Монголчууд бид заримдаа мэдэх юмаа мэдэхгүй болж, мэддэг зүйлээ мэдэхгүй байгаа юм шиг загнах юм. Заримдаа хуйларсан хуй дунд орчихоод өөрийнхөөрөө ч байж чадахгүй бусдыг дагалдах нь элбэг. Өөрөө мэдээд байгаа мөртлөө санаатай, санаагүй бусдын шидсэн чулууг дамжуулах дамжлага болж байгаагаа мэдэхээр харамсалтай. Сүүлийн үед С.Баярцогтоос муухай хүнгүй мэт болжээ. Нээрээ хүмүүсийн хуухирч, хөөрөлдөн шуугиад байгаа шиг тэр тийм муу хүн үү. Уг нь бид түүнийг мэднэ. Тийм ээ, монголчууд Сангажавын Баярцогтыг сайн мэднэ. Монголын улс төрийн амьдрал, нийгмийн дэлгэц түүнийг нэн тодорхойгоор бидэнд мэдүүлж иржээ. Хувь хүнийхээ хувьд тэрбээр хар залуугаасаа бидний нүдэн дээр ил явж ирсэн. Ердөө 25 настайдаа Улсын Бага хурлын гишүүн болсноор тэр бидний нүдэн дээр өсч, хөгжиж хатуужиж борвижиж ирлээ. Бас л нүдэн дээр балбуулж, нүдүүлж шархдаж байна.
Сэлэнгэ аймгийн нэгдүгээр арван жилийн сургуулийг алтан медальтай төгсөөд Москвагийн Улсын их сургууль, Герман, АНУ-д сургууль төгссөн гээд үнэндээ улстөрчид дотроо өндөр боловсролтой нь. Төрийг жагсаал сайн хийдэг, илтгэл сайн тавьдаг эсвэл бусдыг сайн даргалдаг хүн авч явдаггүй. Харин эдийн засгаа мэддэг, улс орныхоо төлөө дуугарч чаддаг бас хэрэгтэй үед нь хатуу зогсч бас заримдаа буулт хийж чаддаг хүн авч явдаг. С.Баярцогт бол онцгой хүлээцтэй нэгэн. Аливаа асуудалд, ажилд тун эвлэг. бусдыг машид сайн сонсоно. Юмыг хурцатгалгүй, ятган ухааруулах, зөвшин нийцүүлэх дадлыг төгс гэмээр эзэмшсэн нь олон зүйлээс харагддаг. Төрөөс даалгасан алив ажлын ард жинхэнэ гарсан шиг гарна. Хийсэн шиг хийнэ. Монголын маань улстөрчдийн авир араншин, ёс зүй, мэдлэг чадвар янз янз. Үг үйлдлийн ялгаа ч их. Түмэнд нэг сайхан харагдчихаад түлхээд дэмнэх ёстой, хийх ёстой ажлаас зугтаад явчихдаг хүмүүс цөөнгүй. Тийм хүмүүс хэзээ ч шүүмжлэл сонсдоггүй. Яагаад гэвэл юу ч хийгээгүй юм чинь. Харин С.Баярцогт өөр. Зөөлөн намуун боловч итгэл төгс, хэлэлцэн ярьж байгаа асуудлаа чухам судаслан атгаж, алив зөв сайн шийдвэрийг тэр гаргаж чаддаг. Хоорондоо муудаад хоёр тийшээ харчихсан улс төрийн нөхцөл байдалд С.Баярцогтод л эвлүүлэх их үүрэг ирдэг, хийсэн хэн нэгэн нь муу нэр сонсон сонсон гүйцэтгэх нь тодорхой ажилд бас түүнийг л томилдог. Түүгээрээ тэр эр зоригтой хүн юм. ЗГХЭГ-ын дарга байхдаа Төрийн ордноос төр засгийн экс удирдагчдын шарилыг гаргах ажлыг тэр л хийсэн. Төрийн ордны өргөтгөл, нүүрэн талыг шинээр бүтээн босгох ажлыг бас удирдсан. Олон жил оршсон ихэсийн бунхныг зүй зохистой шилжүүлэн залсан нь, өнөөдрийн Чингис хаан сэнтийтэйгээ суух нь бидэнд хэзээнээсээ л ийм байсан мэт санагдах болж. Сангийн сайд байхдаа Оюу толгойн замын хажуу гарчихаад удаж байгаа гэрээг замд нь оруулахад тэр л түүчээлсэн. Хэрэв гавьяа шагнал ирдэг бол ард түмэнд ирэх, гай буруутан тодруулах бол С.Баярцогт л тодрох тийм үүргийг тэр дандаа хүлээдэг юм.
Оюу толгойн гэрээ муу болсон гэвэл С.Баярцогтыг л зүхэх атлаа энэ гэрээг хийснээр өнөөдөр Монгол ямар болсон тухай гавьяаг хэлэлцэх бол бүгдээрээ л эзэн сууж таарна.
