Олон телевизүүд, олон шинэ нэвтрүүлгийг сэтгүүлчид санаачлан үзэгчиддээ хүргэж байгаа. Энэ өрсөлдөөн дотроос шалгарч шигшигдэн хүмүүсийн сэтгэлд хүрч, нэр хүнд, байр сууриа олсон нэвтрүүлэг бол “Гольф & кофе” нэвтрүүлэг. Нэгэнт олонд танигдаж нийгэмд байрь сууриа эзэлсэн энэ нэвтрүүлэг “ТВ8″ телевизийн оргил цагаар гардаг. Тус нэвтрүүлгийг 2009 онд сэтгүүлч С.Отгонмөнх хөтлөн энгийн ардаас Төрийн түшээд хүртэлх өндөрлөгт хүрсэн мэдлэг боловсрол, ажил амжилтаараа тэргүүлсэн салбар салбарын эрхмүүдийг оролцуулж хувь хүний дотоод мөн чанар, ажил, амжилт, гэр бүл болоод нийгмийн талаарх үзэл бодлыг үзэгчидтэйгээ хуваалцах зорилгоор санаачилсан байдаг.
Эдүгээ долоо хоног бүр гардаг “Гольф & кофе нэвтрүүлэг нь зургаан жилийн хугацаанд үзэгчдэд хүрэхдээ нэг ч дугаар тасалдаж байгаагүй тогтсон нэвтрүүлэг. Анх гарч эхэлснээсээ хойш 300 гаруй дугаар үзэгчдэд хүрч, мөн тооны олны танил эрхмүүдтэй хийсэн амттай сонирхолтой ярилцлага бэлтгэсэн билээ. Сэтгүүлч С.Отгонмөнхийн санаачлан хийсэн энэхүү нэвтрүүлгийг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, МСНЭ-ийн хүндэт ерөнхийлөгч Ц.Дашдондов хэвлэлийн эрх чөлөөний баярын өдрөөр Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа онцлон үнэлжээ.Монголын үе үеийн сэтгүүлчдэд хүлээн зөвшөөрөгдсөн, нэр нөлөө бүхий сэтгүүлч, МСНЭ-ийн хүндэт ерөнхийлөгч Ц.Дашдондов гуай
- Гэхдээ телевиз бүгд бүтэлгүй биш ээ. “Ам нээвэл”, “Алаг шаазгай” “Түмний үгийг төрд нь”, “Цензургүй яриа”, “Монгол коммент”, “Ярилцах цаг”, “Зочны цаг” гэхчилэн сонин сонин нэвтрүүлэг бий. Үүнийг өгүүлэхтэй зэрэгцэж ТV8-ын “Гольф & кофе” санаанд оров. Түүнийг С.Отгонмөнх гэдэг сэргэлэн сэтгүүлч бүсгүй цоглог цовоо хөтөлдөг. Сэнгээгийн Отгонмөнх гэнгүүт Сэнгээгийн Баярмөнх маань бодолд буух чинь юу вэ?!. Саявтархан уг нэвтрүүлгээр ланжгар хуульч Д.Лүндээжанцан зангараг зааж ярьсан…” гэжээ.
МУСГЗ, МСНЭ-ийн ерөнхийлөгч Дашдондов гуай Монголын телевизийн салбарт өнгө төрхөө тодорхойлж буй цөөн тооны нэвтрүүлгийн нэгээр “Golf & Coffee”-г тодорхойлж ийнхүү үнэлсэн нь тус нэвтрүүлгийн санаачлагч сэтгүүлч С.Отгонмөнхийн ур чадвар, хөдөлмөр зүтгэлтэй салшгүй холбоотой нь мэдээж. Сонины сурвалжлагч телевизэд сайн сэтгүүлч болдог гэлцдэг. Телевизийн нэр хүндтэй сэтгүүлчдийн нэг С.Отгонмөнх анх “Сэрүүлэг” сониноос ажлын гараагаа эхэлж, Б.Сэмүүн, Л.Мөнхбаясгалан, А.Алтантуяа, Ж.Жаргалсайхан нартай хамт ажиллаж, чөлөөт хэвлэлийн магнат С.Баярмөнх, нийтлэлч, сайн PR-ч гэж олноо үнэлэгдсэн Д.Болдхуягийн гараар бэлтгэгдэж “хатаагдсан” цөөн сайн сэтгүүлчдийн нэг билээ.
З.Амаржаргал