьдаг. 2016 он гарснаас хойш Хөдөө Аж Ахуйн биржид нийт 1634.1 тонн ямааны боловсруулаагүй цайвар болон бараан ноолуур арилжаалсан байна.
4000 орчим тонн ноолуур экспортолжээ
2016-05-19 12:44:00