Ур чадвар, улстөрчийн мэдрэмж, оюун санааны потенциаль өөрийн төдийгүй өрөөлийн намдаа хүлээн зөвшөөрөгддөг лидер бол С.Баярцогт яах аргагүй мөн. Тэр төрийг түших, нийгмийг залан чиглүүлэх ухаанд оюун санаа тулхалсан цагаасаа л суралцсан. Хувь тавилангийн үүрэг хариуцлагын од нь үүнд зааж, энэ хэрээр түүний амьдрал бахархалтай болоод амаргүй зам харгуйг туулж явна. Оюу толгойн гэрээ муу болсон гэвэл С.Баярцогтыг л зүхэх атлаа энэ гэрээг хийснээр өнөөдөр Монгол ямар болсон тухай гавьяаг хэлэлцэх бол бүгдээрээ л эзэн сууж таарна. Бид муу хэлэн хэлсээр энэ төслийн үр ашгийг хүртсээр суугаа. Дэлхийн хэмжээний энэ том төслийг явуулж, эдүгээ говиосоо бид мөнгө хүртэж суугаадаа талархах л учиртай. Өнөөдөр улс оронд хөрөнгө оруулалт үгүй байна. Оюу толгойн төсөл үргэлжилж байгаа нь гадныханд итгэл найдварын гэгээ болж байгаа. Манай үндэстэнд хөрөнгө оруулж, хөгжлийн төлөө юм хийе гэсэн гадны мөнгөтнүүдэд энэ төслийн чиг төлөв луужин болж байгаа нь нууцгүй. Тиймээс л оюу толгойн бүтээн байгуулалт шиг том төслийг чухамдаа С.Баярцогт нар шиг сийрэг толгойтнууд түрүүлж харж чадсанаар амжиж урагшлуулсан гэдгийг ойлгох хэрэгтэй юм.
Бусдын зорилготой ярианд итгэж С.Баярцогтыг муулж, үзэн ядаж байгаа зарим нь улс төрөөс явах цаг болсон гэх нь сонстоно. Уучлаарай, тэрний үе өнгөрсөн биш харин түүний үе эхэлж байна гэж хэлэх хэрэгтэй болов уу. С.Баярцогт шиг улстөрчийг бэлдэхэд багадаа хорин жил ордог. Мэдлэг чадвар өндөр, туршлагажиж хатуужсан, хүмүүстэй үгээ олж, учраа ч мэдэхгүй яваа улстөрчдөдөө луужин болж, төр нийгмээ хэрхэн удирдан залах ухаанаа жинхэнээсээ нототгон олсон ийм хүнийг энэ олон жилд бүтээдэг, бүтээгддэг. Одоо түүнийг Монголын төр жинхэнэ ашиглах үе нь ирж байна. УИХ-ын гишүүн ч биш, сайд ч биш илүү их ачааг түүнд үүрүүлэх цаг ирж байна гэж ойлгогддог. Гэвч Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гашуун түүх бий. Гэхдээ өнгөрсөн түүхээс харахад Монголын төр нь, Монголын ард түмэн халтай байдаггүй. Харин тэр бүх хүний чадвар чансаанаас нь айсан, тэднийг өрсөлдөгчөө гэж харсан зарим нэг хүний явуулга хуй салхи шиг эргэлдэхдээ олон хүнийг мунхруулан автуулж, хэсэгхэн хугацаанд буруу зүгт чиглүүлсэн байдаг. Хамхуул мэт дагаж гүйсэн олонх сүүлд нь жинхэнэ төр түшиж ирсэн хүмүүсээ хэн нь хэн байсныг мэддэг. Түүнтэй адил С.Баярцогтыг өрсөлдөгчөө гэж харж байгаа хүмүүс их байна. С.Баярцогтыг дараагийн намын дарга, дараагийн Ерөнхий сайд гэж АН-ынхан нь байтугай МАН-ынхан нь ярьдаг. Магад үүнээс нь болгоомжилсон өөрийн, өрөөлийн хүмүүс боломж дээр нь дараад нухчаад авахыг хүсч байх шиг байна.
Бүр байя гэхэд тэр тойргоосоо баталгаатай суудал авчрах гишүүн гэдэг нь тодорхой. Сэлэнгэчүүд С.Баярцогтыгоо ойлгосон ард түмэн шиг санагддаг. Итгэлээ хүлээлгэж, С.Баярцогт ч түүнийг нь дааж бүтээж явна. Сэлэнгэчүүд С.Баярцогтыг сонгосноороо алдаж байгаагүй. Тэрнийгээ ч мэддэг, нутгийнхан нь. Аливаа намд суудал илүүдэхийн зовлон гэж байх биш. Тэр дундаа АН-ынхан дутахын зовлонг хангалттай үзэж яваа. АН-ынхны дархан нэг суудлыг С.Баярцогт л авчирдаг. Гэхдээ түүнтэй нэг намын суудал гэж ярихаасаа үндэстний эрх ашгийн төлөө заавал байх хүн гэж ярих нь үнэнд нийцэх биз ээ.
С.Баярцогт шиг шиг улстөрчийг бэлдэхийн тулд дахиад хорь, гучин жил бидэнд хэрэгтэй.
Түүнийг сүүлийн дөрвөн жил оффшор дансны хэрэгт яллалаа. Ёс зүйн хариуцлага хүлээгээд УИХ-ын дэд даргын албан тушаалаасаа огцорсныг нь хэн ч санахгүй байгаа бололтой нэмж яллаж, нэмж шийтгэхийг хүсч байгаа мэт харагдана. Манайд хүчин төгөлдөр байгаа хуулиар оффшортой нэр холбогдсон хүн ямар нэгэн ял үүрч, буруу хүлээх эрх зүйн үндэс байхгүй. Тийм тохиолдолд хүлээе гэхнээ хүлээх хариуцлага байхгүй. Харин ёс зүйн хариуцлага яригдаж болно. Тэр ёс зүйн хариуцлагаа хэдийнэ хүлээсэн. УИХ-ын дэд даргын албан тушаалаас хэвлэлийн бага хурал хийж, ёс зүйн хариуцлага хүлээж байгаагаа зарлаад огцорсон. Түүн шиг ёс зүйн хариуцлага хүлээгээд албан тушаалаасаа огцорч байсан нь хэд байдаг юм. Заримдаа бид увайгүй хүмүүсийг яаж ч чадахгүй атлаа ёс зүй яриад, зөөлөн байгаа нэгнээ боорлох юм даа. Нэг алдаагаар бүхий л оноог үгүйсгэж болохгүй. Ёс зүйн хариуцлага хүлээх ийм чадвартан Монголд ер байсан уу, бий юу. Энэ чухал асуулт шүү. С.Баярцогтоос өөр нь ингэж чадах болов уу гэдэг бас л асуулт. С.Баярцогтын хүлээсэн ёс зүйн хариуцлага бол Монголын улстөрчдийн шинэ зам мөр, шинэ соёл бий болох учиртай. Энэ үүднээс авч үзвэл, түүнд амаргүй боловч, үндэстний шинэ ухамсрын давалгааг сэтэлж байгаагаар нь С.Баярцогтыг бид илүү илүү алдаагүй ажиллуулах учиртай. Түүнд хайр найргүй хандаж, үгэн сумаар өдөр бүр шүршихийн оронд нэгэнт хүлээчихсэн ухамсар соёлыг нь сайн үлгэрийн эх болгож, ярьж бичих нь үндэсний сонгодог эрх ашигт нийцэж таарна.
Үнэндээ С.Баярцогт бол өөрийн хувийн бизнесийг эрт эхлүүлсэн. Энэ хэрээр элдэв эрх ашгийн зөрчилд орж, хууль бус зүйлд өнгөлзөхгүйгээ ухаарч дархлаажсан бас баялгийг хэрхэн бүтээдгийг мэддэг хүн гэж ойлгодог. С.Баярцогт бол жирийн эцэг эхийн хүүхэд. Харин хөдөлмөрч сайн эцэг эхийн хүү. Тариа тарьдаг. Тийм бизнестэй. Утга агуулга нь сайхан. Ургадаг, ургуулдаг. С.Баярцогтыг бид хурц хадуураар хадаад, хяргаад хаячихаж болохгүй. Өнөөдөр түүнийг нийтээрээ намнах хар салхи салхилж байна. Энэ тусам нь сэлэнгийнхэн нь, түүнийг өөрийнхөөрөө мэддэг түмэн олон түүнд туслах, түүнийг дэмжих ёстой мэт санагдаж байна. Одоо хэн нэгний үгээр түүнийг буруутгаж, түүнийг зүүгээр шивээлээд хэрэггүй. Харин өөрөөсөө асуу. Та түүнийг мэдэх үү. Түүнд итгэж байна уу гэж асуу. Хорин хэдхэн наснаасаа монгол төрийн төлөө зүтгэсэн тэр үзсэн харсан, туулсан тунгаасан, алдсан оносон, туршлагажиж боловсорсноороо бол болд мэт ширгээгджээ. Түүн шиг улстөрчийг бэлдэхийн тулд дахиад хорь, гучин жил бидэнд хэрэгтэй. Тэрээр ирээд буцдаг дөрвөн жилийн настай УИХ-ын гишүүн байгаагүй, нэг тойргоос нөгөө рүү сэлгэж зугтдаг хулчгар ч байгаагүй. Сэлэнгээсээ дэвшдэг, тэндээсээ гардаг. Сэлэнгийн ч биш, Монголын төлөө ажиллаж ирсэн тийм л түшээ. Та түүнийг мэдэх үү. Тийм ээ. Би түүнийг мэднэ. Бид Сангажавын Баярцогтыг мэднэ. Би хэн нэгэн хуйларсан салхины шивнээнд биш өөртөө итгэж байна. Түүнийг чөлөөлөөд явуулах биш харин илүү их ачаа үүрүүлэх цаг нь болсон.