Өнгөрсөн пүрэв гаригт (V/19) Өмнөд Солонгос улсын Чежү арлын шүүхээс Монгол улсын иргэн, 38 настай, эрэгтэй С-д дөрвөн жил хоригдох ял оноосныг “Mongol radio” уламжлав. С нь тус арлын нэгэн морины аж ахуйд 2013 оноос ажиллаж эхэлсэн ба өнгөрсөн 3-р сард компанийнхаа захиралд хандаж "Миний визийг нэг жилээр дахин сунгахад 12 сая воны мөнгөн барьцаа тавих шаардлагатай гэсэн. Та надад 12 сая вон түр зээлүүлээд, банкны картад хийж өгч тус болооч. Би визээ сунгуулаад танд буцаагаад өгье" хэмээн гуйсан байна. Солонгос захирал нь түүний хүсэлтийг хүлээн авч тус болсон боловч С нь уг мөнгөөр казино тоглож дуусгасан аж. Чежү арлын шүүхээс мэдэгдэхдээ "Монгол залуу С нь казино тоглох зорилгоор бусдыг хууран мэхэлж мөнгө зээлсэн төдийгүй зээлсэн мөнгөө буцааж төлөх хүчин чармайлт огт гаргахгүй байгаа зэргийг үндэслэн түүнд дөрвөн жил хоригдох ял оноосон" хэмээн мэдэгдсэн аж.