Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах 47 дугаар цэцэрлэгийн шинэ байрны нээлт өнөөдөр боллоо. Нээлтэнд НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат, Засаг дарга Д.Оросоо, 20 дугаар хорооноос сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч Н.Нинжбадгар нар болон тус цэцэрлэгийн багш, хүүхдүүд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.
Тус цэцэрлэг нь 1964 онд 4 бүлэг, 100 хүүхдийн хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Тасралтгүй 49 жил үйл ажиллагаа явуулахдаа 52 мянган хүүхдийг сургаж хүмүүжүүлсэн байна.
640 кв/м талбайтай, 240 хүүхдийн хүчин чадалтай тус цэцэрлэгийн барилгын ажлыг “Баярс констракшин” ХХК гүйцэтгэсэн бөгөөд өнөөдөр түлхүүрийг нь гардуулж өгсөн юм.
Дашрамд дуулгахад Баянгол дүүрэг 2012-2016 онд 7 шинэ цэцэрлэг, 4 цэцэрлэгийн өргөтгөл барьж, 24 цэцэрлэгт их засвар хийж цэцэрлэгийн орны тоог 1570-аар, цэцэрлэгийн хүүхдийг 4608-аар нэмэгдүүлсэн байна.