Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан Монгол ньюс мэдээллийн танхимд дөнгөж сая мэдээлэл хийлээ. "Цензургүй яриа” нэвтрүүлгийн хөтлөгч Л.Мөнхбаясгалан өнгөрсөн шөнө 00.55 цагийн үед нисэхээр төлөвлөөд байсан ч түүнийг хилээр гарахыг хоригложээ. Түүнийг онц аюултай гэмт хэрэгтэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн гэсэн зүйл ангилалаар шалгаж эхэлсэн байна. Шалгагдаж байгаа хэргийн талаар сэтгүүлч Л.Мөнхбаясгалан хэлэхдээ "АНУ-ын 10 жилийн хугацаатай виз надад байдаг. Би "Айр маркет"-аар үйлчлүүлж, өчигдөр 22 цагт Сөүлд очоод цаашид Вашингтонд буух нислэгийн визийг энэ сарын 24-нд авсан байсан. Виз авснаас хойш янз бүрийн хүмүүс над руу утасдаж байсан. Ингээд өчигдөр нисэх гэж байтал ЭЦГ-аас ахмад н.Баасанжав гэх хүн утасдаж, ирэхгүй бол албадан авчрана гэсэн. Очтол шууд надад эрүүгийн хэрэг үүсгэж, хилээр гарах эрхийг маань хаасан. Тэгээд надад Эрүүгийн хуулийн 148.4-т заасан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн гэдгээ танилцуулсан. Энэ нь залилангийн гэмт хэрэг дотроо хүндрүүлсэн заалт буюу 10-15 жилийн ялтай юм байна. Тэр нь юу байсан бэ гэхээр 2013 онд "Миат" ХХК-тэй хийсэн 40 сая төгрөгний зар сурталчилгааны гэрээ байсан. Түүнийг маань гаргаж ирээд бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг гэж хэлсэн. Өнөөдөр миний үнэн үгээ хэлэх сүүлчийн боломж байж магадгүй гэж бодож байна” хэмээн хэллээ. Түүнийг сүүлийн зургаан сарын хугацаанд утсыг тагнаж чагнаж, араас дагадаг болсон хэмээн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн юм.
Мөн оффшорын талаар ярьсан, хэлсэн хүмүүсийг шалгах гэж байгаа бол Монгол Улсын Ерөнхийлөгчийг, УИХ-ын даргыг шалгах хэрэгтэй гэдгийг мөн санууллаа.
Түүнчлэн энэ үеэр С1 телевизэд нэвтрүүлгээ сарын 15 сая төгрөгөөр зарж амьдарч байгаа хүний хувьд 26 сая төгрөгөөр АНУ яваад ирэх асуудалгүй, өөрөө зохицуулаад яваад ирж чадна. Би хэний ч захиалгаар бичдэггүй” гэв. Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан Панамын баримтуудын талаар хоёр ангит нэвтрүүлэг хийх байсан бөгөөд эхний нэвтрүүлэгээ гаргаад хоёр дахь ангиа АНУ-ын Вашингтонд байрлалтай ОУ-ын сэтгүүлчдийн нийгэмлэгтэй хамтарч ажиллах мөн тэндээс баримт материал авчрахаар явах гэж байхад нь ийнхүү саатуулсан байна. Үүнээс харахад наанаа 40 сая төгрөгөөр гэрээ хийсэн тухай яригдаж, байцаах тухай ярьж байгаа ч цаанаа алдарт оффшор данстай холбоотой эрхэмүүд саад хийж байгаа хэмээн таамаглаж байгаагаа хэллээ.
Жирийн ажлаа хийж явсан сэтгүүлчийг хэвлэн нийтлэх эрхийг боогдуулж байхаар энэ талаар мэдэгдэл хийсэн МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарыг ч мөн шалгаж байж үнэмшилтэй харагдана. Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өнөөдрийг хүртэл 21 жил энэ салбарт ажиллахдаа төрсөн дүүгээ миний дүү гэж олон түмэнд хэлж чадахгүй нууж, айж амьдарсан тухайгаа хэлж байна. Үүний цаанаа дандаа мөнгөтэй эрх мэдэлтэй нэгэн өөрийнхөө хууль бус үйлдэлийг нууж байдаг нь тодорхой. Мөн тэрбээр хэвлэлийн хурлын сүүлд энэ хэвлэлийн хурал "Миний үнэн үгээ хэлэх сүүлчийн боломж байж магадгүй" хэмээн хэллээ. Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг доорх бичлэгнээс үзэх боломжтой.