Авлигатай тэмцэх газраас Рэнцэндорж овогтой Ононг Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж нийтийн алба хаших үедээ хууль ёсны орлогоос гадна онц их хэмжээний эд хөрөнгө, орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн хорьж шалгаж байгаа. Р.Ононг Эрүүгийн хуулийн 2701 дүгээр зүйлийн 2701.2-т зааснаар яллагдагчаар татжээ.
Энэхүү хуулийн заалт нь нийтийн албан тушаалтан хууль ёсны орлогоосоо гадна онц их хэмжээгээр эд хөрөнгө, орлого олсон нь тогтоогдсон бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг юм байна.
Р.Ононгийн гэр бүл Хан-Уул дүүрэгт “Ривер гарден” хотхонд амьдардаг бөгөөд байрных нь зах зээлийн үнэлгээ 800 сая төгрөг. Мөн үүнээс гадна Баянзүрх дүүргийн нутаг дахь “Кристалл таун” хотхонд аавынхаа нэр дээр авсан гурван өрөө байр, өнгөрсөн онд “Таван богд” компаниас 150 сая төгрөгөөр худалдан авсан “Ланд круйзер-200” автомашиныхаа хөрөнгийн эх үүсвэрийг тайлбарлаж чадахгүй байгаа аж. Энэ хэмжээний мөнгийг хаанаас завшсан талаар мэдээлэл хүргэж гэж байна.
Р.Онон нь Халзан бүргэдтэй-Солонготын даваа чиглэлийн зам барих хөрөнгөөс үүсгэн байгуулсан нууц компаниараа дамжуулан 200 сая төгрөг шилжүүлэн авсан нь илэрсэн байна. 2009-2010 онд төсвийн 7.1 тэрбүм төгрөгийн өртгөөр Халзан бүргэдтэй-Солонготын даваа чиглэлийн замыг барьж эхэлсэн байдаг. Уг замын ажилд зөвлөх, хяналт тавих чиг үүрэгтэй “Геозураглал” ХХК-д 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор ЗТЯ-наас шийдвэрлэсэн талаар мэдээлэл байдаг.
Тухайн үед хяналтын туслан гүйцэтгэгч нэрээр тус компаниас “Эн Би Си Си” ХХК-ийнхаа данс руу 2015 оны хоёр болон аравдугаар сард 2 удаа 200 сая төгрөг шилжүүлээд авчихсан талаар мэдээлэл байна. Мөн үүнээс гадна Халзан бүргэдтэй-Солонготын даваа чиглэлийн замыг тавьж эхлэх эхэн үеэс л мөнгө төгрөг идсэн уусан тухай мэдээлэл тасраагүй. Мөнгө хувьдаа завшсан хэргээр Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат, Шинэчлэлийн Засгийн газрын Эдийн засгийн хөгжлийн яамны удирдах албан тушаалтнуудыг сэжигтнээр татан шалгаж байсан удаатай. Тодруулбал, Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банкны удирдлагууд Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын гүйцэтгэл нь 38 хувьтай байхад уг газарт шинээр зам тавихаар Засгийн газарт зөрүүтэй мэдээлэл өгч, Засгийн газрын тогтоол гаргуулж, ингэхдээ нэмээд нийт 46.3 тэрбум төгрөгийг “Монроуд” компанид шууд шилжүүлж өгсөн. Мөн Замын-Үүд хилийн боомтын ачааны шалган нэвтрүүлэх цогцолборт 8.7 км хатуу хучилттай замын ажлыг гүйцэтгэхээр ТЭЗҮ хийхэд 20 тэрбум төгрөгөөр гүйцэтгэх боломжтой гэж байхад Халзанбүргэдэй-Солонготын чиглэлийн замын хөрөнгийг баталсан яг тэр өдрийнхөө Засгийн газрын хуралдаанаар давхар оруулж ирээд 33 тэрбумаар хөрөнгийг батлуулж Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид санхүүжилт шийдэж өгсөн талаар дуулиан нэлээд дэгдэж байсан. Эдгээр эрхэмүүд өнөөдрийг хүртэл зохих шийтгэлээ аваагүй байгаа. Тэгвэл зам барих мөнгө болон хяналт тавих нэрээр дээрх эрхэмүүд мөнгө идсэн байна. Р.Ононг шалгах болсон ганц шалтгаан нь ХОМ-ээ цалингаа өөр орлогогүй хэмээн мэдүүлсэн нь анхаарлыг татаж шалгах үндэслэл болсон байна. Тэбрээр завшсан мөнгөөрөө Кристалл таун” хотхонд аавынхаа нэр дээр авсан гурван өрөө байр авсан АТГ-ын овоо хараанаас мултарч чадсангүй. Р.Ононгоос гадна мөнгө идсэн уусан тухай яригдаж байсан нөхдүүдийг мөн шалгах хэрэгтэй.