8o
Улаанбаатар хот
mobile menu

Сонгуулийн сурталчилгааг хуулийн дагуу явуулах хүсэл эрмэлзлэл СЕХ-нд байна уу

2016-05-26 11:49:00

Сонгуулийн албан ёсны сурталчилаа эхлэхэд хоёрхон долоо хоног үлдээд байхад Сонгуулийн хуультай холбоотой зарим нэг асуудал тодорхойгүй, бүрхэг хэвээр байна. Ялангуяа орчин үеийн мэдээ мэдээлэл түгээх, солилцох хамгийн хүчтэй хэрэгсэл болсон мэдээллийн сайт болон цахим орчинтой холбоотой зохицуулалтыг тодорхойгүй үлдээснээс энэ хоосон орон зайг яаж ч ашиглаж болохоор байдал үүсээд байна. Сонгуулийн тухай хуулийн 68.3 дахь хэсэгт буюу 68.3.7-д цахим хуудас ашиглах хэмээн заасан. Гэтэл үүнд юуг хамааруулж ойлгох, мэдээлэлийн сайтууд багтсан эсэх, нүүр хуудас буюу facebook, жиргээ буюу twitter зэрэг олон нийтийн бусад цахим сүлжээг цахим хуудас гэж ойлгох эсэх нь тодорхойгүй байгаа юм. Тиймээс “Мэдээллийн сайтуудын ассоциаци” ТББ энэ тавдугаар сарын 13-ны өдөр СЕХ болон холбогдох төрийн байгууллагуудад албан бичиг явуулж үүнд тодорхой тайлбар, зөвлөмж өгөхийг хүссэн юм. Харамсалтай нь өнөөдрөөр 14 хоногийн хугацаа өнгөрч буй ч ямар ч хариу мэдээлэл өгсөнгүй. Тиймээс Монгол Улсад албан ёсны бүртгэлтэй өдөр тутмын мэдээ мэдээллийн сайтуудыг сонгуулийн үйл ажиллагаа, сурталчилгаанд хэрхэн оролцох талаар хуульд тодорхой зохицуулалт, зүйл заалт байхгүй, орхигдуулсан гэж ойлгогдож байна. УИХ Сонгуулийн хуулийг яаран сандран хэлэлцэж баталсантай холбоотойгоор олон ноцтой зохицуулалтыг санаатай, санамсаргүйгээр орхигдуулсан явдал шил шилээ даран гарсаар байгаа.

Хамгийн эхнийх нь Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн хугацааг мартсанаас болж энэ удаагийн УИХ, Орон нутгийн сонгуулийн систем, тойрог мандатын асуудал сонгууль болохоос хоёрхон сарын өмнө шинэчлэгдэн өөрчлөгдсөн. Үүнээс болоод сонгуульд нэр дэвшүүлэх үйл ажиллагаа урьд өмнө хэзээ ч болж байгаагүйгээр замбараагүйтэж буй. Мөн орон нутгийн сонгуульд бие даан нэр дэвших асуудлыг мөн хуульд гээснээс өнөөдөр олон хүн Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрхээ эдэлж чадахгүй болсон билээ. Гэтэл одоо бас Монгол Улсад хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа мэдээ мэдээллийн сайтуудтай холбоотой зохицуулалтыг хоёрдмол агуулгаар, тодорхойгүй, ойлгомжгүйгээр хуульчилсан нь эрх баригч намууд болон холбогдох төрийн байгууллагуудын санаатай болон эс санаатай үйлдэл битгий байгаасай. Цаашид Монголын өдөр тутмын мэдээ мэдээллийн сайтууд хуулийн дагуу сонгуулийн сурталчилгаа явуулах чин хүсэл эрмэлзлэлтэй байгаа бөгөөд нэг мөр ойлголтгүйгээс болоод хууль зөрчигдсөн тохиолдолд хариуцлагыг хэн хүлээх вэ, СЕХ-ны, Шударга өрсөлдөөн,хэрэглэгчийн төлөө газрын, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга нараа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment