Хөвсгөл аймгийн хэмжээнд өнгөрсөн оноос эхлэн “Нэг мянгат-нэг агт” хөдөлгөөн өрнөж малчид торгон хилээ манаж буй залуустаа хүлэг морьдоо бэлэглэж иржээ. Уг хөдөлгөөний хүрээнд өнгөрсөн долоо хоногт Галт, Төмөрбулаг, Шинэ-Идэр сумын малчид нийт 62 агтыг хил хамгаалах албанд хандивласан байна. Бэлгэнд ирсэн агт морьд Баянзүрх, Цагаан-Уул суманд улсын хилд үүрэг гүйцэтгэж байгаа аж. Хөвсгөл аймгийн нутагт байрладаг 0257-р анги нь өндөр уул, хад асга, шавар намаг бүхий байгалийн бартаа саад ихтэй, мориноос өөр техник хэрэгсэл ашиглах боломжгүй байгалийн саад бэрхшээл ихтэй нутаг байдаг гэнэ. Иймээс аймгийн хэмжээнд мал маллан амьдарч байгаа 400 гаруй мянгат малчин аянд нэгдэж хилчдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийг уриалж, аянд идэвхтэй нэгдэжээ.